Ерөнхийлөгчийн цаг эхэллээ. УИХ Засгийн газрын бүтцийг шинэчлэн баталсан. Харин одоо Ерөнхий сайд танхимынхаа шинэ бүтэц, бүрэлдэхүүнийг парламентад танилцуулж “виз” авах учиртай. Тиймээс Төрийн тэргүүний зүгээс хууль ёсны эрхээ хэрэгжүүлдэг цаг.

Тэрбээр УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийн дарга нарыг уржигдар өрөөндөө дуудаж уулзах үеэрээ “Зөвхөн Ерөнхий сайд л УИХ-ын гишүүний албыг давхар хашиж болно. Шинээр томилогдох сайд нарыг “Дан дээлтнүүд”- ээс томилоорой. Засгийн газрын бүтцийн тухай хуулиас харахад, долоон сайд өөрчлөгдөж, дөрвөн сайдыг шинээр томилох талаар УИХ хэлэлцэх юм байна” хэмээн албан ёсоор мэдэгдлээ. Төрийн тэргүүний энэ үг шаргал ордонд дахиад л бужигнаан үүсгэв. Учир нь зургаан яамыг нэгтгэж гурав болгохоор шийдвэрлэсэн. 

Тэгэхээр Гадаад харилцааны сайд Лу.Болд, Эрчим хүчний сайд М.Сономпил нар хүссэн, хүсээгүй тойргийн гадна үлдэж байна гэсэн үг. Үүнээс гадна Эдийн засгийн хөгжлийн яамны статусыг Эдийн засгийн хөгжлийн хороо болгон өөрчилж Ерөнхий сайдын харъяанд шилжүүлэх болсон учраас Н.Батбаяр сайд ч бас суудлаа тавьж өгөхөөр боллоо. Харин Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарыг өөрчлөх эсэх нь тодорхойгүй. Бүтцийн өөрчлөлтөд хамрагдаагүй яамдын сайд нар ч бас баярлах болоогүй байна. Учир нь эрх баригчдын дунд “Засгийн газрыг анх байгуулахдаа тохиролцсоноосоо буцах уу. Фракциудад хуваарилсан сайдын суудлын квотоо өөрчлөх үү. “Шударга ёс” эвсэлтэй хийсэн гэрээгээ зөрчих үү” гэхмэтчилэн сандал тойрсон улаан хэрүүл “хөшиг”-ний цаана болж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ганцаарджээ. Түүнд түшиг болох хүчин гэвэл, АН дахь “Алтангадас”- ынхан, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, МоАХ фракциас хөөгдсөн Ш.Түвдэндорж тэргүүтэй МоАХ-2 фракцийнхан байна. Харин Н.Алтанхуягийн тухайд Ерөнхийлөгч, УИХ гэсэн хоёр том институцийн улс төрийн барьцаанд танхимтайгаа орсон хэвээр. Албархаг байр сууринаас дүгнэвэл, тэрбээр танхимынхаа шинэ, бүтэц бүрэлдэхүүний талаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөх хууль ёсны үүрэгтэй. 

Түүнийг нь УИХ хэлэлцэж батлах хуультай. Гэвч улс төрийн өнцгөөс харвал, Н.Алтанхуягийн танхимыг тэр чигт нь огцруулах уу, аль эсвэл “Хямралын сайд” гэгдэх Н.Батбаяр тэргүүтэй нөхдийнх нь “Давхар дээл”-ийг тайлчихаад Ерөнхий сайдыг аварч үлдэх үү гэдгийг шийдэх эрхмүүд нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нар юм. Тиймээс Н.Алтанхуяг Ерөнхий сайдын суудлаа хадгалж үлдэхийн тулд тэдний болзол, тулгалтыг хүлээн зөвшөөрсөн хэрэг. “Чингис” бондын автор, “АН- ынхан өөрт нь бүгд өртэй” хэмээн даналздаг “Фортуна” Н.Батбаяр энэ Засгийн газрын эхний золиос болов. Түүнтэй хамт МҮАН-ын ганц сайд М.Сономпил, “Ерөнхийлөгчтэй эе эвдэрсэн” гэдэг шалтгаанаар Лу.Болд нар торгуулийн суманд багтлаа. Араас нь өөр хэн, хэн жагсаалтаас гарахыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг Төрийн тэргүүн, УИХ-ын дарга хоёртой тохиролцож шийдэх нь тодорхой. Учир нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнд “Гадаад харилцааны сайд, Батлан хамгаалахын сайдад би өөрийнхөө хүмүүсийг томилуулна шүү” гэдгээ Засгийн газрын бүтцийг шинэчлэхээс өмнө хэлчихсэн. 

