imagesХэрвээ Рио Тинто гацаанд орсон Оюутолгойг Монголд дахин эхлүүлэхээр болвол юуг өмнөхөөсөө өөрөөр хийх ёстой вэ? Энэхүү асуултын хариултыг эрдэм шинжилгээний өгүүлэлд тусгажээ. 

Барууныхан монголчуудыг том том уурхайн төслүүд дээр гадаадын хөрөнгө оруулагчидтайгаа тохиролцоонд хүрч чаддаггүй учраас эцэстээ төслийг гацааж хаа хаанаа хохирол амсч, хугацаа их алддаг хэмээн бичиж байна. Хамгийн сүүлд л гэхэд “Financial times” сэтгүүлд “Рио-гийн Монголтой хамтран ажилласнаас сурах хичээл” нэртэй нэгэн сонирхолтой нийтлэл бичигджээ. 

“Рио Тинто”-гийн зөвлөх уул уурхайн компаниуд засгийн газруудтай хамтран ажиллахдаа хэрхэн эрсдлээ бууруулах вэ нэртэй судалгааны өгүүлэл бичиж нийтлүүлсэн юм байна. Хамгийн гол нь уг өгүүлэлдээ Монголын засгийн газартай хамтран ажиллаж буйг судалжээ. Тэгээд хилийн чанад дахь засгийн газруудтай хамтран ажиллахдаа эрсдлээ хэрхэн бууруулах вэ гэдгийг дүгнэж бичсэн байна. 

“Рио Тинто”-гийн тусгай зөвлөх Хенри Стийл болон Миланы Бокконийн их сургуулийн судлаач Стефано Гатти нар энэхүү өгүүллийг бичжээ. 

Тэд чухам яагаад Оюутолгойн төслийг судалгааны объект болгон сонгосноо ингэж тайлбарлаж байна. “Оюутолгой дэлхийн хамгийн том зэсийн үйлдвэрлэгч болохоор хүлээгдэж байна. Гэтэл “Рио Тинто” болон Монголын засгийн газар уурхайн хоёр дахь шатны буюу газрын гүн дэх үед олборлолт эхлүүлэхдээ төлбөрөө хэрхэн төлөх вэ гэдэг дээр маргалдсанаас болоод төсөл гацаанд орчихоод байгаа юм. “Рио Тинто” татвар болон төлбөрийн асуудлыг тодорхой болгоогүй үед олборлолт эхлүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол Монголын засгийн газарт үүргээ биелүүлэхэд бэлэн мөнгө хэрэгтэй байна. Энэ үл зөвшилцөл нь судалгааны гол цөм болсон” гэжээ. 

Олон улсын мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж буй уг өгүүллийг гол санаа нь хөтөч засгийн газартай болох тухай аж. Өгүүлэлд талууд сонирхлоо нэгтгэхийн тулд, гацаанд орох эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд хөтөч засгийн газар буюу гуравдагч талтай байхёстой гэжээ. Ингэснээр хөтөч засгийн газар маргааныг үүсэх болон шийдвэрлэхэд нөлөөтэй үүрэг гүйцэтгэх ач холбогдолтой гэнэ. Мөн засгийн газар талуудад ашигтай бус үед хувьцаагаа зарах зэргээс урьдчилан сэргийлж хяналт тавих үүрэг гүйцэтгэнэ хэмээн дүгнэжээ. 

“Рио Тинто” энэ талаар “Эрдэм шинжилгээний өгүүлэл нь судлаачдын бие даасан бүтээл юм. Үүнд “Рио Тинто” оролцсон, захиалсан эсвэл хамтран ажилласан гэх ямар ч зүйл байхгүй” хэмээн мэдээлсэн байна. 

Барууны хэвлэлүүд Монгол Улс уул уурхайн хөрөнгө оруулагчдаа алдлаа, олон улсад нэр хүндгүй боллоо гэх мэдээллээр баахан бөмбөгдсөн. Үүнийхээ араас асуудлыг шийдвэрлэх ийм гарц байгаа гэдгийг бүр академик үндэслэлтэйгээр ийн дэвшүүлж байна. Тиймээс гацаанд орсон Оюутолгойн төсөлд гуравдагч тал буюу хөтөч засгийн газар оруулах гэсэн санаархал гадны хөрөнгө оруулагчид байгаа юм биш биз гэсэн хардлага төрүүлж байгаа юм. 
Д.Үжин