Өчигдөр Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Монгол Улсын Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилох санал оруулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүйд хүлээлгэн өгсөн юм.

АН-ын ҮЗХ Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулаад Ерөнхийлөгчтэй зөвшилцөх хуультай байдаг. Энэ жишгийн дагуу АН-ынхан зөвшилцөж түүнээс санал авсан нь энэ юм байна.

 

Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Шударгаар өрсөлдөөд гарч ирсэн хэнийг ч дэмжинэ” гэдгээ илэрхийлж байсан. Үүний дараагаар Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу Чимэдийн Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Их Хуралд өргөн барилаа. Ингээд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өчигдөр зарлагдсан юм. Товлосон цаг хэтэрч дуншиж дуншиж нэг юм эхлэсэн.

 

МАН-ын зүгээс ирцээр боож байсанч яаж ийгээд л АН-ынхан ард нь гарч дөнгөв. Тодруулбал, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхлэх болоход МАН-ын долоон гишүүн, мөн УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Г.Уянга нар ирэлгүй 2 цаг хүлээлгэсэн юм. Харин Р.Бурмаа гишүүнийг бүлгийнхэн нь тайвшруулж, нэр бүхий гишүүд нь “Одоо нэг л гишүүн дутуу” гэж дуулах нь холгүй твиттер хуудсаараа дамжуулан “жиргэсэн”-ний эцэст байнгын хорооны хуралдаанд оролцох болсон гэнэ.


Хуралдааны эхэнд Ерөнхийлөгч Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжсэн саналыг танилцуулаад гишүүд асуултаа тавив. Ч.Сайханбилэг Байнгын хорооны гишүүдийн асуултад хариулж өөрийн санал хүсэлтэй илэрхийлсэн байна. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдвол Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ хуулийн дагуу оруулна. Өмнөх Ерөнхий сайдын ажилдаа махруун, бүтээлч зарчмыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ” гэжээ. Тус байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын нэгдсэн чуулганаар өнөөдөр 09:00 цагт хэлэлцэхээр болжээ.


Мөн Өнгөрсөн хоногуудад УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжих үү гэдэг тодорхойгүй байсан ч Ардчилсан намын дарга асан Н.Алтанхуягтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ 2016 оны УИХ-ын сонгууль хүртэл хүчинтэй гэсэн ам, тангаргыг шинэ даргаас авсны хүчинд шинээр байгуулагдах Засагт хамтрах нь нэгэнтээ тодорхой болсон байна. ИЗНН-аас ирэх хоёр санал бүтнээрээ Ч.Сайханбилэгийнх болж таарна. Тэгэхээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 35 гишүүнээс ядаж 28 нь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжиж чадвал Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд өнөөдөр УИХ-аар батлагдана.


Ямартайч хэдэн долоо хоног хөлийнхөө улийг улайстал, цагаан хөөсөө сахартал ярилцаж, хөөцөлдсөний эцэст Ч.Сайханбилэг УИХ-д суудалтай нам, эвслийг өөрийн талд эргүүлж чадсан байна. Тэр ч аргагүй сүүхээтэй эр юм даа гэлтэй. Тэгэхдээ МАН гэж айхтар том ах нар бас бий шүү.

Г.Мягмарсүх