Цэцгэн дунд тоглох уу, цементэн дээр тоглох уу гэх асуудал нийслэлийн хүүхдүүдийн дунд үүсээд байна. Бас юугаар тоглож чөлөөт цагаа өнгөрөөх вэ гэсэн асуудал ч байна.

Төрийн томчуудын тоглох нас аль хэдийнэ өнгөрсөн болохоор тэд тоглоомын талбайн тухай ярихгүй нь тодорхой шүү дээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлээд гэрийн хорионд орсон хэн боловч зуны дэлгэр цагаар гадаалахыг хүсэх нь мэдээж. Гэтэл хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцөл боломж дутмаг байна. Олон жил хэл ам дагуулж шинэчлэл хийсэн Хүүхэд залуусын соёл амралтын хүрээлэн буюу бидний хэлж сурснаар “Хүүхдийн парк”-ыг хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх газар гэж хэлэхээсээ илүүтэйгээр ашиг орлого, бизнесийн газар гэж хэлвэл зохилтой мэт. Учир нь 5-6 тоглоомоор тоглох багц тасалбарын үнэ 20 мянган төгрөг. Мэдээж сургуулийн өмнөх болон сургуулийн бага ангийн хүүхдээ ганцааранг нь явуулна гэж үгүй. Тэд эцэг эхтэйгээ нь хамт явна. Хүүхдээ тоглуулахаар хамт яваа хэн боловч 15- 25 мянган төгрөгийн бас л тасалбар авах жишээтэй. Нэг гэр бүлийхэн ганцхан хүүхэд тоглуулахын тулд 35 мянган төгрөг зарлагадна гэсэн үг. Өнөөдөр бидний дунд нэг хүүхдээ 35 мянгаар тоглуулчих амьдралтай эцэг, эх хэд байгаа билээ. Парк хэдхэн хоногийн өмнө үнийн бодлогодоо өөрчлөлт оруулж хашаагаар орохын тулд 20 мянган төгрөг төлдөг дэлхийн жишгийг дагах болсон гэнэ. Өмнө нь үнэтэй тоглоомон дээр тоглох бол тусгай тасалбараа авдаг, харин тоглохгүй ч гэсэн хашаагаар нь зугаалж, цэвэр орчинд хүүхдээ роликоор гулгуулах, дугуй унуулахын тулд орох тасалбарыг 1500-2000 төгрөгөөр авдаг байв. Одоо тоглох тоглохгүй нь хамаагүй 20 мянгаар тасалбар авч хашаагаар нэвтрэх хэрэгтэй болох нь. Үүнийгээ дэлхийн жишиг гэж байгаа юм билээ. Өөр ямар асуудал дээр манайх дэлхийн жишгийг баримталдаг байлаа. Очиж очиж хүүхдийн тоглоомын үэн дээр жишиг яриад яахав дээ. Монголын төр хүүхэддээ ингэж л хандаж байна. Энэ жил нийслэлийн хүүхдүүдэд тоглох газар олдохгүй зуныг өнгөрөөх бололтой. Өнгөрсөн амралтын өдрүүдэд хүүхдээ тоглуулах тоглоомын талбайн эрэлд гарлаа. Бидний хэлж сурснаар Хархорин худалдааны төвийн захын эсрэг талд хоёр хэсэг газар эцэг, эхчүүд хүүхдээ тоглуулж байна. Тэнд морь, галт тэрэг, машин, усан завь, буудлага зэрэг зургаан тоглоом байх юм. Нэг удаа хүүхэд тоглуулахад гурван минут нь 1500 төгрөг гэнэ. Гэхдээ тэдгээр тоглоомууд зөвхөн цэцэрлэгийн насны хүүхдүүдэд л зориулагдсан юм байна. Амралтын өдөр болохоор хүүхдүүд ч их тоглож байлаа. Талбай түрээслэгч нь талбайн болон цахилгааны хэрэглээний мөнгө дүүрэгт төлдөг гэнэ.

Ингээд талбай түрээслэгч Ц. Оюунтай тоглоомуудын талаар товч ярилцлаа.

-Та энэ тоглоомуудыг хувиараа оруулж ирсэн үү?
-Амралтын өдрүүдээрээ хүүхдээ тоглуулах тоглоомын газар байхгүйг анзаарсан. Ялангуяа бага насны хүүхдийн тоглоомын талбай, тоглох тоглоом энэ хавьд байхгүй. Тиймээс өөрийнхөө нөхцөл бололцоог ашиглаад хэдэн тоглоом оруулж ирсэн.

-Хүүхдүүд хэр их тоглож байна вэ?
-Маш их тоглодог. Ялангуяа бага насны хүүхдүүдийг ээж аав нь авчирч тоглуулах дуртай байдаг. Манай тоглоомууд бага насны хүүхдүүдэд зориулагдсан. Дөрөвдүгээр ангиас дээшхи насны хүүхдийг даахгүй. Өдөрт дунджаар 100 гаруй хүүхэд тоглож байна.

