БНЭУ-ын Лакноу хотноо жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Дэлхийн Ерөнхий шүүгч нарын чуулга уулзалтыг санаачлагч, зохион байгуулагч, Геннисийн амжилтын номд дэлхийн хамгийн олон буюу 45000 сурагчтай сургуулиар бүртгэгдсэн “Сити Монтесорри” сургуулийг үндэслэгч, доктор Жагдиш Ганди болоод түүний хамтран зүтгэгч ноён Сандеп Саривастава нар Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийн урилгаар Монгол Улсад 2015 оны 5 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна.

Анх 1959 онд доктор Жагдиш Ганди нь тухайн үеийн ханшаар 10 доллартай тэнцэх хэмжээний руппигээр “Сити Монтесорри” сургуулиа 5 сурагчтайгаар байгуулж байсан бол өдгөө 45000 гаруй сурагчтай 20 салбар бүхий дэлхийн шилдэг сургуулиудын нэг болжээ. Тэрээр зөвхөн сурган хүмүүжүүлэгч төдийгүй дэлхийн энх тайвны төлөөх үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулах зорилгоор 2001 оноос эхлэн бүс нутгийн болон дэлхийн олон орны хүний эрхийг адил тэгш боломжоор хангах, хамгаалах боломжийг эрэлхийлэх, харилцан ойлголцох үүднээс Дэлхийн Ерөнхий шүүгч нарын чуулга уулзалтыг санаачлан өдгөөг хүртэл зохион байгуулж байна. Чуулга уулзалт зохион байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл нийтдээ  114 улс орны 780 гаруй Ерөнхий шүүгч, шүүгчид, түүн дотроо Монгол Улсаас 2002 оноос хойш 17 шүүгч оролцсон бөгөөд энэ жил тус чуулга уулзалт 10 дугаар сарын 9-17-ны өдрүүдэд БНЭУ-ын Лакноу хотод зохион байгуулагдахаар тов нь гарчээ. 

Доктор Жагдиш Гандиг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч уулзлаа. Ерөнхий шүүгч Ц.Зориг доктор Жагдиш Гандид хандаж хэлсэн үгэндээ “Монгол Энэтхэг хоёр улс эртний сайхан харилцаатай орон билээ. Бид таны дэлхийн эв нэгдэл, энх тайвны төлөөх үйлсэд ихээхэн хувь нэмрээ оруулж яваад тань талархал илэрхийлэхийн ялдамд таны үйлсийг байнга дэмжин явдгаа илэрхийлэхэд таатай байна” гээд Монгол болоод Энэтхэг улсын шүүх хоорондын харилцааны гүүр болно гэдэгт итгэлтэй байгаагаа дурдсан юм. Түүнчлэн доктор Жагдиш Ганди уулзалтын үеэр Монгол Улсын Дээд шүүх дэлхийн эв нэгдэл, энх тайвны их үйлсийг байнга дэмжиж, Дэлхийн Ерөнхий шүүгч нарын чуулга уулзалтын үндсэн зорилго болох нэг дэлхий нэг шүүх байгуулах үйл хэрэгт тууштай хамтран ажиллаж байдгийг цохон тэмдэглэсэн юм.

 Доктор Жагдиш Ганди  Ерөнхий шүүгчтэй хийсэн уулзалтын дараа Дээд шүүхийн шүүгч нар болоод давж заалдах шатны шүүхийн шүүгч нарт хандаж үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ хүүхдүүд бол бидний ирээдүй бөгөөд тэднийг энх тайвны боловсролоор дамжуулан ирээдүйн бие хүн болгон хүмүүжүүлэх нь зүйтэй. Бид энэхүү үзэл баримтлалыг сургуулиа байгуулсан цагаасаа хойш  хэрэгжүүлж байна. Та бүхэн нийгэмд шударга ёс, зөв бурууг хуулийн дагуу тогтоож, шийдвэр гаргагчид бөгөөд шийдвэрээ хүүхдийн ирээдүйн сайн сайхны төлөө гаргадагт тань би эргэлзэхгүй байна гэсэн юм.

Мөн энэ өдөр  доктор Жагдиш Ганди  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржид бараалхав.  Уулзалтын үеэр ноён Жагдиш Ганди “Сити Монтесорри” сургуульдаа Монголоос оюутан, сурагч элсүүлэн үнэ төлбөргүй суралцуулах тухай санал тавьж, манай улсад оюуны хөрөнгө оруулах талаар ярилцлаа. Мөн Монголд өрнөж байгаа хууль, шүүхийн шинэтгэлийн асуудлаар харилцан санал солилцсон юм.

Айлчлалын үеэр Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн сургууль Доктор Жагдиш Гандид Дэлхийн энх тайван болоод Монгол Улсын хууль зүйн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Хүндэт докторын зэрэг олголоо. Хүндэт докторын зэрэг гардуулах ёслолын ажиллагааны үеэр Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн сургууль болоод БНЭУ-ын “Сити Монтесорри” сургууль хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав. Санамж бичгийн хүрээнд хоёр сургууль оюутан судлаач эрдэмтдийг солилцоход дэмжлэг үзүүлэх, хамтарсан судалгаа хэрэгжүүлэх, ном сурах бичиг, гарын авлага болоод шинжлэх ухааны материал болон нийтлэл, мэдээ мэдээлэл  харилцан солилцох талаар тохиролцсон юм.