Засгийн газарт хамтрах уу эс хамтрах уу гэсэн асуудал МАН-ын бүлэг дээр ирчихээд хэдэн өдөр таг гацчихлаа. “Эдийн засгийн хямрал нүүрлээд нийгмийн амьдрал хаа сайгүй хүнд хэцүү байна. Тиймээс хамтраад шийдлээ гаргаад улс орныхоо төлөө ажиллах хэрэгтэй” хэмээн ярих иргэд цөөнгүй боллоо. 
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд МАН-ыг ямар их дайрч доромжилж, гадуурхаж байсныг олон нийт сайн мэднэ. Харин одоо МАН-ын бүлэг шиг хэрэгтэй хүмүүс байхгүй боллоо. Хэрэв МАН засагт хамтарч ажиллахгүй гэвэл зарим асуудлыг шийдэх хэцүү хэмээн АН-ынхан улалзаж суугаа бололтой. Зарим нэг эх сурвалжаас үзхэд МАН Засагт хамтарч ажиллах нь тодорхой гэх нь ч бий. Өөрөөр хэлбэл “2016 онд сонгуульд яллаа гэхэд элгээрээ мөлхсөн эдийн засаг хүлээж авахыг хэн хүсэх билээ. Тийм учраас МАН Засгийн газарт орохоос өөр замгүй болж байгаа юм” хэмээн үзэж байгаа хүмүүс олон.

 

Мөн засагт хамтарч ажиллах талаар АН болон МАН-ын бүлгээс гарсан ажлын хэсэг хуралдсан. Ямар нэгэн шийдэлд хүрч чадаагүй гэх боловч цаанаа юу хэлэлцэж тохиролцсоныг таашгүй шүү дээ. Заримдаа голын наана, цаана байгаа хүмүүс гүүрэн дээр уулзчихаад хоёр тийш салаад явдаг юм шиг санагдах нь юуных. Ингээд бодхоор МАН-ын бүлэг Засгийн газарт хамтарч ажиллах нь ойлгомжтой. Гэхдээ хоёр жилийн хугацаанд хангалттай доромжлолыг хүртсэн МАН юу ч хийж магадгүй.


Ямартайч МАН өнөөдөр ээлжит бага хурлаа хийх гэж байна. Бага хурлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс ирүүлсэн засагт хамтрах саналыг хэлэлцэж, шийдвэр гаргах учиртай болоод байгаа. Энэ хүлээлтээс улс эх орны цаашдын үйл хэрэг болон олон зүйл шалтгаалахаар болж байна. Үүнийгээ ч МАН-ынхан ойлгож, саналыг нухацтай авч хэлэлцэх ёстой гэдгээ хэлж байсан. Өнгөрсөн хугацаанд МАН-ынхан засагт хамтрахгүй гэдгээ олон удаа хэлж байсан. Гэсэн ч эцсийн шийдвэрийг өнөөдөр болох Бага хурлаас л гаргана. Энэ утгаараа МАН-ын ээлжит бага хурлын чуулганаас хүлээх хүлээлт их байна.


Гэхдээ ээлжит хурлаас гарах шийдвэр бараг л тодорхой байх гэж үзэж буй гишүүд, иргэд олон бий. Өөрөөр хэлбэл, МАН-ын үе үеийн удирдлагууд өнгөрсөн мягмар гарагт уулзалт хийж, Засагт хамтарч, ачааны хүндийг үүрэлцэх ёстой хэмээн байр сууриа илэрхийлээд амжсан. МАН-ын бүлэг дотор ч бас засагт хамтрахыг дэмжиж байгаа гишүүд цөөнгүй байгаа. Тэгэхээр бага хурал хуралдаад, дээрээс шийдсэн шийдлээ гар өргөж батлах л үлдэж буй бололтой.


Хэрвээ намаа бодвол МАН засагт хамтрахгүй байх нь зүйн хэрэг болно. Харин улс орноо бодвол засагт хамтарч, улс оронд тулгараад байгаа эдийн засгийн хүндрэлийг даван туулахад хувь нэмрээ оруулах байх. Улс төрийн намууд үнэхээр л улс орныхоо эрх ашгийг түрүүлж хардаг юм бол энэ удаад хамтрахаас өөр ямар ч сонголт байхгүй. Ямартайч 90 жилийн түүхтэй намын буурь, зангараг гаргаж, хамтрах эсэх нь тус намын Бага хурлаас шийдэгдэнэ.

Г.Мягмарсүх