Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, сүүлийн зургаан жилийн хугацаанд саатсан Таван толгойг дэлхийн хэмжээний уурхай болгох шийдвэрүүдийг эцэслэн гаргахыг монгол хүн бүр хүсч байгаа. Оюу толгой дээр маргаантай байсан зүйлүүд дээр зарчмын тохиролцоонд хүрч үр дүнг нь ойрын хугацаанд зарлахаар боллоо.

Хоёр толгойгоо шийдсэнээр гацаа арилж хөдөлгөөн эхэлнэ гэж Ерөнхий сайд хэлсэн. Нэг үгээр Засгийн газар хэлэлцсэн, хоёр толгой хөдлөх нь гэсэн ойлголт түүний хэлсэн үгнээс ойлгогдсон. Харанхуйд нар гийх шиг итгэл төрүүлсэн Ерөнхий сайдын энэ үг эдийн засгийн хямралаас гарах нь юу юугүй хоёр толгойгоо эргэлтэд оруулах нь гэсэн ойлголт өгөв. Дуусдаггүй яриа гэдэг шиг шийдэгддэггүй хоёр толгойн асуудал нэг тийш болох нь гэж магнай тэнийв.

Сайн мэдээ хүний зүрхэнд шууд тусдаг хуулиар бүгдээрээ л гацаанд орчихоод байгаа хоёр толгой хөдлөх нь гэж талархан хүлээж авлаа. Гэтэл бас л биш. Манай төрийн гурван удирдлага сүүлийн үед хүчтэй яригдаж байгаа Таван толгойн асуудлыг гурван өөр янзаар яриад байна. Эхний хүний хэлсэн үгийг нөгөөх нь няцаав. Эцэст нь яах бол гэсэн эргэлзээ хэвээр л үлдлээ. Ерөнхийлөгч аж ахуй нэгжүүдийн хоорондоо шийдчих асуудал, тэд өөрсдөө мэдээд явах бүрэн боломжтой гэсэн бол УИХ-ын дарга УИХ-аар хэлэлцэх хэрэгтэй. Үндэсний аюулгүй байдалд харшилсан гэрээ байна. Хэтэрхий нэг зах зээлээс хамааралтай болгох гэлээ. Сунгалтын хугацаа их байна. Иргэдийн хувьцааны асуудлыг бүрхэг хаясан. Шийдэх механизмгүй байна гээд хэд хэдэн болгоомжлох зүйлийг дурдсан. Түүний ярианаас Таван толгойг Засгийн газар дур мэдэн шийдэх боломжгүй гэж ойлголоо.

Ингэж яриад гурван тийшээ харчихлаа. Тэдний энэ үгсийг сонсоод “Хавч, цурхай, галуу гурвын үлгэр” шууд санаанд бууж байна. Галуу ачааг тэнгэр лүү татаж, хавч ой руу, харин цурхай цүнхээл рүү чирдэг. Хичнээн хүч гаргаад ч ачаагаа хөдөлгөж чаддаггүй. Ард түмний хүсч хүлээгээд байгаа Таван толгойн хувь заяа өнөөгийн байдлаар яг тэр боодолтой ачаа шиг хаашаа ч хөдлөхгүй болчихоод байна. Төрийн гурван толгой өөр юм ярьж, Таван толгойгоо гурван тийш чангаагаад байгаа болохоор яаж ч хөдлөх билээ.

