ТЕГ-ын дарга Б.Ариунсангийн Солонгосын казинод тоглож буй гэх зураг ойрын үед цахим хуудсаар тархав. Ингэснээр ТЕГ-ын дарга казинод юу хийж сууна вэ гэх асуулт хөвөрч, тайлбар, таамаглал хүчтэй өрнөсөн. Түүнийг хаана ч ажлаа хийнэ гэж мэдэгдсэн гэх мэдээлэл гарснаар казиногийн томоохон хэрэг илрүүлэхээр явсан гэлцэв. 

Гэсэн ч саарал ордон хавиар өөр бор шувуу нисч, ТЕГ-ын даргыг АТГ нь тагнасан гэх шум дэгдээтэхэв. Хэд хоногийн өмнө Засгийн газрын тэргүүн хорих ангид зөвлөхөө эргэсэн бичлэгийг АТГ-аас олон нийтэд цацсаны дараа Төрийн тусгай хамгаалалттай газраас мэдээлэл хийж, улсын нууц задруулсан хэргээр АТГ-ыг ТЕГ-аар шалгуулна хэмээн мэдэгдсэн. Төрийн тусгай хамгаалалттай газрынхны үзэж буйгаар АТГ-ын алба хаагчдын дээрх үйлдэл нь Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийг зөрчсөн байна. Тус хуулийн 1.12-т зааснаар “Төрийн тусгай хамгаалалтад байх албан тушаалтан, иргэн болон хурал чуулган, арга хэмжээ, тээврийн хэрэгсэл, бусад зүйлийн байнгын болон цаг үеийн хамгаалалтыг зохион байгуулахтай холбоотой мэдээ, баримт бичиг нь төрийн нууцад хамаарна” гэж заасан байдаг. Гэтэл АТГ-ын алба хаагчид албан үүргийн дагуу мэдсэн мэдээллээ ашиглан хамгаалуулагчийг төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд очих үед төрийн нууцад хамааруулсан Монгол Улсын Ерөнхий сайдын хамгаалалтыг зохион байгуулж байгаа хамгаалалтын бүсэд нууцаар болон илээр бичлэг хийж, уг бичлэгээ нийтэд мэдээлсэн нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87 дугаар зүйлд заасан төрийн нууц задруулах гэмт хэргийн шинжтэй байгаа тул Төрийн тусгай хамгаалалттай газрын зүгээс Тагнуулын ерөнхий газарт хандах болно” гэж байв. 

Тэгэхээр ТЕГ-аас АТГ-ыг шалгах ёстой болчихоод байсан. Гэтэл өнөөх шалгах ёстой газрын дарга нь казино тоглож, шалгуулах ёстой АТГ нь тагнуулын даргаа тагнасан уу гэдэг асуулт гарна. Магадгүй ийм зүйл болсон бол АТГ тагнуулын байгууллагаас мундаг ажилладаг байх нь. Мэдээж ТЕГ-ын даргыг хаана юу хийж явааг тагнаж, казино тоглож байгааг нь илрүүлсэн бол АТГ-ынханд “Браво” гэж хэлье. Гэхдээ сүүлийн үед Монголын томоохон албан тушаалтнууд Солонгосын казиногоор явдаг болсон тухай мэдээллүүд хаа нэг гардаг. Тэгэхээр манай томчууд казиногоор эргэлдэж, мөнгө гадагш урсаж байсан нарийн хэргийг илрүүлэхээр тагнуулын дарга маань нүдээ улайтал хичээж байхад нь АТГ-ынхан зургийг нь аваад цахим хуудсаар цацчихсан бол тоогүй хэрэг болох нь ойлгомжтой. 

Гэвч Б.Ариунсан дарга яг тагнуулч мөн үү гэх асуулт өдгөө ч хөвөрсөөр байна. АН сонгуульд ялсны дараа Н.Алтанхуяг Б.Ариунсанг Татварын ерөнхий газрын дэд дарга болгосон боловч зарим иргэн Үндсэн хуулийн Цэцэд хандаж Н.Алтанхуяг ч хууль зөрчсөн томилгоо хийснээ хүлээн зөвшөөрсөн. Гэвч Говь-Алтайд хоёр удаа нэр дэвших ялагдсан "гавьяа"-тай Б.Ариунсангаар Монголын тагнуулын байгууллагыг удирдуулахаар шийдсэн нь олны нүдийг орой дээр нь гаргасан. Говь-Алтайн сонгогчдод үнэлэгдэж чадаагүй түүнийг тагнуулд ирснээр Монголын тагнуулын байгууллагын нэр хүнд шалдаа буух эхлэл тавигдсан гэж болно.  Учир нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан АН-ын дарга Н.Алтанхуяг руу хэдэн хатуу үг шидсэн биш араас нь машинтай дагасан хэмээн тагнуулынхны талаар мэдээлж байв. Түүгээр ч үл барам “Твиттер” хуудсаар Н.Алтанхуягийн нэр хүндэд халдсан хэн нэгнийг шалгах болсон. Тэгвэл хамгийн сүүлд л гэхэд төрийн нууц задруулсан хэргээр АТГ-ыг шалгана гэж байв. Энэ мэтээр Б.Ариунсанг томилогдсоноос хойш тагнуулынхан жижиг сажиг асуудалтай холбогдож хөгөө чирч эхэлсэн. Ер нь энэ байгууллагын нэр хүнд шавартай хутгалдаж дуусаад байгааг үгүйсгэхгүй. 

Уг нь Тагнуулын ерөнхий газар гэдэг байгууллагын үндсэн чиг үүрэгт “Монгол Улсын үндэсний  аюулгүй байдалд аюул занал учруулж болзошгүй гадаад, дотоод хүчин зүйлийг тагнуулын аргаар илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх замаар Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалах таатай нөхцөлийг бүрдүүлэх явдал мөн” гэж заасан байдаг. Гэтэл үндэсний язгуур ашгийг хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх ёстой хүн казиногийн ширээнд бооцоо тавьж суух нь хэр зохимжтой бол. Ямартай ч АТГ түүнийг тагнасан ч бай, мань хүн ажлаа хийж явсан ч бай энэ асуудалд тайлбар өгч, төрийн алба, тэр тусмаа “тагнуул” гэх байгууллагын даргын хувиар асуудлыг шийдвэрлэх ёстойг дуулгах юун. 
 

Т.ДЭЛГЭРЦЭЦЭГ