Өнөөдөр "Дэлгэцийн ар талд" хэмээх ном төрсний баярыг морин хуурын аялгуутай нээлээ. 

Энэхүү номыг бичигч Түмэнгийн Намсрайжав нь 1939 онд Дорнот аймгийн Матад сумын Өлзийт хэмээх нутагт ард Түмэнгийн хоёрдугаар хүү болон төрж 1950-1960 онд Чойбалсан хотын 10 жилийн сургууль, 1965 онд ЗХУ-д соёл урлагийн дээд сургуулийн найруулагчийн анги төгсч, Сүхбаатар, Дорнод аймгуудын хөгжимт драмын театрт болон Монгол кино студид одоо хүртэл найруулагчаар ажиллаж байна.

Энэ хугацаанд «Хил дээр» уран сайхны кинонд БНМАУ-ын баатар Гиваан, «Моторын дуу» киноны нэгдлийн дарга, «Тэнгэрийн муухай арилдаг» кинонд гараашийн диспетчерт, «Би чамд хайртай» кинонд хороон дарга, «Тэмцлийн оч» уран сайхны кинонд Даалуучин Дорж, «Сахиул уу сахиус уу» кинонд согтуу жолооч, «Ацаг шүдний зөрөө» кинонд банкны Балдан, «Хөх өвсний нуур хөлгүй» кинонд тогооч Тулга, «Тоншуул» кинонд тэмээчин Барамсайд гээд 20 гаруй кинонд гол ба туслах дүрүүдэд тоглож үзэгч олны хэзээний танил.

Тэрбээр Шинэ хотын гэрэл, Дэгдээхэй нас, Давааны цаана даваа, Тэнгэрийн муухай арилдаг, Бушхүүгийн үлгэр, Говийн зэрэглээ, Саруул талын ерөөл, Жаргал даахгүйн зовлон, Ацаг шүдний зөрөө, Намар нахиалсан мод, Тэмцлийн оч, Тань руу нүүж явна, Би чамд хайртай, Ховор хүмүүс, Хүний хүн, Эргүүлэг зэрэг 30 гаруй уран сайхны кинонд ассистент найруулагчаар ажиллаж явахдаа манай урлагийн ахмад туршлагатай найруулагч нарын тухай дурсамж яриа төдий, энэхүү бяцхан товхимолыг уншигч танд толилуулахаар туурвижээ.

Тус номын нээлтэнд Ардын жүжигчин П.Цэрэндагва, ахмад жүжигчин МУГЖ Ц.Цэнд-Аюуш, номын редактор Н.Ганхуяг болон түүний дотны эрхэм нөхдүүд, гэр бүлийнхэн, хамаатан садангууд нь хүрэлцэн ирлээ.

"Дэлгэцийн ар тал" номын нээлтийн үеэр түүний хүү МУГЖ жүжигчин Намсрайжавын Ариунболдын сэтгэгдлийг хуваалцснаа хүргье.

