Санхүүгийн гэмт хэрэгтнийг хорихгүй
2015/06/02
УИХ-ын чуулганаар Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Энэ нь хууль хяналтын байгууллага гэмт хэргийг хэрхэн илрүүлэх, үйл ажиллагаа, процессын хууль юм. Процессын явцад хүний эрх зөрчигдөх, айлган сүрдүүлэх, дарамтлах, бүр цаашилбал эрүүдэн шүүж, залхаан цээрлүүлэх байдлаар хэргийг шийдэж, хэрэг хүлээлгэсэн гэх зэрэг гомдол иргэдээс олон ирдэг байна. Тэгвэл шинэ хуулиар энэ мэт процессын алдаа, дутагдлыг засаж залруулна гэж Засгийн газар үзэж байгаа юм. Одоо мөрдөгдөж буй хуулиар хүнийг “сэжигтэн” гэж үзээд, тодорхой үндэслэлүүдээр цагдан хорьдог. Оргон зайлах, эсвэл хэрэг мөрдөх үйл ажиллагаанд саад болох магадлалтай гэх зэрэг үндэслэлээр мөрдөн байцаагч дүгнэлт гаргаж, прокурор зөвшөөрснөөр хэдхэн хормын дотор хэн нэгнийг торны цаана суулгах боломж одоогийн хуулинд бий.
Тэгвэл шинэ хуулиар “сэжигтэн” гэх ойлголт байхгүй болно. Ингэснээр хэн нэгнийг гэм буруутай гэдгийг хөдөлшгүй баримтаар тогтоосон үед шууд яллагдагчаар татаж, цагдан хорих юм байна Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаагч нар хэн нэгнийг өрөөндөө дуудаж, айлгах байдлаар, өрөөнөөсөө хэрэг илрүүлдэг байдлыг өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгажээ. Эдийн засгийн гэмт хэрэг, татвар нуун дарагдуулсан гэх зэрэг хэргүүдэд аль болох ял оноохгүй байх чиглэлтэй байх нь. Энэ төрлийн гэмт хэрэгт эхний ээлжид хохирлыг нөхөн төлүүлэхийг урьтал болгох аж. Татвар нуун дарагдуулсан, улсад хохирол учруулсан этгээдүүдэд ял ногдуулахаар эргээд хохирлоо нөхөн төлүүлж чадахгүй байх тохиолдол элбэг. Нэгэнт ялаа эдэлсэн юм чинь мөнгө нэмж төлөх шаардлагагүй гэж байгаа юм.
Тийм учраас цаашдаа татвар, санхүүгийн гэмт хэрэг дээр хүнийг хорихоос илүүтэйгээр нийгэмд тустай хөдөлмөр эрхлүүлэх, гэрийн хорионд оруулах зэргээр ял шийтгэнэ. Хохирол учруулсан мөнгөн дүнгийн хэмжээ бага, мөрдөн байцаалтын явцад тухайн хохирлоо барагдуулсан бол бүр ял шийтгэхгүй байх боломжтой байхаар зохицуулсан байна. Одоо мөрдөгдөж буй хуулиар шүүх хуралдааны үед нотлох баримтыг үнэлдэг. Ингээд эрүү шүүлтийн, эсвэл буруу арга замаар олж авсан нотлох баримт гэж үзвэл процессын алдаа гэж үзээд, дахин мөрдөн байцаалтад буцаадаг. Тэгвэл шинэ хуулиар нотлох баримт үнэлэх шүүхийг үндсэн шүүх хуралдаанаас тусад нь гаргана. Ингэснээр хүнийг хэлмэгдүүлэхээс урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй гэж үзэж байгаа аж. Мөн үүний нөгөө талд хэн нэгнийг ял завшуулахгүй байх, зохих шийтгэлийг нь ногдуулахад ч үр дүнгээ өгөх гэнэ. Монголчуудын дунд “Адгийн зарга 10 хоног” гэж үг бий. Хэргийг мөрдөн шалгах, шүүхэд шилжүүлэх, шийдвэр гаргах талаар одоогийн хуулинд маш олон хугацаанууд бий. Тэр хугацааныхаа дагуу хэргийг хянан шийдвэрлэдэг.
Энэ утгаараа ямар нэгэн “асуудалд” орооцолдсон бол хуулийн байгууллагаар эцсийн шийдвэрийг гаргуулна гэдэг иргэдийн хувьд багагүй чирэгдэл болох нь бий. Харин шинэ хуулиар тухайн хэрэг нэгэнт нотлогдож байгаа бол маш шуурхайгаар шүүх хурлыг явуулж, хэргийг нэг тийш шийдвэрлэх боломж бүрдэнэ. Мөн хэрэг нэгэнт нотлогдож байхад шүүх хуралдаан дээр гэрчүүдээс дутуу мэдүүлэг авсан гэх зэргээр дахин мөрдөн байцаалтад буцаадаг гэх зэрэг хүнд сурталтай процессуудыг цөөлөхөөр хуулийн төсөлд тусгажээ.
Г.Мягмарсүх
өндөр болгох нууц · 2015/06/02
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ Номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