Одоогоос хагас жилийн өмнө Ерөнхий сайд асан Сү.Батболд "Бид улс орны том бодлогыг АН-ын оролцоотой боловсруулахыг хүсдэг.

Харин АН-ынхан маань МАН-гүйгээр асуудлыг шийдвэрлэнэ гэж зүтгэдэг" гэсэн утгатай яриа өгч байсан. Үүнтэй нэгэн адил саяхан Ерөнхий сайд асан С.Баяр "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орохдоо "Би хувьдаа Монгол Улсын том, том асуудлыг АН-гүйгээр шийдвэрлэж болохгүй гэж үздэг. Харин АН-ын зарим нөхдүүд маань МАН-ыг газрын хөрснөөс арчаад өгөх юмсан гэдэг. Ялгаатай бодол байгаа биз дээ?" хэмээн асууж байсан. Гэтэл өчигдөр АН-ын гишүүн, ШӨХТГ-ын даргын ажлаа өгөхөө мэдэгдэж улс төр хийх болсон О.Магнай "МАН-ын гишүүдийн хажууд суухад хүртэл дотор муухай оргидог. Яаж би ийм хүмүүстэй хамтарч ажиллах юм бэ" хэмээн асууж байна. Үнэхээр МАН, АН-ын гишүүдийн хооронд асар том бодлогын, үзэл бодлын, үнэт зүйлийн ялгаа байна. Мэдээж С.Баяр, Сү.Батболд хоёрын мэдлэг боловсрол, туршлага, асуудалд хандах хандлага, ноён нурууг О.Магнайтай жишихийн аргагүй л дээ. Гэхдээ л О.Магнайгийн "МАН-ын гишүүдийн хажууд суухаар дотор нь эвгүйрдэг" гэсэн үг олон хүний анхаарлыг татаж эхэллээ. Хэрэв О.Магнай ийм бодолтойгоор хувьсгал хийнэ гэвэл МАН-ын бүх гишүүдийг яана гэсэн үг вэ? Зайлуулна гэсэн үг үү? Нэгэнт л нэг улсад хамт амьдрахаар дотор нь эвгүйрхээд байгаа хувьсгалч залуу юу бодож энэ үгийг хэлнэ вэ? МАН дотор О.Магнай шиг ийм туйлшрамтгай залуус байхгүй байгаа нь аз юм даа. Байсан бол хоёр талаасаа тулалдаад аюул болох нь л дээ?  

magnai0603

О.Магнай цаашдаа ч МАН-ынхнаас сэжиглээд хамтарч ажиллаж чадахгүй юу?

Улс эх орныхоо эрх ашгийг төлөө МАН, АН хоёр хамтраад ажиллах хэрэгтэй л дээ. Ард түмэн ийм сонголт хийдэг. Дэлхийн улс төрийн түүхийг харахад том намууд нь хамтраад ойлголцоод, бие биедээ хяналт тавиад улс орноо хөгжүүлээд л ирсэн байдаг. Гэтэл том намынх нь гишүүд бие биенээ харахаар огиудас хүрдэг гээд О.Магнай шиг хоёр тийшээ харж суугаад хувьсгал яриад нэг нь л үлдэнэ гэх зохимжгүй л дээ. Үнэхээр О.Магнай ийм бодолтой бол улс төрд хол явахгүй. Мөнхийн гудамжны жагсаалчингаараа үлдэнэ. Одоогийн байдлаар бол 2016 онд МАН, АН-ын аль ч илт давуугаар ялж чадахгүй. Тэгэхээр 2016 онд дахиад л хамтарсан засаг. Тэр цагт О.Магнай "МАН-ын гишүүдийн дэргэд суухаар дотор муухайрч байна" гэдэг үгээ хэлээд төрийн ажил хийхгүй, дарга болохгүй байх л даа. Хамгийн өөдрөгөөр төсөөлөхөд 2016 онд О.Магнай УИХ-ын гишүүнээр сонгогдоод ороод ирж болно. Чуулганы танхимын талыг МАН-ынхан эзлээд сууна. Бас л О.Магнай "МАН-ын гишүүдтэй нэг танхимд өдөр болгон суух, нэг парламентад ажиллахаар дотор муухайруулж байна" гэдэг үгээ хэлээд гудамж руугаа гарах ёстой л доо. Хэлсэн дээ хүрдэг эр хүн мөн бол шүү дээ. Харж л байхаас даа. 2016 онд олон хүн О.Магнайгаас ингэж ам асуух болно.

О.Магнай ШӨХТГ-ын дарга байхдаа цалингаасаа татгалзаж, гар утасныхаа мөнгийг өөрөө төлж байсан уу?

О.Магнай Шийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгийн шийдвэрүүдэд ч сэтгэл дундуур байгаагаа зарлав. Тэрээр Ч.Сайханбилэг Ерөнхий сайдыг хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхдээ "цалингаасаа татгалцаж, гар утасныхаа төлбөрийг өөрөө хийхийг уриалж байгаагаа" хэвлэлээр дайсан. О.Магнай ийм санаачилга гаргаж байгаа нь зөв. Гэхдээ асуулт байна. Эдийн засгийг элгээр нь хэвтүүлэх ажлыг О.Магнай хийлцсэн. Буруу бодлого явуулсан Засгийн газрын бизнесийнхнийг хавчиж шахаж байсан ШӨХТГ-ынх нь дарга байсан. Тэгэхдээ О.Магнай цалингаасаа татгалзаж, гар утасынхаа төлбөрийг өөрөө хийж байсан уу? Дарга байхдаа ингэж чадахгүй байж ажлаа өгчихөөд улс төрийн зорилгоор Ч.Сайханбилэгийг ингэж шахаж байгаа бол муухай үйлдэл болно. Дэндүү уйваагүй үйлдэл. Өөрөө дарга байхдаа тэгж чадаагүй байж бусдыг тэг гэж шахах бол бүтэхгүй хүмүүсээс л гарах яриа. Тиймээс олон нийт О.Магнайгаас "Та эдийн засгийг хямруулсан Засгийн газрын агентлагын дарга байсан. Тэр үедээ цалингаасаа татгалзаж, утасны төлбөрөө өөрөө хийж байсан уу?" гэж үргэлж асуух хэрэгтэй боллоо. 

О.Магнай улс төрд ямар цэвэрлэгээ хийх вэ?

О.Магнай ирэх оны 1 дүгээр сарын 11-ний дараа тэмцэлийн ажилдаа орохоо зарлав. Гэхдээ "улс төрд цэвэрлэгээ хийнэ" гэж тунхаглаж байна. Социализмын үед "цэвэрлэгээ хийх" гэсэн хэллэг байсан. "Улс төрийн цэвэрлэгээ хийнэ" гэхээр хүнийг цөлдөг, шоронд хийдэг байсан. О.Магнай ийм ажил хийх юм болов уу? Монголын улс төрд ямар цэвэрлэгээ хийх гээд байна вэ гэдэг нь анхаарал татаж эхлэв. Төрийн ажил хоёр жил хийсэн О.Магнай огт төлөвшөөгүй бололтой. Тэрээр "Жагсаал цуглаан харахлаар сэтгэл хөдөлдөг “өвчтэй” болсон"-оо тунхаглаж байна. Ийм хандлагатай хүн төрийг удирдаж, түвшитгэж чадах уу гэдэг ихээхэн эргэлзээтэй. Өнгөрсөн түүхийг харахад ийм зүйл ярьдаг хүмүүс хэсэгхэн зуур тодроод алга болдог. Харин О.Магнай яах бол?