Монголын төр хөгшчүүддээ дэндүү харгис хандаад байна
2015/04/25
Тэтгэврийн хүүг тэглэж болох уу, үгүй юу гэдэг асуудал аль эртнээс яригдсан гэхэд болно. Ахмадуудын хувьд хүнд ачаа гэмээр энэ тогтолцоог болиулах гэж эрмэлзэгсэд ч цөөнгүй.
Цаашлаад тэтгэврийн мөнгөөр амьдралаа зогоож буй айл өрх ч цөөнгүй байгаа энэ цаг үед тэтгэврийн зээлийн хүү гэж асар өндөр тоо тэднийг даралсаар байгаа нь нууц биш билээ. Өнөөдрийн нийгэмд залууст ажил олдохгүй, олоод ажиллаа ч авч байгаа цалин нь амьдралд нь хүрэлцэхгүй тийм л байдал бий болчихоод байгаа. Иймэрхүү тохиолдолд айл гэрт байгаа ахмад буурлуудын тэтгэврийн хэдэн төгрөг амжиргааг залгуулах үндэс болдогийг хэн хүнгүй мэдэж байгаа.
Гэтэл ийм амьдралтай ард иргэдийг тэтгэврийн зээлийн хүү гэж "эрүүл бус" тогтолцоо шулж, сөхрүүлж байгаа нь нууц биш билээ.
Тэтгэврийн зээлийн сарын хүү 1.5-2 хувь байна. Тэгэхээр жилийн 18-20 хувийн хүүтэй гэсэн үг. Тэгвэл ийм зээлийг өдөрт сая саяаар нь олж байдаг том компаниуд ч авахад бэрх гэдгийг хар ухаанаар бодоход л гараад ирмээр. Гэвч төрийн зүгээс зээлийн хүүг бууруулах алхам хийхгүй байсаар өдийг хүрлээ.
Банкуудын зүгээс ч нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, бодит амьдралтайгаа нийцүүлж хүүгээ бууруулж болно. Гэвч аль аль нь дорвитой зүйл хийхгүй, ард иргэдийг шулсаар байгааг иргэд ч, учир мэдэх хүмүүс ч хэлж байна.
Сүүлдээ бүр социализмын үед ажиллаж байсан иргэдийн архив устсан гэдэг шалтгаанаар 37 жил ажилласан хүний архив олдохгүй болохоор 17 жилээр ажилласанд тооцоод хувь тэнцүүлсэн тэтгэвэр өгөөд явж байна.
Гэтэл тэр хүн өөрөө архиваа өвөртлөөд явж байх ёстой байсан юм уу гэвэл үгүй. Төр архиваа хамгаалаагүйн буруугаас болж иргэд хохирч байгаа нэг үзэгдэл.
Эцсийн эцэст тэтгэврийн мөнгийг төрийн зүгээс зүгээр нэг тэтгэмж өгч байгаа аятай бодож байгаа нь том эндүүрэл. Гагцхүү тэтгэврийнхэн хэдэн арван жилийн турш улсад төлсөн шимтгэлээсээ л оногдуулсныг нь авч байгаа асуудал шүү дээ.
Дээр дурдсанаар архив үрэгдсэнээс тэтгэврийнхний 74 хувь нь тэтгэврийн хамгийн доод хэмжээг авч байгаа гэх тоо байна. Арай л шударга бус зүйл бус гэж үү?
Цаашлаад зээлээ төлж дуусаагүй бурхан болсон хөгшний зээлийг ар гэрийнхэн нь төлж барагдуулдаг. Талийгаачийнхаа араас хэл ам хийж, ясыг нь өндөлзүүлээд яахав гээд хурдан хугацаанд яаж ийж байгаад л тухайн зээлийг нь төлж барагдуулахыг хичээдэг. Нэг иймэрхүү гаж гэмээр, бусдыг шулсан байдалд цэгц оруулахгүй бол урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж амьдарч буй ард иргэд хэцүүдэх нь.
Ийм байдлаар Монголын төр хөгшчүүддээ дэндүү харгис хандаад байна гэдгийг учир мэдэх хүмүүс хэлсээр байна.
Зочин · 2015/04/26
Үнэхээр төр хөгшчүүдийн талаар ярихаас өөр дорвитой юм хийсэнгүй дээ. Энд сууж байгаа хөгшчүүдийг хардаа. Хөөрхийлэлтэй харагдаж байгаа биз. Ингэж амьдруулах гэж ******алж байгаагаа ухаардаг Засгийн газар УИХ юу бодож суудаг бол. Эрдэнээ сайд улм л таргалаад ....