-Би аавынхаа тухай бодох, бичихдээ дандаа догдолдог-

МУГЖ жүжигчин Намсрайжавын Ариунболд: "Өнөөдөр миний аав Монгол кино нэгтгэлд, Монголын урлагт 50 гаруй жил ажиллаж байна. Би өөрийгөө чоноос төрсөн бэлтрэг гэж хэлмээр байна. Яагаад гэхээр миний аав насаараа урлагаар явсан. Би бол энэ их үйлийг залгамжилж яваа. Аав маань Монгол кино нэгтгэлд ажиллаж байх хугацаандаа хийсэн уран бүтээлийнх нь жагсаалтыг харахад 400-аад бүтээл дээрээ ажилласан байна. Энэхүү 400 уран бүтээлд нь жүжиг, кино, уран бүтээлчдийнхээ тухай судалгаа, шүүмжлэл зэрэг ажлуудыг хийжээ. Миний аав өнөөдөр зохиолч, найруулагч, Монголын төатр болон тайз дэлгэцийн урлагт өөрийнхөө жаахан хэсгийг үлдээгээд бусдыг нь үлдээсэн. Тэрхүү жаахан хэсэгт нь гэр бүл, үр хүүхэд нь багтаж байгаа гэж бодож байна. Аливаа ажлын ар талд үлддэг, нэр нь болохоор найруулагч дээр, нэдэр нь болохоор өөр хүмүүс дээр байдаг. Эсвэл тэр киноны гол дүр дурдагддаг. Цаана нь ажилладаг арын ажлыг гүйцэтгэдэг тог цахилгааны асуудлыг шийддэг хүмүүс, цэвэрлэгээ, үйлчилгээг хийж явдаг бүүр даруухан чимээгүй хүмүүсийн тухай бичсэн аавынхаа "Дэлгэцийн ар талд" номын нээлтэнд оролцож байгаадаа баяртай байна. Энэхүү номыг МУУГЗ, Найдангийн Ганхуяг редакторлосон.  Урлагт бүх насаараа зүтгэсэн хүмүүсийг аавыг маань дурссан бүхий л зүйлийгээ бичжээ. 

Хүн мод тарих, худаг ухах, ном бүтээх нь их том буян  гэсэн. Аав минь өнөөдөр 70 гарч 80 дөхөж яваа насандаа энэ сайхан номыг бичиж, бүтээсэн. Номын нээлтэнд хүрэлцэн ирсэн бүх хүмүүст баярлалаа. Мөн номонд дурдагдаагүй хүмүүс бас байж магадгүй. Дараа дараагийн ном гэж бас бий. Энэ номонд орсон буурлууд, ахмадууддаа тэдний төрөл төрөлсөгдөд эрүүл энхийг хүсэн ерөөе. Нэг үеийн түүх намтарыг аав минь бичилцлээ" хэмээн сэтгэлийн үгээ хуваалцлаа. 

-Түмэнгийн Намсрайжав номынхоо нэр шиг ээ их даруухан хүн-

Мөн номын редактораар ажилласан Найдангийн Ганхуяг: " Түмэнгийн Намсрайжав гэж хүн Монгол кино үйлдвэрт маш олон жил ажилласан угтаа бол "Дэлгэцийн ар тал" гэдэг энэ номынхоо нэр шиг дэлгэцийн ар талд фронтод явж байсан хүн. Ернь бол тулалдааны ар тал хүнгүйгээр байдаггүй. Киноны ар талын ажлын бүхий л зүйлийг амь амьдралаа хойш тавин зүтгэж явсан уран бүтээлч. Мэргэжил нь найруулагч хүн. Тэгсэн мөртлөө өөр бичих их авьяастай. Би 1980 онд "Говийн зэрэглээ" кинонд Т.Намсрайжав хоёрдугаар найруулагчаар, би ассистент найруулагчаар ажилласан. Тухайн үед тэр их ажлын хажуугаар Т.Намсрайжав ах шүлэг, зохиол бичиж дэвтэр үзэг хоёроос ерөөсөө салдаггүй үргэлжийн дэвтэр үзэг хоёроо сугавчилсан явдаг байсан. Тэр олон жилийн түүх бол энэ ганц номоор хязгаарлагдахгүй түүх бий. "Дэлгэцийн ар тал" номын өвөрмөц тал нь хүмүүсийн ажилдаа хандаж байсан өөрийнх нь зан араншин, дотор сэтгэлийг нь гаргасан уншуурагтай болсон гэж боддог. 1980-аад онд бид нар Дундговь аймгийн Ганга суманд наадмын дараа очиход гантай байсан. Тэгэхэд тэмээний борц идээд бүх хүн гүйлгэж байсан удаатай. Тэрнийг хүртэл найраглалаар бичин туурвисан байх жишээтэй. Өөрөө дандаа том том найруулагчийн удирлагад ажиллаж байсан болохоор өөрөө их даруу Дорнод аймгийн Мэнэнгийн талын хүү" гэж хуучиллаа. 

Номын цагаан буян дэлгэрэх болтугай