Ц.Элбэгдоржтой АН-аас хэн өрсөлдөх вэМонгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болоход нэр сар гаруйн хугацаа үлдлээ. УИХ-д суудалтай намууд энэ сарын 10-ны дотор нэр дэвшигчээ тодруулж, зарлах ёстой. Тиймээс МАН өнгөрсөн амралтын өдрүүдэд Бага хурлаа хуралдуулж Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодрууллаа. Өөрөөр хэлбэл улс төрийн ууган хүчин анхан шатны нэгжээсээ эхлээд Бага хурал хүртлээ шат дараалсан саналаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр болсноо зарлав. УИХ-ын гишүүн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Даяар дурсагдах Далай Даян Дархан аварга, Хуульзүйн ухааны доктор, Цагдаагийн хурандаа Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг Ерөнхийлөгчид нэр дэвших болсныг олон нийт өөр өөрийн өнцгөөс хүлээн авч байна. Зарим нь бөх хүнээр тэргүүнээ болгох гэлээ хэмээн дургүйцэж байвч ихэнх нь түүнийг нэр цэвэр, эх оронч, газар шорооныхоо төлөө хувиралтгүй тэмцэгч хэмээн баяртайгаар хүлээн авч байна.


МАН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ зарлачихлаа. Тэгвэл эрх баригч хүчин хэнийг нэр дэвшүүлэх вэ. Олон нийтийн дунд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэр дэвших нь тодорхой хэмээх яриа байгаа. Энэ ч яах вэ. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хэлдгээр өмнөх эрх баригч хүчний тогтоосон жишиг байх. Учир нь Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди нар тус тус дараалан нэр дэвшиж тасралтгүй найман жил Ерөнхийлөгч хийж байсан. Тэгвэл Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр мөн л хоёр удаа нэр дэвшиж байсан юм. Гэхдээ тэрбээр өмнөх хоёр Ерөнхийлөгч шигээ үргэлжлүүлэн суудалдаа үлдэж чадаагүй. Түүнийг 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-аас нэр дэвшсэн Ц.Элбэгдорж өвдөг шороодуулснаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дөрвөн жил ажиллаж байгаа нь энэ.

Сунайсан дөрвөн жилийг ардаа орхисон Ц.Элбэгдорж энэ өдрүүдэд нэгийг бодож, нөгөөг тунгааж буй биз ээ. Тэрбээр УИХ-ын 2012 оны сонгууль болохоос хоёр хоногийн өмнө буюу өнгөрсөн жилийн зургадугаар сарын 26-нд Монголын үндэсний олон нийтийн телевизээр УИХ-ын гишүүдэд хандаж “Хавар, хаварт махны үнэ нэмэгддэгийг мэддэг хэрнээ зохицуулж чадаагүй. Шатахуунаа гурван сараар нөөцөлж аваагүй, Замын үүдийн хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулаагүй, төмөр замын асуудал шийдвэрлээгүй. Энэ бүгд үнийн өсөлтөд нөлөөлж, үүнээс үүдэн ард түмний амьдрал доройтоход хүрлээ. УИХ, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид дөрвөн жил идэвх багатай сууж байгаад сүүлийн дөрвөн сард нь бөөн бөөн асуудал шийдэх гэж гүйлддэг. Ингээд сонгуулийн үеэр их сайн асуудлыг шийддэг улсууд болох гэж оролддог дутагдалтай. Энэ дутагдлыг арилгахын тулд “Та бүхэн хийх ёстой ажлаа дөрвөн жилдээ хий. Гишүүн болж ирсэн эхний өдрөөсөө л ажлаа хийж эхэл. Сонгуулийн үеэр та бүхэн ард түмэнд юу амлаад явж байсан видео, TV бичлэгүүдээ үз. Цаасан тэмдэглэл, мөрийн хөтөлбөрөө эргэж нэг унш. Аудио бичлэгээ эргэж нэг сонс. Ер нь сард юмуу долоо хоногт нэг удаа “Би чинь тэр үед юу ярьж явлаа” гэдгээ эргээд нэг харж байх нь маш их чухал. Тэндээс таны хийх гэж байгаа ажил, тэндээс ард түмний хүсэж мөрөөдөж байгаа зүйл гарч ирнэ” гэж хэлж байсан билээ. Тэгвэл яг одоо энэ үгс түүний толгойд орж буй биз ээ.
Үргэлжлэлийг  энд  дарж  уншин уу?

Н.БУДСҮРЭН