Ихрүүдийн талаарх хачирхалтай баримтууд
2015/06/01
Дэлхий ертөнц бол гайхамшиг, ер бусын содон зүйлсээр дүүрэн байдаг. Үүний нэг бол ихэр хүүхдүүд билээ. Бидний мэдэх ихэр хүүхдүүдээс эхлээд хэний ч санаанд оромгүй өвөрмөц, содон зарим талаараа өрөвдмөөр хувь тавилантай ихрүүд дэлхий ертөнцийн өнцөг булан бүрт төрдөг ажээ. Гэхдээ энэ бол тун ховор бөгөөд генетикийн түвшинд хувирсан ихрүүд гэдгийг эрдэмтэд тайлбарлаж байна.
Судалгаанаас үзэхэд хар арьстнууд ихэр хүүхэд төрүүлэх магадлал хамгийн өндөр байдаг бол азиудын хувьд энэ магадлал харьцангуй бага байдаг гэнэ. Түүнчлэн ихэр хүүхэд төрүүлэх магадлал ээжүүдийн наснаас шууд хамааралтай аж.
Ингээд та бүхэнд дэлхий дээрх хамгийн хачирхалтай ихрүүдийг танилцуулж байна.
- Сиамын ихрүүд
Энэ нь нэг өндгөн эсний ихрүүд боловч ургын хөгжлийн явцад бие биеэсээ бүрэн салж амжихгүй байсаар биеийн аль нэг хэсгээрээ нийлж төрсөн ихрүүд юм. Иймээс ихрүүдийн хувьд дундаа нэг эд эрхтэн, гар хөлтэй байх нь элбэг тохиолддог. Үүнийг шинжлэх ухаанд сиамын ихрүүд нэрлэдэг билээ. Түүнчлэн сиамын ихрүүд хоёр өөр хүйстэй төрөх боломжгүй бөгөөд 50 мянгад нэг удаа л сиамын ихэр төрдөг гэсэн судалгаа байдаг.
Дэлхийн хамгийн алдартай сиамын ихрүүдийн нэг бол Чанг болон Энг Бункер нар юм. Хамгийн анх 1811 онд Сиам улсад /одоогийн Тайланд/ биеэрээ нийлсэн ихрүүд болох ах дүү Бункер төрж байснаас улбаалан “сиамын ихэр” гэх нэр томьёог хэрэглэх болжээ. Тухайн үед Сиамын эзэн хаан хөвгүүдийг алахыг тушаасан боловч эх нь хүүхдүүдээ өгөхөөс татгалзсан учир тэд амьд үлдсэн байна. Хожим Энг, Чанг хоёр Америк явж үзүүлбэр үзүүлэх болсон гэнэ. Тэд эгч дүү хоёртой гэрлэж 21 хүүхэдтэй болжээ. 1874 онд буюу тэд 63 настай байхад нэг нь нас барж улмаар нөгөө нь гурван цагийн дараа мөн л хорвоог орхисон байна.
- Хагас өндгөн эсний ихрүүд
Шинжлэх ухаанд ийм төрлийн ихрүүд маш цөөхөн бүртгэгдсэн байдаг аж. Генийн хувьд эхээсээ адил төрлийн ген өвлөн авдаг бол эцгээсээ өөр өөр төрлийн генийг авч төрөхийг ийнхүү хагас өндгөн эсний ихрүүд хэмээн нэрийддэг байна. ДНК-ийн хувьд тэд бүрэн 100 хувь тохирохгүй боловч хоорондоо маш төстэй байдаг. Хамгийн анх 2007 онд ийм тохиолдол бүртгэгдэж байжээ.
- Монозиготик буюу нэг өндгөн эсний ихрүүд
Нэг өндгөн эсэд үр тогтолт явагдсаны дараа хоёр хэсэгт хуваагдсаны улмаас үүссэн ихрийг нэг өндөгний буюу монозиготик ихэр гэдэг. Нэг өндгөн эсийн ихрүүдийн удамшлын мэдээлэл бараг адил байдаг тул гадаад төрх болоод зан аашийн хувьд маш адилхан байдаг гэнэ. Түүнчлэн хүйсийн хувьд ижил байдаг ба 1000 төрөлт тутамд гурван нэг өндгөн эсний ихэр төрдөг гэсэн судалгаа гарчээ.
- Дизиготик буюу хоёр өндгөн эсний ирүүд
Нэг зэрэг хоёр өндгөн эс боловсорч улмаар зэрэг үр тогтвол хоёр өндгөний ихэр буюу дизиготик гэж нэрлэдэг. Хоёр өндгөний ихрүүд тус тусдаа эр эм бэлгийн эсээс үүсч хөгждөг тул удамшлын мэдээлэл нь өөр өөр байдаг. Иймд энэ төрлийн ихрүүд өөр хоорондоо, гадаад төрх, хүйсийн хувьд ялгаатай байдаг. Түүнчлэн хоёр өндгөн эсний ихрүүд тус тусдаа ихэстэй байдаг байна. Ихэс нь тусдаа байх нь ихэр ургийн өсөлт хөгжилт зэрэгт таатай нөхцөл үзүүлэхийн зэрэгцээ нэг нь амьдрах чадваргүй болсон ч нөгөөх нь хэвийн өсөж хөгжих чадвартай байдаг билээ.