Орчин үед ард түмэн асар өндөр боловсролтой болсон. Ухаалаг, мэдээлэл асар хурдтай түгдэг нийгэмд амьдарч байгаа хаширжсан, хэрсүүжсэн, мэдээлэлжсэн, ухаалаг, боловсролтой ард түмний нүдэнд энэ нэг намын, нэг жалгын, нэг танхимын гурван хүн ингэж ярихаар жүжиг тавих шиг санагдана. Хөшигний ард хөөрөг зөрүүлэн инээж суухаар хүмүүс олны өмнө үг, үйлдэл, үзэгдэл, дүрээ хувааж аваад л өнөөх жүжгээ тавьчихаж байна. Засгийн газар ажил хийдэг, УИХ шударга ёсыг сахиулдаг, Ерөнхийлөгч аж ахуй нэгжийг харж үздэг гэсэн дүрд тоглоод байна уу. Гэдэс нь хонхолзож, бүтэн 25 жилийн улстөржилтөд тамираа барсан ард түмэнд хоёр толгой нь хөдөлж таван төгрөгтэй болох нь юун түрүүнд хэрэгтэй. Магад өнөө маргаашгүй гэж шахамдуулах нь яарсны хэрэг биз. Гэхдээ маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги гэдэг үг бий. Иргэд маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушгийг илүүд үзэж байх шиг. Хүмүүс өөрсдөө болох бүтэхээрээ хөдөлмөрлөж, идэх хоол, сурах сургууль, эмчлүүлэх эмнэлгийн төлбөрөө олох хэрэгтэй л дээ. Гэсэн ч улс орны өнөөгийн нөхцөлд өөрсдөө мачийтал хөдөлмөрлөсөн ч тийм амар цатгалан байж чадахгүй байна. Тиймээс ч ингэж шаардаж байна. Үүнийг буруу гэж хэлэхэд хэцүү. Таван толгойгоо хөдөлгөх л хэрэгтэй байна. Тэгэхээр Таван толгойг хөдөлгөх нь та гурваас, төр улс удирдаж яваа удирдагч нараас шалтгаалж байна. Улс орныг удирдаж байгаа удирдлагуудаас хамаарна.Улс төрчид, төрийн удирдагчид дунджаас сонгогдсон байдаг. Учир нь нийгмийг авч байгаа олонхи нь дундаж орлоготой иргэд. Тэгвэл ард түмний дунд ухаантай хүмүүс маш олон. Тэд удирдагчдын юу хийж байгаа, юу ярьж байгаа, тэр бүү хэл юу бодож байгааг ч мэдэж байдаг. Дээр нь асар их мэдээлэлжсэн байгаа. Тэрнийхээ хэрээр улстөрчийн үйлдэл бүрийг шууд уншаад сурчихаж. Бараг урьдчилаад хэлэхэд онох нь их болж. Ингэж асарих мэдээлэл олж авах эрх, далдыг ил болгохыг ардчилал өгсөн юм. Хэвлэл мэдээлэл, цахим сүлжээгээр тэд хангалттай мэдээлэл авч, бас мэдээллээ солилцож байна. Хэний эрх ашиг, хэний хувь сонирхол ийм байдалд хүргээд байгааг ямар ч тархи угаалтгүйгээр өөрсдийнхөөрөө тунгааж байгаа.

Ийм хүмүүсийг удирдах хэрэгтэй болдог. Эдгээр хүмүүсийг удирдахын тулд шударга байхаас аргагүй. Тархи угаах, пиардах ямар ч боломжгүй. Шударга байхгүй л бол тэд шууд барьчихна. Зайлах аргагүй. Ямар ч сайн найруулсан жүжгийн эхлэл, өрнөл, төгсгөлийг андахаа байж, ард иргэд. Тэгэхээр та гурваас бүх зүйл шалтгаалах гээд байна шүү дээ. Таван толгойгоо тал тал тийш нь татаад байвал огт хөдлөхгүй ээ. Нэгэн зүгт л хөдөлгөх хэрэгтэй юм. Жүжиг тавих ч хэрэггүй. “Таван толгойн асуудал шийдвэрт хүрэхгүй байгаа нь бүлэглэлүүдийн хувийн сонирхлоос болж байна. Монголыг хорлож дуусахгүй хувийн амбицаа гаргаж байна, Таван толгой хөдөлбөл Монгол аврагдана, улстөрчид хувь авахгүй байх вий гэхээс айж л дуусашгүй маргаан дэгдээлээ” гэх мэтээр иргэд халаглаж байна.

Ард түмэн оюутай,оюугүй хоёр толгойдоо л найдаж сууна. Найдварыг талаар болгочихгүйхэн шиг гурван сая толгойгоо хоёр толгойгоороо аврах нь та бүхний үүрэг. Сайн удирдагч улс орноо хэрхэн өөд татдагийг, муу удирдагч яаж унагадгийг дэлхийн жишээ байнга харуулж байгаа.

М.СҮЛД