Олон түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн хүчит заан Өлзийн Тулгаа агсны хүү Т.Сүрэнжавтай ярилцсанаа хүргэе.

-Бөхөө дээдэлдэг ард түмэн танай аавыг илүү хайрладаг байсан санагддаг. Бүргэд хамар, ширвээ сахалтай, төгс бие галбир бүхий дүр төрх нь одоо ч хүмүүсийн сэтгэлд тодхон бий. Аавынхаа удам гарлын тухай эхлээд ярихгүй юу?

-Манай аав дуу цөөтэй, хүнд маш тусархуу, хэн нэгнийг ялгаж харилцдаггүй, олны хэлдгээр хүний хайлан байсан. Өдий хүрэхдээ миний бие аавынхаа тухай нэг ч муу үг сонсоогүй. Өөрийгөө улсын алдар цолтой бөх гэж дөвийлгөх, бусдад дээрэнгүй хандан, ихэрхэж байсныг нь мэдэхгүй юм. Тиймдээ ч ард түмний хайр хүндэтгэлийг илүүтэй хүлээсэн болов уу. Аав шиг хүнлэг сэтгэлтэй, даруу төлөв зан чанартай, бусдыг машид хүндэтгэж харилцдаг хүн өнөөгийн алдар цолтой бөхчүүд дунд ховор юм уу даа гэж анзаарагддаг. Бааварлана гэж манайхан ярьдаг даа. Бяр тэнхээтэй хүмүүст байдаг дээрэнгүй зан. Аавд тийм баавар зан байгаагүй. Өвөө маань их шулуун шударга, зарчимч хүн байсан.

Би өвөөгөө сайн мэднэ л дээ. Намайг хорин хэдэн нас хүртэл өвөө, эмээ маань сэрүүн тунгалаг Малчин сумынхаа Баянмандал бригадад аж төрж байлаа. Манай аав чинь тавин зургаан оны хүн. Цагаан сарын битүүний өдөр төрсөн гэдэг. Малчин сумын хамгийн хойд талын нутаг, Наранбулаг сумтай залгаа орших Хүрэн бөөмийн өвөлжөөнд мэндэлсэн юм билээ. Аавын төрсөн дүү, улсын начин Сумъяа гэж бий. Сумъяа ах аав хоёр яг арван хоёр жилийн зайтай хаврын тэргүүн сарын эхээр Хүрэн бөөмийн өвөлжөөнд төрсөн байдаг. Эцэг, эхээс долуулаа юм. Аав хамгийн том нь. Дүү нарын хоёр нь Малчиндаа бусад нь аймаг, хотоор амьдарч байна.

-Аавыг тань цэрэгт байхдаа төрийн наадамд зодоглож байсан гэдэг?

-Улаанбаатар хотноо дотоодын цэргийн 05 дугаар ангид алба хаасан. Их тэнгэрийн аманд харуулд гардаг байснаа хааяа дурсана. “Хилчин” спорт хорооны дарга байсан Д.Дашжамц начинтай онжавууд юм билээ. Цэрэгт ирээд удаагүй байхдаа Баянаа аварга, Хайдав арслан нарыг харж л дээ. Бөх болох хүсэл нь бадраад ирсэн хэрэг. Далан дөрвөн оны наадмаар аав хуучин цэрэг зодоглосон гэдэг. Нэг даваад хоёрын даваанд Архангайн Чойндонгийн Адьяа заантай таарсан байна. Адьяа зааныг хоёр хөлд нь давхар хамаад давчихав гэнэ. Гурвын даваанд Дамдин аварга амлаж, хүчит аваргын мөрнөөс атгах хувь тохиожээ. Улсын наадамд цэргийн хуарангаас ирж зодоглохдоо хоёр давж, их аваргад амлуулна гэдэг бахтай байхаас яах билээ. Аавынхаа зодоглож явсан төрийн наадмын оноо дансыг эргээд харахад дандаа тунаж барилдсан байдаг. Ялангуяа улсын цолонд анх хүрсэн 1980 оны наадамд гурваас долоогийн даваанд дараалан тунасан байдаг.

-Тэр жил шууд зургаа давсан билүү?

