XX зууны эхээр сэтгэл судлаачид хүний сэтгэлийн хөдлөл, сэтгэлийн дарамтыг судалж томоохон амжилтад хүрсний нэг томоохон жишээ бол алдарт Зигмунд Фрейдын „Зүүдний тайлбар“ гэсэн нэртэй судалгааны ном билээ.
Зигмунд Фрейд сэтгэл судлалдаа зүүдийг заавал онцгойлон сонгож авч түүгээр хүний сэтгэлийн нууц руу орох багаж хэрэгслээ болгосон нь цаанаа учир шалтгаантай.
Зүүдний нууцыг тайлж, түүгээр хүний сэтгэлийг ухаж ойлгох гэсэн Зигмунд Фрейдын судалгааны ажил болон түүний гаргаж тавьсан онол нь дараа дараагийн сэтгэл судлаачдын нээлтийн ажлуудад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж бичсэн байдаг. Сэтгэл судлал нь өнөөдөр дэлхийн улс орнуудын их сургуулиудын бие даасан факультетууд болтлоо өргөжин хөгжиж байна. Сэтгэл судлалын эрдэм шинжилгээний институтууд ажиллаж, сэтгэл эмчилгээний эмнэлгүүд олноор бий болж, тэр ч бүү хэл мэргэжлийн судлаачид сэтгэлийн дарамттай хүмүүст хувиараа зөвлөгөө өгч сэтгэлийн элдэв хөдлөлүүдэд нь анализ хийж тайлбар өгдөг мэргэжлийн салбарууд хүртэл үүсжээ.
“Зүүдний тайлбар” номыг Зигмунд Фрейд 1899 онд хэвлэлтэд өгсөн боловч тэр нь хэвлэгдэхдээ 1900 оноор бичигдсэнээр энэ номын жинхэнэ мөн чанар нь танигдсан гэдэг. Учир нь энэ ном XX зууны дэлхийн шинжлэх ухааны ололтуудтай мөр зэрэгцэн явах боломж нээгдсэн бөгөөд ингэснээрээ хүн төрөлхтөний хөгжил дэвшилд чухал хувь нэмэр оруулж чаджээ. Зүүдний тухай эртний ойлголт Зүүдийг сэтгэлийн ямар нууц болохыг нь судалж бас онолын суурьтай тайлбар гараагүй цаг үед зүүдийг ихэвчлэн бодит зүйл гэж үздэг байжээ. Эрт дээр үед зүүдийг үнэн гэж хэлдэг байсан аж. Орчин үед ч гэсэн ой шугуйд амьдардаг, овгийн зохион байгуулалттай ардууд зүүдийг урьдчилан хэлдэг зөн билэгтэй гэдэг. Ийм ардууд хүний зүүдийг сонсож ирээдүйд юу болох тухай хүртэл урьдчилан таамаг гаргадаг гэнэ. Зарим хүмүүсийг зориуд унтуулж зүүдэлсэн зүүдээр нь хувь заяагаа тодорхойлдог байна.
Грекийн философчид анх удаагаа зүүдийг ер бусын биш харин ердийн зүйл хэмээн тайлбарлажээ. Тэд зүүдийг хүний олон фэномэнүүдийн нэг нь л гэж үзжээ. Фэномэн гэдэг нь философиор хүний ухаанд буудаг тусгал гэсэн утгатай. Тэр үеэс л зүүдийг судлаачид хүний таван мэдрэлийн эрхтэнүүдийн цуглуулсан мэдрэмжүүд нь янз бүрээр л зүүдэнд буудаг гэж тайлбарлаж байсан. Судлаачид XIX зуун хүртэл зүүдийг төдийлөн ойшоож үзээгүй бөгөөд харин Зигмунд Фройд зүүдэнд л олон нууц бий гэдгийг онцгойлжээ.
