Сайн аав ээжүүд байхын төлөө зүтгэцгээе
2015/06/01
...Тэгж назгайрдаг
Гэр хорооллын хавчиг замаар дүүгээ хөтөлсөн долоо орчим настай болов уу гэмээр жаахан охин цэцэрлэг өөд явж байгааг хэдэнтээ харав. Заримдаа хоёул их л дэгжирхүү харагдах агаад ихэнх өдрүүдэд эгчийнх нь үс сэгсийж, ихэд яарсан шинжтэй дүүгээ гулдчин алхана. Хүүгээ ангид нь оруулаад хувцсыг нь нимгэлж байтал өнөө охин орж ирлээ. Багшид нь учир байдлыг хэлж, том хүнээр зөөлгөх шаардлага тавихыг аминчлан захилаа. Түүнээс хойш дүүгээ хөтлөн, олон машин дундуур сүлжих жаалхан охиныг нэг хэсэгтээ харсангүй. Харин хавар дахиад л харлаа. Бодвол аав ээж нь урин болохоор дахин зөөлгөж эхэлсэн бололтой.
Зам дагуу хоёр эхнэр хууч хөөрсөөр зогсоно. “Нөгөө эсрэг хашааны яагаав, хэн чинь...” Хажуугаар нь өнгөрөхөд нэг иймэрхүү өгүүлбэрүүд дуулдав. Булан эргэтэл гурван настай болов уу гэмээр хүү хариугүй машин зам руу орох нь. Хөтөлж очоод “Хүүхдээ сайн хар л даа” гэвэл жишим ч үгүй “Би харж байгаа” хэмээн гуд татан авлаа. Дөнгөж саяхан замын эргүүлгээс шүүрч авсан хүүг тэр эхнэр харж байсан гэнэ.
Ажил оройтож тараад харьж явтал хоёр өлгийтэй хүүхэд тэвэрсэн, нэг хүү дагуулаастай хоёр эмэгтэй гар өргөж байна. Шөнийн 23:00. Зогстол “Долоон буудал оръё” гэлээ. Замдаа яриаг нь сонсох нь ээ, нөхрүүд нь долоон буудал дахь найзындаа юм ууж, өнөөх эхнэрүүд хардаж шаналсандаа тэдэн рүү явж байгаа юм байх.
За тэгээд согтуу аавыгаа бараадсан жаалхан хүү, дэлгүүрийн лангуу харан тонголзох үрээ эс анзааран архи авч буй эрхмүүд, зунжин гудманд цэрдийн өнжих бяцхан хүүхдүүд, өвлийн жавар тачигнасан цагаар гэрэл бараадан гүйх сургуулийн сурагчид, гудманд хүүхэд рүүгээ учиргүй чангаар орилох эмэгтэйчүүд гээд алийг тоочиж барахав.
Сэтгэл эмзэглүүлсэн эдгээр дүр зургуудыг харахаар надад нэг л зүйл бодогддог. “Сайн хүний хүүхэд болж төрөх нь асар өндөр хувь заяа юм даа” гэж. Тоглоомгүй үнэн шүү. Өнөөдөр хамаг байдгаа үр хүүхдэдээ зориулж, тэдний төлөө амьдарч буй хичнээн олон эцэг эх байна. Угаас “Аав хүн даардаггүй, ээж хүн өлсдөггүй” гэдэг дээ.
Гэтэл амьдрал хэцүү байна, цалин хаанаа ч хүрэлцэхгүй байна, хүүхдээ тэжээж дийлэхгүй нь гэхчлэн элдэв шалтаг тоочиж, эцэг эхийнхээ үүргийг өөрийнхөө хүсэл сонирхлын ард тавьж буй нийгмийн нэг хэсгийг эзэлсэн аав ээжүүд байна аа. Үүнийг үнэндээ хувиа бодсон назгайрал гэж нэрлэвэл зохино.
