Сангийн яам бол Ч.Улааны “өмч”. Төрийн төсвийг дөрвөн засаг дамжин үед төвлөрүүлж, Төсвийн шинэчлэлийн хуулийг ч эхнээс нь гардан хийсэн болохоор Сангийн яам бараг л түүний амьдралын түүх болсон. Гэхдээ бусад яамыг бодвол өгөгдөл, үйл явц багатай, унтаа байдал нь улстөрчид тус яам руу хошуурахгүй байх шалтгаан ч байж болно.
Ч.Улаан ч энэ яамыг эдийн засаг, иргэдийн амьдралд чухал нөлөөтэй гэж өрдөхөөс илүүтэй, сан хөмрөгийн бүрдлийг сахиад, дүнхийж суух нь их байв. Гэвч Н.Алтанхуягийн Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн тохироонд Сангийн яам хамрагдсанаар сайд солих асуудал тодорхой болсон. Ингээд өчигдөр УИХ-ын чуулганаар Ч.Улааныг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч өмөг түшиг болж явсанд нь талархсанаа илэрхийлээд түүнийг Засгийн бүтцээс үдэв. Харин оронд нь УИХ-ын гишүүн Д.Зоригт нэр дэвшсэн. Өрсөлдөгчгүй учраас нэр заагдсан ч гэж болно. Харамсалтай нь, өрсөлдөгч байсан бол Өвөрхангайд өвдөг шороодсон шигээ Засгийн босго давах хүн биш гээд бооцоо тавих хүн олширч байх шиг. Гэвч тэрбээр төрийн сан хөмрөгт эзэн сууж, Сангийн яамны сахиулын үүргийг гүйцэтгэхээр сонгогдсон нэгэн. Тэр байтугай Ч.Улааныг орлож байгаа учраас Н.Алтанхуягийн хэлсэн шиг өмөг, түшиг нь болох учиртай юм.
 
Д.Зоригт бол цөөнхийн төлөөлөл
 
Тэгвэл түүнийг энэ хэмжээний эрх эдлэх хүн биш хэмээн Өвөрхангайн сонгогчдын “Эрхээ хамгаалах түр хороо”-ныхон уцаарлаж байна. Ингэхдээ, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдад УИХ-ын гишүүн Д.Зоригтыг нэр дэвшүүлж, УИХ-ын даргад өргөн барьсан нь ёс зүйгүй үйлдэл хэмээн тодотгон тайлбарлав. Учир нь түүнийг Өвөрхангайн сонгогчдын төлөөлөл өнөөдрийг хүртэл цөөнхийн төлөөлөл хэмээн харж байгаа юм. Үнэндээ ч тэр 2012 оны УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймгийн УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт нам нэгт Г.Батхүүгийн хамт нэр дэвшихдээ МАН-ын нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөрхүү нарт далаараа тавиулсан. 
Үүнийг УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойргийн хорооны 37 дугаар тогтоол баталдаг. Тэрхүү тогтоолд МАН-ын гишүүн С.Чинзориг 23493, Н.Төмөрхүү 21264 хүний санал авснаар УИХ-д сонгогдох боломжтой болж, Г.Батхүү 19939, Д.Зоригт 16795 хүний саналаар ялагдсан юм. Гэхдээ дээрх тогтоолыг Хан-Уул дүүргийн шүүх хүчингүй болгосноор Г.Батхүү, Д.Зоригт нар гишүүний тангараг өргөж, өдгөө Д.Зоригт Сангийн сайдад нэрлэгдэж байна. Гэхдээ хаа байсан Өвөрхангайн сонгуулийн маргааны хувь заяаг Хан-Уул дүүргийн шүүх шувтарчихсан нь хачирхалтай үзэгдэл байж билээ. 
 
Эмгэнэлтэй нь...
 