-Хүүхдийн тоглох хугацаа нь арай бага юм шиг санагдлаа?
-Нэг хүүхэд 1500 төгрөг төлөөд гурван минут тоглох боломжтой. Хугацаа нь бага байхаас өөр аргагүй. Нэг талаараа олон хүүхэд тоглож байна. Нөгөөтэйгүүр үнэ нь тийм ч өндөр биш шүү дээ.

-Та хэр өндөр үнээр энэ тоглоомуудыг оруулж ирсэн бэ?
-Морьтой тоглоом нь 12 сая, галт тэрэг нь зургаан сая гэх мэт тус тусын үнэтэй. Тэгээд тээвэрлэх зардал энэ тэр гээд нийтдээ 30 гаруй сая төгрөг болсон. Гэхдээ манайх чинь улирлын чанартай тоглуулна шүү дээ. Арваннэгдүгээр сар хүртэл ажиллаад л зогсоодог.

-Өөр газар танайх ийм салбартай юу?
-Одоогоор байхгүй. Гэхдээ салбар цэгүүд нээх бодолтой байгаа. Зөвхөн нийслэлд ч биш хөдөө орон нутаг, аймгуудад хүүхдүүд тоглох тоглоом байхгүй байна шүү дээ. Тухайлбал Өвөрхангай аймгаас нэг хүн ирээд манай нэг хуучин галт тэргийг авч явсан. Энэ бол мөнгө олох арга биш шүү дээ. Хүүхдүүдийн чөлөөт цагийг л зөв өнгөрүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж байгаа.

-Гэр хорооллын хүүхдүүд ирж тоглодог уу?
-Бараг үгүй. Ойр орчны байранд амьдардаг хүүхдүүд л ирж тоглоно. Гэх хорооллынхон хүүхдийн баяраар л ирж тоглодог. Тоглох зав ч гардаггүй байх, бас амьдралын төвшин ч тааруу шүү дээ. Тоглоомын талбайгүй нийслэлчүүд бидний дунд амьдралд арай ойр үнэ өртөгтэй байгаа цорын ганц тоглоомын талбай нь магадгүй энэ ч байж болох юм. Амралтын өдөр болохоор цэцэрлэгийн насны охид, хөвгүүд ээлжээ хүлээн дугаарлан зогсох нь өрөвдөлтэй ч юм шиг. Тэд ээлжээ ирэнгүүт л галт тэргэндээ суун аав, ээжийгээ гараараа даллан инээгээд л давхина. Харамсалтай нь гурван минут гэдэг маш богино хугацаа болохоор дорхноо л зогсоол дээрээ ирчихнэ. Зарим нь дахиж тоглоно хэмээн уйлж, газар унана. Нөгөө хэсэг нь ундаа, чихрэнд хууртаад ээждээ хөтлүүлэн явж одно. Бид бага насныхаа хүүхдэд нэг иймэрхүү л анхаарал тавьж буй нь харамсалтай. Үнэн чанартаа нийслэлд төрж, өсч буй хүүхдүүд зүлгэн дундуур эрвээхэйтэй хөөцөлдөн гүйж зун цагийн өнгөрөөхгүй шүү дээ. Тиймээс тэдэнд зориулсан эрүүл ахуйн болон аюулгүйн шаардлага хангасан тоглох хугацаа нь арай урт тоглоомын талбайтай болохсон. Ямартаа ч өнөө цагийн хүүхдүүд тоглоомын талбайд тоглох эрхгүй өсч байгаа нь хамрамсалтай. 2011 онд 40 гаруй хүүхдийн тоглоомын талбай баригдана хэмээн албаны хүн хэлж байсныг гэнэт саналаа. Үнэхээр тэр 40 тоглоомын талбай яагаад сураггүй болчихсон юм бол. Тухайн үед хүүхдийн тоглоомын аюулгүй байдлыг хангах зорилгоор Олон Улсын Стандартчиллын Байгууллагын ISO 8124 “Тоглоомын аюулгүй байдал” багц стандартуудыг Монгол Улсын стандартаар баталсан. Тэр багц стандартууд нь дөрвөн хэсгээс бүрдэж байсан санагдах юм. Мэдээж хүүхдийн тоглоомонд аюулгүй байдал хангасан стандарт байлгүй яахав. Гэтэл бага насны хүүхэд нь тоглох нэг ч тоглоомгүй орон ийм стандартаар яах гэж байгаа юм бол бүү мэд. Яахав Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэнд байгаа хэдэн тоглоомууд нь дээрх стандартыг хангасан байх. Хатуухан хэлэх юм бол паркын үнийн бодлого хүүхдүүдийг багаас нь нийгмийн давхаргаар нь ялгаварлаж, дээдсийн хүүхдүүд паркт тоглодог, арай дундчууд, доодсын хүүхдүүд хашааныхаа мухарт хог түүж тоглодгийг “хүүхдийн төлөө” гэх нэрийн дор мөнгө хүүлэгчид анхааралдаа авах цаг нь болжээ.

