Чингисийн талбайд “Иргэдийн өдөрлөг” болно
2015/06/19
Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд “Иргэдийн өдөрлөг” маргааш Чингисийн талбайд болно. Өдөрлөгийн үеэр Сүхбаатар дүүргийн ИТХ, ЗДТГ-ын дэргэдэх хэлтэс, албад, байгууллага аж ахуйн нэгжүүд 50 жилийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж, иргэддээ чиглэсэн төрөл бүрийн үйлчилгээ үзүүлнэ.
Тухайлбал, хороодын өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг сурталчлах, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах юм байна. Мөн дүүргийн дэргэдэх хэлтэс, нэгжүүд үйл ажиллагааны чиглэлийн дагуу иргэдэд ажлаа танилцуулах, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа гаргах аж.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд нийтийн хоолны худалдаа гаргах юм.
Түүнчлэн дүүргийнхээ 50 жилийн ой тохиож буй энэ жилд 16 нас хүрч иргэний үнэмлэхээ авч буй 2 иргэн, гэрлэлтээ батлуулж буй 3 хорс, 50 ба түүнээс дээш жил хамт амьдарсан 4 ахмад гэр бүл, дүүрэгтэй нас чацуу 5 иргэн, ойн жил мэндэлсэн 6 нярай, дүүрэгт 50 ба түүнээс жил үр бүтээлтэй ажиллаж амьдарсан иргэнд хүндэтгэл үзүүлэх юм байна.
50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд цэрэг иргэний хамгаалалтын чиглэлээр үзүүлэх тоглолт болох ба үлээвэр найрал хөгжмийн тоглолт, жагсаалын үзүүлэх тоглолт, гардан тулалдааны үзүүлбэр, сургуулилалттай нохойн үзүүлбэр толилуулах юм байна.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүд, нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид иргэдтэй уулзаж санал, хүсэлтийг хүлээн авах аж.