Зүүдний тайлбар
Зигмунд Фрейд хүмүүсийн сэтгэлийн хөдлөлийг судлах судалгааны арга болох “гипотенузийг” хангалтгүй гэж үзжээ. Хэдийгээр гепотенузад орсон хүн бүхий л асуултад хариулж сэтгэлийн нууцаа дэлгэдэг ч хүн тэр бүр амархан гепотенузад ордоггүй ажээ. Тиймээс Зигмунд Фрейд хуучин аргаа өөрчилж, хүмүүсийг чөлөөтэй сэрүүнд нь ярилцах аргад шилжжээ. Ингээд шинэ арга барилаа “Чөлөөт ассоциаци” гэж нэрлэсэн. Энэ чөлөөт ассоциацийн үед хүмүүс ихэнхдээ л өөрийнхөө зүүдийг яриад байгааг Зигмунд Фройд ажиглажээ. Үүнээс үүдэн тэр зүүдэнд хоёр томъёолол өгчээ. Нэгдүгээрт, зүүд бол зориуд явагддаг өөрөө өөрийгөө удирдсан зүүд боловсруулах үйл ажиллагаа. Хоёрдугаарт зүүд нь хүний хүсэл мөрөөдлийн илэрхийлэл гэсэн байна.
Хүн сэрүүн байхдаа өөрийнхөө олон хүслийг дарж, шахаж эсвэл нуугдмал утгуудаар илэрхийлэх нь элбэг ажээ. Харин зүүдний үед хүний ухаан хяналтаа багасгах тул тархины дотоод үйлдлүүд нь зүүдийг зориуд ажиллуулдаг байна. Энэ үед л дарагдсан хүслүүд зүүдэнд янз бүрээр зураг болдог гэнэ. Тэр л зурагнууд нь хүн өдөр нь юу хүсэж, юунд сэтгэл нь дарагдсан тэдгээрийгээ аль болох олон дүрсүүдээр зөөлрүүлэн илчилж бас ерөөс мартаагүй явдаг зүйлсээ эргэн санаж санамжийнх нь үйл ажиллагаа тодрон гарч ирнэ. Зүүд бол Зигмунд Фрейдын хэлснээр нэг ёсондоо өдрийн бүхий л үзэж харсан үйл явдлуудаас үлдсэн үлдэгдлүүдийг нүднийхээ өмнүүр дахин нэг өнгөрүүлдэг ба ихэнхдээ сэтгэл хөдөлгөсөн болон дутуу орхисон сэдвүүдийг илүү их зүүдэлдэг байна. Үүгээр хүний сэтгэлийн хөдлөл болон тархины хэрхэн хиймлээр үйлдэж буй зургуудын хоорондын холбоог хүртэл судлан тодорхойлдог. Шөнө хүн ойролцоогоор зургаан удаа зүүдэлдэг бөгөөд харин их гүн унтаж буй үедээ зүүдэлдэггүй.
Зүүдний нууц
Заавал хүний зүүдэлсэн зүүдийг яриулж тэндээс тухайн хүний сэтгэлийн зөрчил, сэтгэлийн савалгаа гэх мэтийн шалтгаануудыг тодорхойлж сэтгэл эмчлэх аргыг Зигмунд Фрейд олон жил судалж боловсронгуй болгожээ. Зарим хүмүүс аливаа юманд хэт идэвхгүй болох, өөрийн сэтгэл санааг илэрхийлэх чадваргүй болох эсвэл бусдын ятгалгад амархан орох, хий үзэгдэлд үнэмшиж бас түүнд итгэж найдах, сүнсийг дууддаг гэж чадварлаг жүжиглэн үзүүлдэг хүмүүсийн нөлөөнд амархан автагдаж биширдэг хүмүүсийг Зигмунд Фрейд хий мэдэрдэг хүмүүс гэж тодорхойлжээ. Ийм хүмүүс хий харна, хий амтална, хий сонсоно бас биеэрээ хий мэдэрнэ.
