nerdevshigchШийдлийн гэх засгийн газрын дэд сайдуудад хэн томилогдох вэ гэдэг тухай яриа сүүлийн хэд хоног үргэлжиллээ. Улстөрийн нам бүр өөрт оногдсон квотынхоо хүрээнд дэд сайдуудынхаа сунгааг хийж байна. Харамсалтай нь дэд сайдуудад нэр нь яригдаж байгаа зарим намын   эрхэмүүд ажил мэргэжлийн туршлага  гэхээсээ илүүтэй  хөрөнгө чинээтэй аавынхаа нэр хүнд, бэл бэнчингээрээ уралдаж байгаа дүр зураг ажиглагдах боллоо. МАН-д гэхэд л Эрдэнэтийн ГОК-ийн захирал асан Ганзоригийн хүү Г.Тэмүүлэн,  Элчин сайд асан Хангайн хүү А.Алтай,   Их засаг Их сургуулийн  захирал Ням-Осорын хүү Н.Учрал тэргүүтэй “памперстэй балчирууд” дэд сайд болно гэж намынхаа даргын үүдийг сахиж суугаа гэнэ.  Тэднээс ганц зүйлийг асуумаар санагдана. МАН сонгуульд ялагдаж, цөөнх болсон өмнөх 2 жилд тэд  хаана явсан вэ, намдаа ямар тус дэм болсон вэ? Н.Алтанхуягийн засгийн  газрыг ядаж  твиттерээр ганц удаа шүүмжилж байсан удаа бий юу.

Монголчууд  “өнчин хүнд ноён  олон, өдрийн хоолонд эзэн олон” гэж ярьдаг.  Гэнэтхэн л сайд, албан тушаалын төлөө яахаас ч буцахгүй хандаж байгаа энэ мэтийн залуус ингэж хандаж байгаа шигээ намын нэр хүнд, ирээдүйг юугаар ч балдуурдаж болох гэдгийг МАН-ын дарга М.Энхболд  эрхбиш гадарлаж байгаа гэж найдаж байна.

АН-ын хувьд дэд сайтуудын сонголт МАН-ыг бодвол арай  “эрүүл” мэт харагдах хэдий ч бас л фракциудын тохироо, мөнгө хөрөнгөөр дэд сайдуудаа сонгох нь бололтой. Тухайлбал, өмнөх Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан,  төрийн албаны туршлагагүй, Цагаан шонхорын Энхтайваны “гарын хүн” гэгддэг М.Хүдэрбаатарын нэрийг зүтгүүлж байгаа нь оновчтой биш юм. Учир нь өмнөх засгийн газар  “унахад” энэ хүн Ерөнхий сайдад юу зөвлөж байсан болж таарах вэ?

Уг нь   намууд  дэд сайдуудын сонгохдоо  ажлын туршлага, мэдлэг, намдаа ажилласан зүтгэлийг  нь харгалзан үзэж, өөр хоорондоо нь өрсөлдүүлэх,  нээлттэй сонгон шалгаруулалт явуулах замаар асуудалд хандсан болно зөв оновчтой хүмүүс сонгогдоно гэж ажиглагчид үзэж байна.Ингэж шалгаруулаагүйгээс болоод  нэр хүндтэй аавын хүү,  хөрөнгө мөнгө,  бэл бэнчинтэй хүмүүс  болон фракциудын тохирооны хүмүүс  л дэд сайдын шалгуурыг хангаж байгаа мэт дүр зураг харагдах боллоо.

Ц.Мөнх

Ugluu-logo