-Тэгсэн юм. Үндэсний бөхийн шинэчилсэн дүрмээр бол улсын харцага цолны болзлыг шууд хангасан гэсэн үг л дээ. Дөрвийн даваанд Увсын Зүүнхангайн Д.Жанчивдорж начинг, тавд Ж.Ганболд зааныг, зургаад Хөвсгөлийн Далайцэрэнгийн Лхагва-Очир начинг тунаж даваад долоогийн даваанд М.Мөнгөн арсланд унасан. Ганболд заан, аав хоёр хоёулаа улсын цолгүй залуу бөхчүүд начны даваанд тунаж байжээ. Д.Долгорсүрэн, Д.Мягмар, Ч.Өвгөнхүү, Д.Галдандагва, Говь-Алтайн Дүгэрийн Цэрэндаш, Ёндонгийн Ишгэн гээд тухайн үед ид байсан хүчтэй бөхчүүд аавыг амлаагүй байдаг юм. 1984 онд Говь-Алтайн С.Эрхэмбаяр начин, Булганы Д.Амгаа заан нараар тав, зургаа давж зааны даваанд дахин тулж очоод Хадбаатар аваргад өвдөг шороодсон. Бөхийн торгон дэвжээнд хазайлгаж үзээгүй аварга, арслан ховор.

Баянаа аваргаас аваад А.Сүхбат аварга хүртэлх бүх аваргыг аав өвдөг шороодуулсан байдаг. Бат-Эрдэнэ аваргыг арслан цолтой байхад нь 1988 онд өвдөг шороодуулж байсан. Жижиг Сүхбат аваргыг 1997 онд улсын заан цол авчихсан, ид үед нь Увс аймагт болсон аваргуудын нэрэмжит барилдаанд түрүү үзүүрт үлдээд хөлийг нь авч хөндлөн дайраад давчихаж байсан. А.Сүхбат аварга толгой сэгсрээд босоод ирж билээ. Увсын ард түмэн ямар их хөөрч баярлаж байсан гэж бодно. “Та нар тавь хүрч байгаа хөгшин хүнийг хараад ичдэггүй юм уу” гэж Спорт хорооны дарга бөхчүүдийг загнаж байлаа. Тэгэхэд ааваараа ихэд бахархаж байсан. “Хамгийн эвгүй бөх бол манай Дүвчин шүү дээ. Би түүний чигчий хуруунд ч хүрэхгүй” гэж нэгэнтээ хэлж байсан санагдана. Далан есөн оны наадмаар Суядааны Ганзориг начинг, Бандийн Ганбаатар арслан нарыг өвдөглүүлээд тавын даваанд Дүвчин заантай тунасан байна. Дүвчингийнхээ хөлийг дээр өргөж гаргаж ирээд “Ингээд начин болдог юм байжээ” гэж бодтол яах ийхийн зуургүй хөлийг нь тэврээд газар хэвтэж байсан гэдэг юм.

-Улсын заан цолыг хэдэн онд хүртсэн бэ?

-1988 оны үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 33 бөхөөс 30 давж хоёрдугаар байрт шалгарч улсын заан цол хүртсэн. Өмнөх жилийнх нь улсын аваргаар Р.Давааням агсан заан цолны болзол хангаж байв. Улсын аваргад тасралтгүй 11 удаа барилдахдаа гуравт нь медаль хүртэж, шагналт байрт таван удаа шалгарснаараа давтагдашгүй амжилт тог­тоо­сон. Ямар сайндаа Г.Намсрай­жав харцага ”Манай Тулгаа Увсын хязгаараас тээврийн тэрэгтэйгээ ирээд их спортын шигшээ тамирчидтай ана мана үзэлцдэг байлаа. Хөдөөгийн бүсээс шалгараад ирсэн бөхчүүдийг бол үзэхгүй шүү дээ” гэж хэлж байхав дээ.

Үнэндээ аав минь жил жилийн цагаан сарын барил­даанд зодоглоно гээд л тээврийн тэрэгтэйгээ өвлийн сүүлч сараар нутгаасаа гарч “Хархираагийн тэжээлийн аж ахуйн бөх Өлзийн Тулгаа” гэж цоллуулаад Спортын төв ордны гадаа машинаасаа бууж байсан даа. Аяныхаа тоосыг гүвээд л буудаг байсан. Аавынхаа барилдааныг бид “араажав”-аар сонсоно. Аавын дүү нар манайд цуглачихаад Цагаан сарын бөх сонсоно. “Увсын Тулгаа давлаа” гэхээр ах нар баярлалдаад, би чинь ийм мундаг аавтай даа гэх бодол төрдөг байлаа.