Зигмунд Фрейд зүүдийг сонсож сэтгэлийг нь нээх гэж оролдохын учир нь зүүд ерөөсөө л хүний хүүхэд насны сэтгэлд сууж үлдсэн, бас олон жил тээж яваа хүсэл мөрөөдөл байдагт орших ажээ. Зүүд хүмүүсийн тэр л хүслүүдийг илэрхийлэх бөгөөд тархи нь тэр зургуудыг буулгах ажээ. Зүүдлэх үедээ айх бас цочих гэх мэт дагавар үйлдлүүдийг зүүдэндээ үйлддэг гэнэ. Зүүдэндээ ямар зураг харсныг асууж тэр зургуудаар нь тухайн хүн юунаас багадаа их айсан бас юунд их цочсон болон юунд сэтгэл нь зовж явдгийг мэдэж болохыг Зигмунд Фрейд анх сэтгэлийн шинжлэх ухааны салбарт дэлгэн тавьжээ. Ямар зургуудыг хүн зүүдэндээ харсныг чөлөөтэй хэлүүлж чадсанаар Зигмунд Фрейд жишээлбэл, зэр зэвсэг буу шийдэм зүүдэнд нь харагдсан бол эрэгтэй хүнийг хүсээд байна гэж тайлбарлан харин хайрцаг, сав суулга зүүдлээд байгаа хүнийг эмэгтэй хүн хүсээд байна гэж тайлбарлажээ.
Хүн бүрийн сэтгэлийн угт хүүхэд цагтаа ээж, аавтайгаа болон ах, эгч дүү нартайгаа ямар харьцаатай байсан тэр сайн, муу үйл явдлууд үргэлжийн сэтгэлд явдаг байна. Тиймээс хүмүүсийн зүүдийг сайн сонсож бас хүнээр зүүдийг нь сайн яриулж байх нь тухайн хүний тухай мэдэж авах эх үүсвэр бөгөөд тэнд л тухайн хүний амьдралын мэдээллүүд агуулагддаг байна.
Зүүдний биелэл
Зүүд зөвхөн сэтгэлийн жаргал зовлонгийн илрэл байхаас гадна бас хүн өөрөө өөрийгөө таньж мэдэхэд бас тустай гэнэ. Зарим хүмүүс сэрүүндээ өөрийгөө хэрхэн илэрхийлэхээ мэдэхгүй явсан зүйлээ зүүдэндээ зүүдэлдэг ажээ. Үүнийхээ дараа зүүдээ бодож эсвэл бусдад ярьж байхдаа гэнэт энэ чинь л миний хэлэх гээд байсан, бас бусдад ойлгуулах гээд байсан зүйл маань шүү дээ гэж мэдэж чадахгүй байсан зүйлээ мэдэж авдаг байна.
Түүгээр ч барахгүй бас хүний зүүд нь хүсэж мөрөөдөж явсан зүйлийг биелүүлэх ач холбогдолтой ажээ. Зүүдэндээ уулзах гэсэн хүнтэйгээ уулзаж бас танилцаж чадаагүй хүнтэйгээ хүртэл танилцдаг. Хүсэл мөрөөдлийн биелэлийн эх үүсвэр нь бас зүүд гэнэ. Ингэж хүн биелүүлж чадаагүй зүйлсээ зүүдээрээ биелүүлэх боломжтой. Хэлэх гээд хэлж амжаагүй зүйлээ зүүдэндээ хэлж амжуулах бас уулзаж учрах гэж хүсэж мөрөөдөж явдаг хүнтэйгээ зүүдэндээ уулзаж болдог тэр л боломжуудыг хүн бүрэн ашиглах боломж бий гэнэ. Уншигч Та өнөө шөнө сайхан зүүд зүүдлээрэй. Харин өглөө эрт босоорой. Зарим хүмүүс аз жаргалыг зүүдэлсээр байгаад түүнээс хоцорчихдог гэсэн шүү.
Философич С.Молор-Эрдэнэ