Өвөрхангайн эрхээ хамгаалах сонгогчдын төлөөлөл энэ үйл явдлаас хамгийн эмгэнэлтэйг нь ч нэхэн сануулж байна. Тус түр хорооны зохион байгуулагч Ц.Нямсүрэн хэлэхдээ “Ард түмний сонголтоор бус шүүхийн шийдвэрээр УИХ-ын гишүүн болсон хүн сайдын суудалд нэр дэвшиж байна. Тиймээс энэ увайгүй, ёс зүйгүй үйлдлийг таслан зогсоохыг шаардаж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд нарт шаардах бичиг өргөн барилаа” гэсэн юм. Мөн тэдний зүгээс “Г.Батхүү, Д.Зоригт нарын нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн шүүх хүлээн авч нэг хоногийн дотор шийдвэрлэхдээ “С.Чинзориг, Н.Төмөрхүү нар насанд хүрээгүй хоёр хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд татан оролцуулсан болохыг тогтоосугай” гэсэн захирамж гаргасан. Энэ асуудлаар нийслэлийн шүүхэд давж заалдахад “Шүүх өөрөө нотолж тогтоох эрхгүй байгууллага, эрх нь хөндөгдөж байгаа С.Чинзориг, Н.Төмөрхүү хоёрт мэдэгдэлгүйгээр шийдвэр гаргасан нь шүүхийн буруу” гэж Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Харамсалтай нь Нийслэлийн шүүхэд давж заалдаж байх үед Г.Батхүү, Д.Зоригт нар “С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын түр үнэмлэхийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг Өвөрхангайн шүүхэд гаргаж, хэрэг үүсгэсэн байдаг. Хуулиар нэг шатны шүүхэд асуудлыг хэлэлцэж байхад бусад шүүх асуудлыг хэлэлцдэггүй журмыг зөрчин С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагагүй гэсэн захирамж гарган түр үнэмлэхүүдийг хүчингүй болгохыг тойргийн хороо хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргасан. Шүүх асуудлыг шийдвэрлэхдээ үнэндээ хуулиа зөрчин хялбар­шуулсан журмаар шийдсэн байдаг. 
Өвөрхангай аймгийн шүүхийн шийдвэрийг давж заалдах гэтэл “Давж заалдах эрхгүй” гээд хүчээр асуудлыг шийдвэрлэсэн. Хамгийн эмэгнэлтэй нь шүүх асуудлыг шийдэхдээ буруутгагдаж буй С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг шүүх хуралд оролцуулахгүйгээр нэхэмжлэгч талд шийдвэрээ гаргасан” гэв. Тиймээс тэд дээрх асуудлыг  хүн бүрийн хуулийн өмнө эрх тэгш байх, шүүх маргааныг мэтгэлцээний журмаар шийдэх зарчмуудыг алдагдуулж, хүний эрхийг ноцтой зөрчсөн хэмээн үзэж байна. 
 
Сонгогдсон ч амлалтаа биелүүлээгүй
 
Өвөрхангайн сонгогчид дээрх асуудлын хүрээнд 23 мянган хүний гарын үсэг цуглуулан эсэргүүцлээ илэрхийлсэн ч Г.Батхүү, Д.Зоригт нар УИХ-ын гишүүний тангараг өргөсөн нь Ардчиллын түүхэнд сонгогчдын саналыг шүүхээр далайлган засвар хийж луйвардсан анхны тохиолдол болж, Үндсэн хуульд тусгасан сонгох, сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн явдал болсон бодит жишээ хэмээн харж байгаа аж. 
Мөн Г.Батхүү, Д.Зоригт нар гишүүн болсон ч намын гишүүдтэйгээ уулзаж, сумдын ойн баярт оролцоод явахаас өөр зүйл хийгээгүй юм байна. Тиймээс Сангийн сайдаар Д.Зоригтыг сонгох нь ард түмнээ доромжилсон, ёс зүйгүй, увайгүй үйлдэл хэмээн сонгогчид үзэж буйгаа илэрхийлэв.