Хэлж ирдэггүй хийсч ирдэг байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх боломж хүн төрөлхтөнд бараг л байдаггүй. Тэгсэн атал гамшгийн учруулсан хор хохирол үлэмж их. Тэр тусмаа эрдэнэт хүний амь насыг юугаар ч сольшгүй. Хөвсгөл аймагт энэ сарын 8-нд гурван хүүхэд байшинтайгаа шатаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал эцэг, эх нь хүүхдүүдээ гэртээ цоожлоод үлдээсэн байж. Гэтэл байшинд гал гарч, аймгийн Онцгой байдлын алба хаагчид цаг алдалгүй очиж ажилласан ч хүүхдүүдийн амь насыг аварч чадаагүй. Энэ талаар цахим сайтаар янз бүрийн мэдээлэл хөвөрсөөр, бяцхан үрсийн амийг аварч чадаагүй гал сөнөөгчдийг буруутгасаар байна. Чухам юу болсон талаар тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Даваасүрэнгээс тодрууллаа. 
 

-Танай аймагт насанд хүрээгүй гурван хүүхэд байшинтайгаа шатаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Хүүхдүүдийн амь насыг аврах боломж байгаагүй юм уу? 
 

-Мөрөн сумын Жилчиг багт оршин суудаг иргэн А-гийн байшин шатаж байна гэсэн дуудлага энэ сарын 8-нд манайд ирсэн. Дуудлага аваад цаг алдалгүй очиход гурван хүүхэд байшин дотор байгаа гэсэн. Гэтэл байшингийн цонх битүү төмөр тортой, хаалга цоожтой дотор нь гал дүрэлзэж байв. 8x12 харьцаатай мансардтай байшин байна лээ. Байшингийн хаалгыг онгойлгож ороод хүүхдүүдийг нэлээн хэдэн минут хайж, олж авахад тэд амьсгал хураасан байсан.
 

 -Цахим мэдээллийн хэрэгслээр Гал унтраах ангийнхан тухайн газарт очиход хүүхдүүд байшин дотроо орилолдоод байсан гэсэн мэдээлэл гарч байна. Танай алба хаагчид хайхрамжгүй ажилласан юм биш үү? 
 

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн мэдээлэл гарч байна. Сайтуудаар гарсан мэдээллийг уншсан. Гэхдээ албаны эх сурвалжаас тодруулаагүй байж худал мэдээлэл бичиж, нийгэмд түгээх шаардлагагүй. Хүний амь нас эрсэдсэн байхад эцэг, эхийг нь буруутай гэж бичсэн байна лээ. Үхтэл үр харам гэдэг. Үр хүүхдээ алдсан хүмүүст хэцүү байгааг бодолцож бичих хэрэгтэй. Нөгөө талаар, манай алба хаагчдыг муу ажилласан гэж шүүмжилж байна. Гал унтраах ангийнхан эрсдэлтэй нөхцөлд иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалахаар ажилладаг. Тиймдээ ч энэ удаа гал сөнөөгчид маань чадах чинээгээрээ ажилласан, их хичээсэн гэдгийг албан ёсоор хэлмээр байна.
 

 -Тухайн газарт хэчнээн алба хаагч ажилласан юм бэ. Хэдэн цагийн дотор галыг бүрэн унтраав? 
 

-Гал унтраах, аврах 27 дугаар ангийн нэг, хоёрдугаар тасгийн 18 алба хаагч, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр тухайн газарт хоёр цагийн турш ажиллаж байж галыг унтраасан. 
 

-Цахилгаанаас болж гал гарсан гэх урьдчилсан дүгнэлт гарсан гэсэн. Энэ үнэн үү? 
 

-Холбогдох албаныхан ямар шалтгаанаас болж гал гарав гэдэгт хяналт шалгалт хийж байна. Одоогоор ямар нэгэн дүгнэлт эцэслэн гараагүй. 
 

-Та хүүхдүүдийн эцэг, эхтэй уулзсан уу? 
 

-Уулзаагүй ээ. Ер нь хүүхдээ хараа хяналтгүй, гэрт нь түгжих буюу орхиж явж болохгүй. Ямар нь нэгэн аюул осол санамсаргүй байдлаар гардаг. Тэгэхээр эцэг, эхчүүд энэ асуудалд анхаарал, болгоомжтой хариуцлагатай хандах шаардлагатай байна.
 

 

С.ИЧИНХОРЛОО