...Ингэж зүтгэдэг
Жаахан сэтгэл гаргаад зүтгэвэл уг нь болдог амьдрал. Хоёр зэрэг ажил хийж, ажлын тарах цагт баригдан, хүүхдээ байнга 18:00 цагаас хойш цэцэрлэгээс нь авах ч яаж ийгээд зохицдог, сургуулийн насны хүүхдээ ажлын байран дээрээ дагуулж ирж, хэсэг байзнаад хүргэж өгдөг. Тэгээд тарах болохоор нь дарга даамлынхаа ая эвийг олж байгаад хурдхан ухасхийгээд аваад ирдэг ээж аавууд ямар олон гэж санана. Амьдрал нэгэнт нуруун дээр нь ирчихсэн болохоор тэд мятралгүй зүтгэж байна.
Ийм байдлаар хүн хүний ая эв аргалж, хүүхдээ хүйтэнд хөргөлгүй, халуун халаачихлагүй аваад явж буй эцэг эхчүүдэд үнэндээ Монгол улсын хөдөлмөрийн цаг хуваарлилт яг шорон шиг санагддаг. Ажлынх нь цаг тарах болоогүй байхад хүүхдийнх нь хичээл, цэцэрлэг нь тарчихдаг, өдөр өнжүүлэх энэ тэр нь хэтэрхий үнэтэй тул хамруулж чаддаггүй байдал, зүгээр л төсөөлөөд үзээрэй. Нөхцөл байдал яг ийм байгаа болохоор өнөөдөр эмээ өвөө нар ач нартаа ядартлаа дарагдаж байна. Амьдралын тохиолоор ойр орчимд нь эмээ байхгүй бол ээж аавууд ажиллангаа тэр орон зайг нөхөхийн төлөө зүтгэсээр.
Энэ төрлийн эцэг эхчүүд хүүхдээ харанхуй гудмаар бэдчүүлж, өлсгөлөн ходоодтой гудмаар тэнүүлэхийг хүсддэггүй тул өөрсдөө тэгж мэчийдэг хэрэг.
Нөгөө талд ажил төрөл хийдэггүй ч яаж ийгээд хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь зөөдөг, “гэртээ цоожлох” гэдэг үгийг ой санамжнаасаа арчсан, сайн боловсрол эзэмшүүлэхийн тулд өдөр шөнгөгүй таксинд давхиж буй эцэг эхчүүд байна.
Энгийн үйлдээс эхэлдэг эцэг эх байх зарчим
Хүүхдийн инээд хөөр цангинасан энэ өдрөөр тэдний эрх хүндээр зөрчигдөж буй байдал, сурч боловсрох орчны тав тух, эдийн засагт хамаарагдах хэцүүгээс хэцүү асуудлуудыг энд зориуд дурдсангүй.
Хувь хүний хичээл зүтгэл, зөв хандлага, эерэг үйлдлээр дамжин хамгийн энгийнээр, өдөр тутамдаа бидэнд сайн эцэг эх боломж дүүрэн байдгийг сануулахыг л зорилоо. Энэ дадлуудыг бид дэлгүүрээс худалдан авч чадахгүй. Гэхдээ хэн хүмүүст үлгэрлэн үзүүлснээр бусдад бэлэглэж болно гэдгийг мөн энд онцлохыг хүсч байна.
Яагаад бид өөрсдийнхөө багахан хүслийн өмнө хүүхдийнхээ аюулгүй байдал, тав тух, хайраар дутах эрсдлүүдийг тавьж болохгүй гэж. Гудманд хүүхдээ олигтойхон зөв хөтлөөд явах, хэн нэгэнд найдалгүй өөрөө л өсгөхөөр зүтгэх, гутлыг нь зөв үдээд өгөхөөс бидний сайн эцэг байх ариун үйлс эхэлдэг гэдгийг үргэлж санаж явах учиртай.
Таны хүүхэд инээдээр гэрэлтэн байг. Сайн эцэг эх байхын төлөө зүтгэцгээе.
Ж.Мядагбадам