-Ард түмний хайртай бөхийн хүү гэдгээ хэдийнээс мэдэрч эхэлсэн бэ. Өөрөө аймгийн цолтой бөх. Аавынхаа захиасаар бөх болсон уу?

-Багадаа өөрийгөө “Аваргын хүүхэд” гээд хөөрүү амьтан явдаг байсан юм билээ. Бага ангийн багш нар тэгж хэлдэг. Харин аав намайг бөх болгоно гэж огтоос хэлээгүй. Өөрийнхөө сонирхлоор барилдаж эхэлсэн. Мэдээж аавыгаа дуурайсан хэрэг л дээ. Аавтайгаа үзсэн наадмууд санаа бодлоос минь гардаггүй. 1996 онд аавынхаа ЗИЛ-130-ын тэвшин дээр суугаад гурав хонож Улаанбаатарын барааг харсан сан. Аав улсын наадамд зодоглоно гээд. Би бас болоогүй, хүүхдийн барилдаанд барилдана гээд ирж байгаа юм. Бүтэн гурван өдрийн турш нар салхинд алгадуулж, хоёр хацар битүү сайр болчихсон амьтан ирээд хүүхдийн барилдаанд хоёр давж байсан. Тэр жилийн хүүхдийн барилдаанд сумогийн их аварга Асашёорюү Дагвадорж түрүүлж байсан. Аав гурав даваад дөрвийн даваанд Ц.Цэрэнпунцаг гарьдын ах Ц.Бэгзсүрэн харцагад унаж байсан. Сумын заан цол хүртсэн наадам мөн л санаа сэтгэлд ойр байдаг. Одоо бодоход их дурсамжтай сайхан санагддаг.

-Тийм үү, сумын цол хүртсэн наадмынхаа хуучаас дэлгээч?

-Би чинь Бөхмөрөн суманд түрүүлж сумын заан болсон хүн. Тэр жил Бөхмөрөний ой болсон юм. 2004 он шүү дээ. Ч.Чулуунбаатар, Г.Намсрайжав, Д.Жавзан­жамъян, Ө.Сумъяа гээд улсын цолтой олон бөх очсон байж билээ.Уг наадамд аавыгаа дагаад явах гэтэл машинд нь багтдаггүй. “Чи багтахгүй нь үлд” гэдэг юм. Тэгтэл аавын найз “Хүүгээ багтаагаад аваад яваач. Сумын наадамд барилдана гээд байхад” гэж хэлж байж намайг аваад явсан юм. Хоёрын даваанд аймгийн арслан Цэдэндамбааг, гуравт аймгийн заан Цэдэнбалыг давчихлаа. Дөрвийн даваанд аавтайгаа оноолт таарчихдаг байгаа. Аав надад тахимаа өглөө. Ингээд үзүүр түрүүнд Чулуунбаатар харцагыг давж түрүүлээд мотоциклиор шагнуулж байсан. Бөхмөрөн сумын Засаг дарга “Сүрэнжав аа, уучлаарай. Сумын заан цолны үнэмлэх байхгүй шүү. Улс, аймгийн цолтой олон бөхчүүд ирсэн болохоор үнэмлэхний хэрэггүй юм байна гэж бодтол өөрөө түрүүлчихлээ” гэж хэлж байсан.

Наадмын дараа аавын найз баярлачихсан “Энэ наадмын түрүү бөхийг чи үлдээх гээд байжээ” гэж хэлээд л. Аав баяр хөөрөө ямар ил гаргах биш. Эрх биш намайг нэг үнэрлэсэн байлгүй. Хүмүүс намайг аавынхаа дэмжлэгээр аймгийн арслан болсон гэдэг. Тийм биш л дээ. “Бөх хүн авсан цолондоо эзэн байх ёстой. Цолоо ахиулдаггүй юм аа гэхэд батлах хэрэгтэй” гэж аав нэг удаа Сумъяа ахад хэлж байсан. Тийм бодолтой хүн чинь хүүгээ өөрийнхөө хүчээр цолонд хүрэг гэж боддог юм билээ л дээ. Аймгийн арслан болчих санаатай олон жил зүтгэсэн. Олон ч наадам хэссэн. Тэгж тэгж 2008 онд Увс аймгийнхаа наадамд түрүүлсэн. Аав дөрвийн даваанд сумын заан цолтой нэг залууд унаж байсан. Тэр жил одоогийн цэргийн арслан Б.Ганзориг үзүүрлэж, улсын арслан П.Бүрэнтөгс шөвгийн дөрөвт шалгаран аймгийн начин болж байлаа.

