Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат цасан цагаан дээлийнхээ энгэрийг Тамсагийн нефтиэр мялааж байсан торгон мөчийг санаж буй хүн олон бий байх. Харин тэр үед мань хүний хэлсэн “Монгол оронд үйлдвэрийн ач холбогдол бүхий газрын тосны орд байх боломжгүй, эх орныхоо хэрэгцээг 300 шахам жил хангах нефтийн нөөц Монголд байх үндэстэй гэсэн дүгнэлтүүдийн хооронд манай өнөөгийн ардчилал байгаа” хэмээн өгүүлснийг ухаж ойлгосон нь цөөхөн одоо санаж байгаа нь ч бүр цөөхөн байх.

Түүний хэлсэн хоёр ишлэлийн эхнийх нь “ах нар”-ын дүгнэлт бол удаах нь барууны эрдэмтдийн хэлсэн үг аж. Өөрөөр хэлбэл нэг нь газрын тосны ямар ч орд байхгүй гэсэн бол нөгөөх нь барж идэмгүй баялаг буй гэж хэлж байж.

Ингэхэд манай оронд нефтийн нөөц хэр  вэ, байгаа нөөцөө үйлдвэрлэлд оруулчихвал ашигтай байж чадах уу гэсэн асуулт эндээс төрлөө. Ер нь “ах нар” манайд байхдаа яагаад нефть олборлож, боловсруулж болоогүй юм бол, түүнээс бусдыг бүгдийг нь эхлүүлсэн дээ гэсэн хардлага ч бас төрнө. Лав л алсдаа шатахууны хараат байдалд оруулах юм шүү хэмээн хойшлуулаагүй байлтай. Юутай ч энэ чиглэлийн мэргэжилтнүүдтэй уулзаж ярилцсан юм. ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуулийн газрын тос, өрөмдлөгийн салбарын тэргүүлэх профессор Ж.Цэвээнжавын хэлж буйгаар Монгол Улс нефть боловсруулж байсан түүхтэй ажээ. Тэртээ социализмын гэх үед 1963 онд ЗХУ-ын эрдэмтэн Калинкогоор ахлуулсан багийнхан Дорговийн Зүүн-Баян, Цагаан элсний ордод судалгаа хийн 2,7 сая тонн газрын тосны нөөц тогтоосон байна. Түүндээ түшиглэн Зүүн-Бүрэнд бага хүчин чадлын үйлдвэр байгуулж, А-66 бензин гарган авч, говийн аймгуудын хэрэгцээг хангах болжээ. Жилд нэг сая орчим тонн бензин үйлдвэрлэхийн тулд 450 мянган тонн түүхий нефтийг Монголд олборлож, 550 мянган тонныг нь Баруун Сибирээс төмөр замаар зөөн авчирч байж. Учир нь Монголоос олборлож байсан газрын тос хэт өтгөн учир зардал өндөртэй, тиймээс Оросоос шингэн тос авчирч хольдог байж. Монголоос олборлосон өтгөн нефтийг шатахуун болгоход 10 копейкийн зардал гарч байсан бол хольж үйлдвэрлэхэд есөн копейк, шатахуун оруулж ирэхэд дөрвөн копейк болж байсан нь “ах нар”-ыг дээрх Монголд нефть боловсруулах боломжгүй гэсэн дүгнэлтэд хүргэсэн байх талтай. Зүүнбүрэнгийн бага оврын үйлдвэр арав орчим жил ажилласан ч ашиг нь төдийлөн гараагүй байсны дээр үйлдвэрт технологийн алдаа гарч дэлбэрснээс бүрмөсөн хаалгаа хаажээ. ЗХУ-тай ахан дүүсийн барилдлагатай байхдаа Монголд нефть олборлоогүй, үйлдвэр байгуулаагүйн учир ийн тайлагдав. Мэдээж “ах нар”-ын хувьд Монголын газрын тосыг Новосибирск болоод Баруун Сибирийн нөөцтэй харьцуулж үзсэн тал бий. Түүн дээр 1986 онд Монгол Оросын хамтарсан Шероков-Төмөрийн экспедицийн эрдэмтэд “Монгол орны хувьд газрын тосны ирээдүй бүрхэг байна” гэсэн дүгнэлт ташуур болжээ.

 Гэвч энэ бол эцсийн дүгнэлт, туйлын үнэн бас биш гэдэг нь  “Эх орныхоо хэрэгцээг 300 шахам жил хангах нефтийн нөөц Монголд байх үндэстэй” гэсэн барууны эрдэмтдийн дүгнэлтээс харагдаж байгаа юм.  Булангийн орнуудын дайны нөөцгүй байж болох ч өөрийн хэмжээнд хүрэлцэхүйц хэмжээний нефтийг гарган авах боломжтой гэж манай эрдэмтэд хэлж байна. Алт, зэс, нүүрс шиг газрын гадаргыг ухаж төнхөөд байхгүй, нөөцөөр баялаг орнуудад бол  айлынхаа хашаанд ч өрөмдөөд л олборлочихдог газрын тос өнөөдөр дэлхийн эдийн засгийг тодорхойлсон хэвээр байна. Тиймээс хайгуул судалгааг хийх нь хамгийн чухал гэж ШУТИС-ийн профессор Ж.Цэвээнжав хэлж байна. Одоогийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн гуравны нэг хувьд л хайгуул хийж буй. Алтай Хангайн завсар, говь талыг хамарсан хайгуулын 30 талбайг улсын хэмжээнд зарлаад байгаа бөгөөд энэхүү хайгуулын талбайн зарим хэсэг нефтийн асар их нөөц бүхий зарим ордтой газар доогуураа холбоотой байх магадлалтай гэнэ. Ийм нэгэн тос шиг сайхан мэдээг эрдэмтэд гаргасаар атал эрх баригчид нь  хайгуул, олборлолт, үйлдвэрлэлээ  яарахгүй байгааг гайхахаас аргагүй. 1995 оноос хойш бэлтгэсэн нефтийн мэргэжилтнүүд нь хийх ажилгүй зэвэрч суугааг дуулгахын дээр нефтийн магнат  Жон Роксфеллерийн хэлсэн  “Нефтийг олборлох, боловсруулах, боловсруулах, тээвэрлэх, борлуулах зохион байгуулалт нэг гарт байж гэмээнэ ашиг олно” гэсэн үгээр төгсгөл хийе.
 

Д.ЦЭЭПИЛ