Тэр ч атугай “Тэргүүн шадар сайдын орон тоог шинээр нэмбэл Шадар сайд нь манай талын хүн болно” гэсэн гэдэг. Монгол төрийн №1, №3 эрхмийн хооронд ийм яриа өрнөснийг АН- ынхан ч, МАХН-ынхан ч баталж байгаа юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “УИХ-ын гишүүнийг сайдын албанд дахин томилохгүйг анхаарна уу” гэж Ерөнхий сайдад албан ёсоор сануулсан. Тиймээс гүйцэтгэх засаглалын тэргүүн түүнд “Дан дээл”-тэй эрхмүүдийн нэрсийг танилцуулах ёстой. Зарим эх сурвалжаас Н.Алтанхуягийн танхимд шинээр хэн, хэн багтах тухайд өчигдөр лавлахад “Шинэ сайд нарын нэрс өнөө орой бараг тодорхой болно” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдад Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, Уул уурхай, эрчим хүчний сайдад УИХ-ын гишүүн асан Д.Одхүү, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар өдгөө Н.Алтанхуягийн танхимд ажиллаж буй А.Гансүхийг томилох тохиролцоог АН дахь фракциуд хийж байгаа аж. Гэвч яагаад А.Гансүхийг хэвээр үлдээнэ гэж. Улс төрийн хүрээнийхэн төдийгүй олон нийт ч ийн гайхаж мэдэх л юм. Энэ асуултад АН-ын зарим гишүүн “Хэдийгээр “МоАХ фракци задарлаа” гэж байгаа ч Х.Баттулга фракцидаа хүчтэй, нөлөөтэй хэвээр байгаа. Тиймээс Н.Алтанхуягийн танхим дахь фракцийнхаа квотыг хадгалж үлдэх гэж зүтгэж байна” гэсэн хариулт өглөө. 

Тэгвэл “Шударга ёс” эвслээс буцаан авч буй нэг сайдын суудлаа Н.Алтанхуяг яаж нөхөх вэ. Тэрбээр УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа тус эвсэлтэй хамтран Засгийн газар байгуулах гэрээг үзэглэсэн. Энэхүү гэрээнд “АН болон МАХН, МҮАН- ын “Шударга ёс” эвсэл гүйцэтгэх засаглалын танхимд 75:25 хувийн харьцаатайгаар ажиллана” гэж заасан байдаг. Нэг ёсондоо, эвсэлд дөрвөн сайдын суудал оногдсон. Одоо ч мөн адил. Харин МҮАН- ыг төлөөлж байсан М.Сономпил Эрчим хүчний сайдаас огцрох учраас Ерөнхий сайд эвсэлд нэг сайдын суудлын өртэй болсон гэсэн үг. Тиймээс энэ өрөө яаж төлөх нь, “Шударга ёс” эвслийнхэнтэй дахиад ямар тохиролцоо хийх нь сонирхол татах л хэрэг. Хамгийн гол нь тэрбээр Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төслийг өргөн барьсныхаа дараахан УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийнхэнд “Та нартай анх байгуулсан гэрээ хэвээрээ шүү. Хэлэлцэж тохиролцсон ёсоор дөрвөн сайдын квотыг чинь хадгалж үлдэнэ” хэмээн амласан аж. Ингэхээс ч өөр аргагүй. Хэрэв Ерөнхий сайд Н.Алтанхуяг эвсэлтэй хийсэн гэрээгээ зөрчвөл цаадуул нь зүгээр суухгүй. Бүр их бухимдуулбал “Эвслээ задална” гэж сүрдүүлэх учраас эрх баригч хүчний тэргүүн ихээхэн болгоомжилж байгаа биз. Учир нь түүнд “Алтангадас”-аас гадна “Шударга ёс” эвслийнхэн одоо л түшиг болох учиртай. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сайд нарын “Давхар дээл”-ийг тайлах тухай хуулийн төслийг УИХ- аар өнгөрсөн хавар хэлэлцүүлэх үед Н.Алтанхуяг тэргүүтэй эрх баригчид ихээхэн хүнд суртал гаргасан. 

Бүр хуулийн төслийг нь эцсийн хэлэлцүүлгийн үеэр өөр рүү нь буцаасан билээ. Энэ бол Монголын парламентын түүхэнд анх удаа болсон явдал. Хамгийн сонирхолтой нь эрх баригчдаас хариугаа авч, хүрд эргүүлэх боломж Төрийн тэргүүнд тохиов. Тиймээс яг одоо л Н.Алтанхуягийн танхимд цус сэлбэлт хийж, “Давхар дээлтнүүд”- ийг нь хөөж явуулдаг цаг. Харин бүтэц шинэчлэх нэрийдлээр дэгдсэн улс төрийн шуурганд өөр хэн гэдэг сайд өртөх бол. УИХ дахь МАН-ын бүлгийнхэн “Шинэ сайд нараас гадна бүтцийн өөрчлөлтөд яам нь хамрагдаагүй ч хариуцлага алдсан сайд нарыг огцруулах хэрэгтэй” гэдэг байр сууринаасаа ухрахгүй байгаа. Гэвч “Эдийн засаг хямарсан” гэдэг шалтгаанаар Ч.Улааныг Сангийн сайдаас огцруулъя гэхэд Н.Алтанхуяг эвслийнхэнд хэлэх үггүй болно. Тийм цаг ч түүнд байхгүй. Яагаад гээч. Улсын төсөв хэлэлцэх гэж буй энэ үед Сангийн сайдыг шинээр томилох нь эрсдэлтэйг тэнэг л биш бол эрх баригчид ойлгож байгаа нь тодорхой. Учир нь 2015 оны төсвийн тухай хуулийн төслийг ирэх сарын 15 гэхэд баталсан байх ёстой. Энэ хугацаанд төсвөө баталж амжихгүй бол УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох хуультай билээ. 

 

...Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдад Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, Уул уурхай, эрчим хүчний сайдад УИХ-ын гишүүн асан Д.Одхүү, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар өдгөө Н.Алтанхуягийн танхимд ажиллаж буй А.Гансүхийг томилох тохиролцоог АН дахь фракциуд хийж байгаа аж... 

 

С.ТУЛГА