Төв цэвэрлэх байгууламж 1969 онд байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар хоногт 160 куб метр усыг хүлээн авч 80-85 хувиар цэвэршүүлэн Туул голд нийлүүлж байна.  Хэдийгээр олон төсөл хөтөлбөр хэрэгжсэн ч  төслийн хугацаанд эвдрэл доголдол гарсан.  Эрээвэр хураавар тоног төхөөрөмж бүхий цэвэрлэх байгууламжид шинэчлэл өргөтгөл хийхгүй бол жил хагасын дараагаас ачааллаа дийлэхгүй зогсоход хүрнэ.

Үүнээс наана нь гурав хоногийн зогсолт хийж,  аэротекийн хэсэгт засвар хийхээс өөр аргагүйд хүрээд байна.  Өөрөөр хэлбэл бохир ус цэвэрлэх хэсэгт завар хийх шаардлагатай бөгөөд хэсэг нь устай  үед  засвар хийх боломжгүй ажээ.  50-70 хувийн гэмтэлтэй байгаа уг хэсгийн засварыг   өнөө маргаашгүй  хийх шаардлагатай байгаа. Үүний тулд  3 хоног нийслэлчүүд усгүй байх,  эсвэл  бохиоо шууд Туул голд асгах гэсэн сонголтыг хийнэ.  Хэрвээ Туул голд  асгах бол  Сонгино орчимд  асгах ажээ.  Асуудлыг  Нийслэлийн удирдлагуудад  тавиад байгаа аж. Гэхдээ энэ асуудалд  толгой мэдэн шийдэх эрх  Хотын  удирлагуудад  байхгүй.  Тиймээс асуудлыг УИХ-ын хэмжээнд ойрын хугацаанд хэлэлцэх шаардлагатай байна.  

Манай улсын шинээр цэвэрлэх байгууламж барих хүсэлтэй, үүнийг Төв цэвэрлэх байгууламжтйнхан удаа дараа мэдэгдсээр байгаа. Улаанбаатар хотын ачааллыг нэгэнтээ дийлэхээ больсон Төв цэвэрлэхэд Японы Жайка өргөтгөл хийх санал тавьсан байгаа юм байна.  Хоногт 63 куб метр бохир ус хүлээн авах хүчин чадал бүхий өргөтгөл хийнэ. Төслийн өртөг 319 тэрбум төгрөг. Жилийн 0,1 хувийн хүүтэй 10 жилийн дараагаас хүүгээ төлөх нөхцөлтэй санал аж. Харин одоо тус байгууламжид 8,5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 10 ширхэг хиймэл нуур байгуулах ажил хийгдэж байна. Ингэснээр төв цэвэрлэхэд ирж буй бохирыг байгалийн аргаар цэвэрлэж,  цэвэрлэгээ хийгдсэн усыг 2000-ийн шугмаар буцаан хэт ягаан туяагаар халдваргүйжүүлэн Туул голд нийлүүлэх юм байна. Хэдийгээр энэ мэтээр нөхөж цойлдох арга хэмжээ авч буй боловч дорвитой шинэчлэл хэрэгтэй гэж Төв цэвэрлэх байгууламжийн инженер техникийн ажилтнууд хэлж байна.

Улаанбаатар хотод барилгажилт, гэр хорооллын дахин төлөвлөлт нэмэгдэж байна. Энэ бүгдэд урьдчилан цэвэрлэх байгууламж  хэрэгтэй. Ялангуяа ноос ноолуур, арьс ширнээс гадна мах, сүүний үйлдвэрээс асар их бохирдолтой ус ирдэг. Гэтэл хажуудаа урьдчилан цэвэрлэх байгууламжтай үйлдвэр гарын таван хуруунд багтана. Тиймээс яам, хот, мэргэжлийн хяналтын байгууллагаас хамтран дорвитой арга хэмжээ авах шаардлага тулгарсан байна.  

Бид энэ талаар  Төв цэвэрлэх байгууламжид очиж мэдээлэл бэлтгэн дэлгэрэнгүйгээр эргэн мэдээлэх болно.  

А.Баярмаа