ГЭР ХОРООЛЛЫН ХҮҮХДҮҮД УНДААНЫ САВААР ТОГЛОДОГ
“Манай хүү нэлээд түрүүнд л усанд явсан. Худаг нь нүүчихээгүй бол ирэх цаг нь аль хэдийнэ болчихсон баймаар” хэмээн ярьж хашааныхаа үүдэнд хүүгээ харж зогсох аавтай таараад инээд хүрэх шиг боллоо. Зуны дэлгэр цаг ирж байхад шууд усаа аваад гэртээ ирдэг хүүхэд ховорджээ. Гэр хорооллын хүүхдүүдийн тоглодог газар нь худаг эсвэл сагсан бөмбөгийн талбай шүү дээ. Хот, дүүрэг жилийн жилд л гэр хороолол дунд тоглоомын талбай барина гэж том амлалт өгч, их мөнгө төсөвлөдөг. Үнэн чанартаа хоёр сагсны шийд зоогоод л орхичихсон байдаг. Тэрхүү сагсны шийдэнд нь ахлах ангийнхан тоглох эсвэл болзооны газар, тамхи татах цэг болгоод л өнгөрдөг. Тиймээс гэр хорооллын 15- аас доош насны хүүхдүүд тоглох газаргүй болохоор дэмий сэлгүүцэн амралтаа өнгөрөөдөг нь нэг их сонин зүйл биш болоод удаж байна.

СХД-ийн 31 дүгээр хороонд амьдардаг Ирээдүй цогцолборын 82 дугаар сургуулийн тавдугаар ангийн сурагч Г. Гантулга хэмээх хүүтэй уулзлаа.

-Чи найзуудтайгаа хаана тоглодог вэ?
-Гудамжиндаа тоглодог. Аав, ээжийг мөнгө өгвөл хааяа писи тоглоомын газар очдог.

-Гудамжинд юугаар тоглодог юм бэ?
-Тэвэг, хөл бөмбөг тоглодог. Хааяа охидуудтай хамт сагс тоглоно. Гэхдээ том ангийн ах, эгч нар бараг тоглуулдаггүй.

-Чи дүүтэй юу. Дүү нь юугаар тоглож байна ?
-Дүүтэй. Манай дүү хоёрдугаар ангид сурдаг болохоор бараг л хашаанаасаа гардаггүй. Хашаандаа л тоосго өрж, ундааны саваар бай хийж онож тоглодог байх. Сайн мэдэхгүй ээ. Гэхдээ зун болохоор аав элс асгаад өгчихдөг болохоор манай дүү тэр хавийнхаа хүүхдүүдтэй элсэн дээр л тоглож өнждөг.

-Зуныг гэртээ л өнгөрөөдөг гэсэн үг үү
-Тийм. Гэхдээ бидэнд тоглох тоглоомын талбай байдаггүй болохоор ихэнхдээ худаг дээр л усаар байлдаж тоглодог.

-Чи ямар тоглоомын талбайтай болмоор байна?
-Мэдэхгүй. Гэхдээ л хөгжилтэй, олон хүүхэд тоглодог тоглоомын талбай байвал гоё шүү дээ. Бас мөнгө төлдөггүй бол бүр гоё.

-Танай найзууд өдрийг яаж өнгөрөөдөг вэ?
-Бүгд л надтай адилхан байх. Заримдаа аав, ээжийгээ ажилдаа явчихсан хойгуур нэгнийхээ гэрт цуглаж хошин шог үзэж, хөгжим сонсдог. Амтай бүхэн хүүхдийн төлөө “За” гэж хэлэх болсоор нэлээд хэдэн жилийг үзлээ. Гэвч хүүхдийн төлөө гэх нэрийн дор хий хоосон худал амлаж, шоуддагын жишээг дээрх бодит байдал харуулж байна. Тоглох тоглоом ч үгүй, тоглоомын талбай ч үгүй нийслэлийн хүүхдүүд писи тоглож донтохоос ч биш яах билээ. Хотыг хөгжүүлж байна хэмээн ам уралдан ярьдаг хотын удирдлагууд нэгийг бодох цаг нь болсон юм биш үү. Ямартаа ч шороо ухаж, ус цацалцаж тоглодог хэлбэр хэдэн зуун өнгөрсөн ч арилахгүй байж магадгүй бололтой.
 

В.НЭРГҮЙ