-Тулгаа зааны чулуу өргөж байгаа нэг зураг байдаг. Тэр хэдэн килограмм чулуу вэ. Ямар учраас өргөсөн юм бол?

-156 килограмм жинтэй чулуу. Одоо Тувагийн музейд байгаа. Уул нь цэнгэлдэх хүрээлэнд нь байсан юм. Уг чулуун дээр “Монголын хүчит заан Өлзийн Тулгаа өргөсөн” гэж бичсэн байдаг. Ямар түүхтэй вэ гэхээр, 1985 онд Монгол, Тува Эв модны баяр болжээ. Орос, Монголын дарга нар хоёр улсын Хилийн зааг дахь уулан дээр уулзалдсан байна. Аав Тувагаас будаа зөөж яваад таарсан байгаа юм. Гэтэл Оросын нэг дарга хилийн зааг дахь уулан дээр байсан чулууг заагаад “Үүнийг өргөөд 100 алхсан хүнд 500 рубль өгье” гэж ам гарчээ. Монгол мөнгөөр 2500 төгрөг л дөө. Тувагийн том биетэй залуу эхэлж өргөөд арав орчим алхаад бараагүй байна. Дараа нь аав өргөөд хэлсэн ёсоор нь 100 алхаад амласан мөнгийг нь авч байсан түүхтэй. Тэр үеийн 2500 төгрөг гэдэг их мөнгө. Би аавынхаа чулууг өргөж үзсэн. Эрхбиш газраас хөндийрүүлээд гаргаад ирж байгаа юм. Харин өргөөд алхана гэж барахгүй юм билээ. Тэгээд аавынхаа бяр тэнхээ, бурхнаас заяасан хүч чадлыг нь бахдаж л байлаа. Манай аав шүд их сайтай хүн. Дээхнэ үеийн 70 килограммын шуудайтай гурилыг шүдээрээ зуугаад явчихдаг байсан. Тэр үеийн хүмүүс яс сайтай байжээ. Одоо бид зуугаад явна гэвэл хүзүү нь дийлэх байх, харин шүд булгараад унах байлгүй. Аав ид барилдаж байх үедээ 85-90 килограмм жинтэй байсан. Өнөөдөр захын сумын заан 100 гаруй килограмм жинтэй байна. Өнөөгийн бөхчүүдийн хэрэглэж байгаа шиг уураг, витамин гэж аавыг барилдаж байх үед байсангүй. Гурилтай шөлөө уугаад л явж байсан хүмүүс шүү дээ.

-Өөрөө эхээс хэдүүлээ вэ. Гэр бүлээ товчхон танилцуулахгүй юу?

-Би 1981 онд төрсөн. Эхээс гурвуулаа. Дороо хоёр эмэгтэй дүүтэй. Ээжийг мааньЧулууны Дэмбэрэл гэдэг. Манай өвөө Баянаа аваргын багш нь байсан гэдэг шүү. Баянаа аварга Малчин суманд долдугаар ангиа төгсч байжээ. Ээж минь одоо Увс аймагтаа амьдарч байна. Манай гэр бүлийн хүнийг А.Солонго гэдэг. Эмч мэргэжилтэй. Одоо Эх нялхаст мэргэжлээрээ ажиллаж байна. Аавыгаа өнгөрсний дараа Монголын ард түмэн аавд минь ямар их хайртай юм бэ гэдгийг илүүтэй мэдэрсэн дээ. Намайг хаана ч очсон “Тулгаагийн хүү” гээд хүмүүс халуун дотноор хүлээж авдаг. Аавынхаа нэрийг сэвтээлгүй, бөхийн дэвжээг нь хүндэтгэн явна гэж боддог. Цагаан сар, улсын наадам дөхөхөөр аавыгаа улам их санах юм. Өөрөө барилдаж бөхийнх нь ариун мөрөөр явж байгаа,айлын ганц хүү болоод ч тэр үү аавыгаа их л санаж, нөмөр нөөлгийг нь үгүйлдэг. Тэр бүгдэд “Аав шигээ хүнлэгявах юм шүү” гэж бодогдоно.

 

Ярилцсан Н.ГАНТУЛГА