Зам тээврийн сайд А.Гансүхийн гомдлоор инженер Ц.Батыг 100 хоног хорьсон. Ц.Батыг ийнхүү хорьсон нь сүүлийн хэдэн өдрүүдийн өндрөө авсан сэдвүүдийн нэг болоод буй.

Харин дайны хажуугаар дажин гэгчээр нийтлэлч Баабар өчигдөр А.Гансүхтэй холбоотой ноцтой мэдээллүүдийг  олон нийтийн сүлжээгээр дамжуулан задалж орхив.

 

Тэрбээр “Японы хөрөнгө оруулагчийн хөрөнгийг дээрэмдэх ажиллагаа зохиож байсан л новш шүү дээ”, “Улс орны эдийн засаг унагаад хаясан тэр чацгыг юу ч гэсэн яадгийн”, “Төмөр замын асуудал ярих гэхээр геополитикийн нууц дэлгэчих гээд байна гэж наадаг дурак даа”, “Иймэрхүү шаарууд шүүхдэхээсээ өмнө ялтан хөлсөлж хутга бариулаад орцны өмнө отуулдаг юм даа. Ядахнаа тэр Бат нь тэгтлээ хүнийг доромжилж бичээгүй юм билээ. Харин би хэлье. Гансүх бол хүний адаг. Өнөөдөр Батыг,маргааш намайг,нөгөөдөр чамайг”, “Одоо жапан таунаас луйвардаж авсан хэд хэдэн байртай. Гүтгэсэн гээд намайг шоронд хийг л дээ”, Жапан тауны хөрөнгө оруулагч өвгөнийг буудалд байхад нь өрөөнөөс нь хар тамхи оллоо гэж цагдаагаар бариулдаг нь наад шаар чинь”, “Хөрөнгийг нь булааж авах гээд байрыг зарахад туслах компани байгуулчихаад эзнийг нь шоронд хийж хөөж гаргах гэж санаархжээ” гэх мэтээр твиттер хуудсаараа дамжуулан ширүүхэн жиргээд авна билээ.

 

Ийнхүү А.Гансүх нийтлэлч Баабар нарын дунд ширүүхэн тулаан эхэлсэн нь дамжиггүй. Ц.Батыг 1 жил 6 сарын турш олон нийтийн сүлжээгээр гүтгэн доромжилсон тул аргаа барахдаа хуулийн байгууллагад хандсан хэмээн А.Гансүх сайд өчигдөр “Монгол” телевизээр ярьж байв.

 

Магадгүй А.Гансүх сайд нэр төрд халдсан гэдэг үндэслэлээр нийтлэлч Баабарыг шүүхэд өгч болох юм. Гэхдээ А.Гансүх сайд өнөөдрийн байдлаар хариу мэдэгдэл хийсэнгүй.

 

Түүнчлэн Баабарын гэмт хэргийн шинжтэй ширүүхэн жиргээг АТГ, ЦЕГ-ынхан өчигдөрөөс эхлэн ихэд анхааран судлах болсон гэж эх сурвалж мэдээллээ. Өөрөөр хэлбэл Засгийн газрын нэг гишүүнийг гэмт хэрэгтэн, авилгач байсан мэтээр мэдээлж эхлэх үед хууль хяналтын байгууллагынхан нүдэн балай, чихэн дүлий суухгүй нь мэдээж. Үнэхээр энэ батлагдвал тэд шалгаж эхлэх нь зүйн хэрэг.

 

Ямартай ч Зам тээврийн сайд А.Гансүх нийтлэлч Баабар нарын асуудал хуулийн байгууллага болоод олон нийтийн анхаарлыг татаж эхлэв. Эцэст нь өрнөл болоод төгсгөл нь хэрхэхийг харах л үлдлээ.

Б.Сийлэн