МҮДН-ынхан хурлаа хийж Засгаа аврах уу? самрах уу? гэдгээ шийдэхээр болжээ
2014/09/01
АН дахь нэлээд эртний гол фракц бол МҮДН. Монголын үндэсний дэвшилтэд нам хэмээх улстөрийн хүчнийг байгуулж улстөрд орон зайгаа эзэлж явсан энэхүү бүлэглэлийн гол лидер нь УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Д.Эрдэнэбат, Д.Бат-Эрдэнэ, Ц.Баярсайхан, Н.Батбаяр нар билээ.
Гэвч тэд 2012 оны сонгуулиас хойш дотроо хагарч, намдаа нөлөөгөө алдах болсон. Үүний гол эхлэлийг тавьсан хүн бол одоогийн Эдийн засгийн сайд Н.Батбаяр гэдэг.
УИХ-ын ээлжит сонгууль болохоос өмнө “МҮДН”-ынхан “МоАХ” фракцтай “нам ялсан тохиолдолд ээлжит Засгийн газрыг “Алтангадас”-ын оролцоогүй байгуулья” гэсэн тохироонд хүрээд байсан юм. Харин сонгууль болж АН Засгийн эрхэнд гарахад “Алтангадас” шинэ тутамд хүчээ авч байсан З.Энхболдын “Ардчилсан хүчний холбоо”-той тохирч “МоАХ”-ны тэргүүн Х.Баттулгатай хэл амаа ололцсоноор Засгийн газраа байгуулах мандатаа олоод авчихсан. Үүнд нь “МҮДН”-ын зарим лидерүүд ихэд эгдүүцсэн бол нэг хэсэг нь тохироо хийж сайдын суудал салгаснаар нам жим болчихсон. Үүнээс хойш тэд хоорондоо хагарах болсон гэдэг.
“УИХ-ын дарга болмоор байна” гэсэн саналаа ил цагаан илэрхийлж явсан Р.Амаржаргалыг буланд шахах ажлыг Н.Батбаяр “Алтангадас”-ынхантай хавсайдан гүйцэлдүүлсэн бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ц.Батбаярыг “МҮДН”-ий шинэ тэргүүн болгох замыг нь зассан гэдгийг зарим эх сурвалжууд мэдээллэдэг. УИХ-дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат МҮДН гэхээсээ илүү намын даргынхаа фракцыг дагадаг болсон. Харин Ц.Баярсайхан, Н.Батбаяр, Д.Бат-Эрдэнэ нар сайд болсноор эрх мэдэлдээ ханаж энэхүү фракц унтаа байдалд орчихсон билээ. 2012 оны сонгуулийн дараа “Алтангадас” “Ардчилсан хүчний холбоо” “Шонхор” зэрэг фракциуд хүмүүсээ хамгийн ихээр албан тушаалд томилж, хүрээгээ бэхжүүлж чадсан бол “МҮДН” хамгийн бага томилгоонд оролцсон гэж тус фракцын дунд түвшнийхэн гомдонгуй ярьдаг. Тийм учраас фракцынхаа томчуудад гомдох, шүүмжлэх өнгө аяс өнөөдрийг хүртэл маш хүчтэй өрнөсөөр ирсэн юм.
Тэгвэл удтал зөрчилдсөн “МҮДН”-ынхан бусад фракцуудын жишгээр хээр гарч хурлаа хийхээр болжээ. Энэхүү хурлаа тэд “Улстөрийн цугларалт” гэж маш тодорхой нэрлэсэн байна. Тэд энэ сарын 08-ний өдөр онон голын хөвөөнөө цугларч улстөрийн өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, цаашдын улстөрийн бодлогоо тодорхойлохоор болоод байна.
Эх сурвалжын мэдээллэж байгаагаар энэ удаагийн цугларалт нэлээд халуухан болох төлөвтэй байна. Учир нь тус фракцын гол эрхмүүд хоорондоо бодлого, түнжин таарахаа болиод удаж байгаа. Гэхдээ яадаг ч бай асуудлаа хэлэлцэж олонхиороо шийдэж нэг талыгаа дагана гэсэн хатуу тохироонд хүрээд байгаа гэх. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Засгийн газрыг нэн даруй огцруулах ёстой” хэмээн байр сууриа тодорхой илэрхийлж байгаа бол Эдийн засгийн сайд Н.Батбаяр тэргүүтэй нөлөө бүхий хүмүүс “Засгийн газрыг цаашид тогтвортой үргэлжлүүлэн ажиллуулах ёстой” гэсэн байр суурьтай байгаа. Харин тэдний дунд асуудлын өрнөлийг харж байгаад байр сууриа илэрхийлье гэсэн аядуу талыг баримтлагчид ч цөөнгүй байгаа ажээ. Тиймээс тэдний гол ярилцах сэдэв нь “Засгаа аврах уу? самрах уу?” гэдэг дээр төвлөрөх бололтой. Мөн хагаралдаад байгаа лидерүүд ойлголцолд хүрч цаашид улстөрийн үйл ажиллагаагаа хэрхэн идэвхжүүлэхээ ярилцана гэдгийг эх сурвалж мэдээллэж байна.
Ийнхүү АН-ынхан бүлэг фракцаараа тус тусдаа хөдөө хээр гарч хуралдаад байгаа уламжлалт жишгийг МҮДН-ынхан дагаж онон голыг зорихоор болоод байна.
Зочин · 2014/09/02
uu neeree martsan bna my phone 96798999
baatar · 2014/09/02
uhaanaa ol l doo ta nar mongoliin tuluu gej yarisan biz dee odoo haruul l daa gol asuudal ni tolgoid thini bnaaaaa uhaan heregtei bol nadaas asuu
Зочин · 2014/09/02
Алтангудас л зайлж байвал МҮДН-үүдийн зөв.Дааанч тэдэнд хүч маас байхгүйл дээ чааваас.