- Толин тусгалын ихрүүд
Боловсорч гүйцсэн өндгөн эсүүд нэлээд хожуу буюу үр хөврөлийн 9-12 дахь долоо хоногт хуваагдвал ийм төрлийн ихрүүд төрдөг гэнэ. Толин тусгалын ихрүүд генетикийн хувьд ижил боловч зарим эд эрхтний хувьд ихээхэн өвөрмөц онцлогтой байдаг ажээ. Тухайлбал, нэг нь зүүн гараараа бичдэг байхад нөгөө нь баруун гараараа бичих жишээтэй. Түүнчлэн шүдний бүтэц болон зан чанарын хувьд баруун эсвэл зүүн тархины үйл ажиллагаа давамгайлсан эсэхээс хамаараад өөр өөр байдаг. Толин тусгалын ихрүүдийн өндгөн эсний хуваагдал бага зэрэг оройтоход л сиамын ихэр болон төрөх магадлал өндөр байдаг ажээ.
- Паразит ихрүүд
Паразит ихрүүд нь бие махбодийн хувьд бүрэн гүйцээгүй ихэр нь хөгжлийн хувьд энгийн ихрийн бие эрхтэнд агуулагдах явдлыг паразит ихрүүд гэж нэрлэдэг байна. Генийн хувьд алдаатай ихэр нь бие даан амьдрах чадваргүй буюу зүрх судасны системийн хувьд нөгөө ихрээсээ хамааралтай байдаг аж. Ихэвчлэн буурай хөгжилтэй орнуудад энэ төрөлт тохиолддог бөгөөд аюулгүй гэж үзвэл мэс заслын аргаар салгах боломжтой байдаг.
Нэгэн жишээ дурьдахад, Энэтхэгийн иргэн Санжу Багат гэгч өөрийн ихэр дүүгээ гэдсэндээ тээж байсан гэнэ. Түүний гэдэс жирэмсэн хүнийх шиг гэнэт томорч, амьсгалахад хүндрэлтэй болсон байна. Эмч нарын түүнийг хорт хавдартай болсон хэмээн үзэж хагалгаанд орохыг зөвлөсөн аж. Гэтэл түүний хэвлийгээс ихрийнх нь биеийн хэсэг гарч ирсэн ба томрох хүртлээ нөгөөгийнхөө цусаар тэжээгдэн паразит шиг амьдарч байжээ.
- Суперфитэйшн ихрүүд
Эхийн савд ураг бүрэлдсэний дараа дахин шинэ ураг бүрэлдэхийг суперфитэйшн ихрүүд хэмээн нэрлэдэг. Энэ нь сарын тэмдгийн хоёр мөчлөгтэй эмэгтэйчүүдэд тохиолддог бөгөөд нэг өндгөн эсний ихрээс ялгаатай нь нэгэн зэрэг биш өөр өөр хугацаанд ураг бүрэлдэх явдал гэнэ. Судалгаанаас үзэхэд амьтдын ураг ийм тохиолдол түгээмэл байдаг боловч хүнд тохиолдох нь маш цөөхөн ажээ. Суперфитэйшн ихрүүдэд тулгардаг бэрхшээл нь хугацаанаасаа өмнө төрөх эсвэл уушигны төрөлхийн эмгэгтэй төрөх магадлал өндөр байдаг.
- Өөр өөр эцэгтэй ихрүүд
Эх болох эмэгтэй хоёр өөр эртэй ойр ойрхон бэлгийн харьцаанд орсноор өөр өөр эцэг бүхий ихрүүд төрөх боломжтой аж. Өөрөөр хэлбэл үр тогтож жирэмсэн болсны дараа дахин жирэмслэхийг хэлдэг байна. Энэ тохиолдол нь үнэндээ ихэр биш бөгөөд шинжлэх ухаанд үүнийг “Heteropaternal Superfecundation” хэмээн нэрийддэг юм. Ихэвчлэн нохой, муурнуудад ийм төрлийн төрөлт ажиглагддаг гэнэ.
- Өөр өөр өдөр төрсөн ихрүүд
Ихэнх нь ихрүүд нэг өдөр төрсөн байдаг. Гэвч ургийн хөгжил дутуу явагдсан ихрийн өрөөснийг хэдэн өдрөөр, долоо хоногоор заримдаа хэдэн сараар хойшлуулах явдал цөөнгүй тохиолддог. Түүнчлэн өдөр болон он солигдох мөчид төрсөн ихрүүд мөн адил өөр өөр өдөр төрсөн ихрүүдийн тоог нэгээр нэмэх билээ.
- Өөр өөр арьстай ихрүүд
Хоёр өөр арьстай гэр бүлийн хүмүүсээс өөр өөр арьстай ихрүүд төрдөг бөгөөд энэ нь сая ердөө ганцхан удаа тохиолддог ажээ. Ихрүүд аав ээж хоёрыгоо тус тусдаа дуурайж төрдөг ба нэг нь цагаан арьс шаргал үстэй, нөгөө нь хар арьс, хар үстэй төрж байсан тохиолдол гарчээ.