2013 оны 11 сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Монголын Өмгөөлөгчдийн Холбоо /МӨХ/ албан ёсоор татан буугдсан билээ. Улмаар Монголын Өмгөөлөгчдийн холбооны бүх гишүүн  Монголын хуульчдын холбоонд /МХХ/ албан ёсоор элссэн.   Өөрөөр хэлбэл өмгөөлөгчдийн хоёр холбоо зэрэгцэн ажиллах боломжгүй хэмээн ийнхүү өмгөөлөгчдийг албан ёсоор   МХХ-д гишүүнээр элсүүлсэн.  Гэтэл МӨХ нь төрийн бус байгууллага гэдгээр оршин тогтнож хуучин удирдлагууд нь тэр хэвээрээ МХХ-нд чамлахааргүй албан тушаалд томилогдсон байдаг.  Энэ нь МӨХ-ны удирдах зөвлөлд байсан “хурган дарга” нар  албаны шугамаар олгогдсон байсан дотоод сүлжээ, өмгөөлөгчдийн мэдээллийг ашиглан өөрсөддөө давуу  байдал үүсгэх замаар томилгоог ашигтайгаар зохицуулсан гэх хардлагыг төрүүлсэн.  Иймээс өмгөөлөгч Г.Батбаяр Захиргааны хэргийн шүүхэд хандсан бөгөөд улмаар өргөдлөө эргүүлэн татсан байдаг.  
Харин энэ үйлдэлд нь Монглдын өмгөөлөгчдийн холбоо гэх байгууллага “өс” санасан  бололтой алдар хүнд, нэр төр гутаасан тул сэргээлгэх, уучлалт гуйлгах ёстой гэж үзэн Дүүргийн иргэний хэргийн 1-р шүүхэд хандсан байдаг.   Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс Г.Батбаяр  МӨХ-ны нэр төрд халдаагүй гэж үзсэн.  Үүнийг нь Монголын өмгөөлөгчдийн холбоо эсэргүүцэн Нийслэлийн давж заалдах шатны аравдугаар шүүхэд хандаж өчигдөр уг гомдлыг хэлэлцэж хэрэгсэхгүй болгосон байна. Өөрөөр хэлбэл, иргэний хэргийн нэгдүгээр шүүхээс гаргасан шийдвэрийг ийнхүү хэвээр үлдээжээ. 

Монголын өмгөөлөгчдийн холбооны талаар таагүй мэдээлэл байдаг нь нууц биш. Тухайлбал, албан ёсоор татан буугдсан байгууллагын нэрийг барьж, тус холбоонд хандсан төсөл, ямар нэг албан тушаал, олон улсын байгууллагуудаас орж ирэх санхүүжилт зэргийг хяналтгүйгээр захиран зарцуулах, өмгөөллийн томоохон хэргүүдийг өөрсдийн байгуулсан “Монгол Өмгөөлөгч”, “Адвокэйт”, “Элч” зэрэг хуульзүйн фирмүүддээ авч байгаа  ажээ.  Мөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар 2013 оны 8-р  сараас эхлэн шинээр шүүхэд төлөөлөх эрхээ авсан өмгөөлөгчдийг хавчин гадуурхаж эхэлсэн байна. Улмаар МӨХ-ны татвар гэх нэрээр сар бүр 200 000 ₮ өгөхийг өмгөөлөгчдөөс шаарддаг ажээ.  Тэгтэл өмгөөлөгчид Монголын бүх өмгөөлөгч МХХ-нд татвар төлдөг. Тэгэхээр өмгөөлөгчид 2 биеэ даасан байгууллагад 2 татвар төлнө гэсэн үг.  Уул шугамдаа МӨХ нь хуулийн дагуу татан буугдсан байгууллага. Хэрэв татвараа төлөхгүй бол сэжигтэнтэй уулзах томилолт өгөхгүй гэсэн байдлаар цаас олгодог давуу байдлаа ашиглан эрхшээлдээ байлгаж байна. Өөрөөр хэлбэл өмгөөлөгчдийг “өмгөөлөгчийн томилолт” гэх урьдчилан хорих төвд хоригдож буй хүнтэй уулзах зөвшөөрөл маягийн зүйлээр барьцаалан татвар өгөхийг тулган шаарддаг байна.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Монголын Өмгөөлөгчдийн Холбоог татан буулгасан бол ТББ болон ХХК байлгахгүй байхад  Хууль зүйн яам нь анхааралдаа авна биз... Эс бөгөөс дээр дурьдсантай адилаар асуудал үүсэх  магадлал өндөр байгааг хаана хаана бодолцоход илүүдэхгүй юм.  

А.Баярмаа