АН дотроо олон фракциудаас бүрдсэн. Тэдгээрээс  УИХ-д суудалтай  гишүүдийн тоо,  “хүн  хүчээрээ” томд ордог нь “Алтан гадас”, “Шонхор”  фракци юм. Ерөнхий сайд Н.Алтанхуяг огцорсны дараа нам доторхи фракциудын  нөлөөлөл идэвхжиж эхлэсэн. АН-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан “Алтан гадас”  фракцийн  тэргүүн Н.Алтанхуяг, өөртэй нь гол өрсөлдөгч “Шонхор” фракцийн тэргүүн З.Энхболдтой  “тохиролцоонд хүрч”  ҮЗХ-ийн хурлаар  түүнд намын даргын суудлаа найр тавин өгснөөр, “Алтан гадас” –ийн хүн, Шинэчлэлийн ЗГ-ийн ХЭГ-ийн даргаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад зүтгүүлэх асуудалд тэд санал нэгдсэн. Тэгвэл  Н.Алтанхуяг АН-ын даргын суудлаараа өгөн байж Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад  зүтгүүлэхийн учир юу бэ? Үүнийг ажиглагчид хэд хэдэн өнцгөөс харж, тайлбарлаж байна. Тухайлбал:

-       Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болгосноор өөрийн бодлогоо засагт үргэлжлүүлэх

-       Шинэчлэлийн Засгийн газрын “унагахад” гар бие оролцсон  өөрийн намын УИХ-ын гишүүдэд  шинээр байгуулагдах засгаас “бялуу” хүртээхгүй байх

-       Н.Энхбаяртай байгуулсан гэрээгээ үргэлжлүүлэн хэрэгжүүлж  ажиллах

-       Өөрийгөө болон өөрийн зөвлөх,  хамаатан садан, ойр тойрны хүмүүсийг авлига,  төрийн өмч хөрөнгө шамшигдуулсан “хэргийг хав дарах”, улмаар  тэднийг  хууль шүүхийн  байгууллагын хаалга татуулахгүй байх

-       Шинэчлэлийн Засгийн газрын зарим сайдуудыг сайдын суудалд нь үргэлжлүүлэн ажиллуулах

-       “Алтангадас” франкийн нөлөө хүчийг  АН, засаг төрд хэвээр хадгалан үлдэх гэх зэрэг зорилгын төлөө гэж үзэх хүмүүс цөөнгүй байна.

Ямартай ч Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад дэвшүүлэхээр УИХ-д суудалтай намын бүлгүүдэд хүргүүлэхэд АН, МАХН-МҮАН “Шударга ёс эвсэл” зөвшөөрсөн бол МАН-ын бүлэг татгалзаад байгаа юм. Гэхдээ Н.Алтанхуяг болон АН түүнийг Ерөнхий сайд болгохын төлөө илүү их хүчин чармалт гаргаж, дахин дахин зүтгүүлэх нь ойлгомжтой харагдаж байгаа юм.

 Ц.Мөнх

Ugluu-logo20