НАМЗХ хуваагдаж ч мэдэх нөхцөл байдал үүсчээ
2015/06/20
МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага буюу НАМЗХ-ы ээлжит 5-р их хурал энэ сарын 19-21 ны өдрүүдэд болж байгаа билээ. Хурлаараа мэдээж зохион байгуулалтынхаа асуудлыг ярьж, удирдлагуудаа солино.
Гэхдээ хурлын өмнөх Н.Номтойбаяр, Г.Тэмүүлэн нарын болон Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын талынхны үл ойлголцол зөрчил болон даамжирч, одоо бараг хуваагдал болоход ойрхон болсон байна.
Өчигдөр Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар Нийслэлийн НАМЗХ-ы ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Н.Учралыг Нийслэлийн НАМЗХ-ы даргаар сонгосон билээ. Тэгвэл Нийслэлийн НАМЗХ-ы Хяналтын зөвлөл уг чуулган, чуулганы шийдвэрийг хүчингүй гэж зарлажээ. Харин Нийслэлийн НАМЗХ-ы ээлжит бус чуулганыг хүчинтэй гэж үзэж буй талынхан уг чуулганг зарласан тогтоолыг дэлгэсэн байна.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Н.Номтойбаяр, Г.Тэмүүлэн нарын болон Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын талынхан одоо ойлголцох магадлал бараг үгүй болсон гэх бөгөөд НАМЗХ задарч ч мэдэх нөхцөл байдал нэгэнт үүссэн байна. 2000-аад оны эхээр МАН /тухайн үеийн МАХН/-ын дэргэдэх залуучуудын байгууллага мөн л хоёр задарч, У.Хүрэлсүхийн удирдсан МАСЗХ, У.Барсболдын удирдсан “Улаан Сарнай-Хөгжил хөдөлгөөн” болж байсан юм. Нийслэлийн НАМЗХ-ы Хяналтын зөвлөлийнх нь тогтоолыг, НАМЗХ-ы Ерөнхийлөгчийн тогтоолтой хамт хүргэж байна. Өнөө орой МАН-ын Удирдах Зөвлөл хуралдаж, НАМЗХ-ы зөрчлийн асуудлыг тусгайлан хэлэлцэж магадгүй тухай зарим эх сурвалж өгүүлж буй юм.
Э.Мягмар
НИЙСЛЭЛИЙН НИЙГМИЙН АРДЧИЛАЛ МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
Нийслэлийн НАМЗХ-ны Хяналтын зөвлөлөөс Нийслэлийн НАМЗХ-ны 2015.06.18-ны өдөр хуралдсан ээлжит бус чуулганыг хүчин төгөлдөр бус хэмээн үзэж доорх дүгнэлтийг гаргаж байна.
“НАМЗХ-ны дүрэм"-ийн 5.5.2. дахь хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд Нийслэлийн НАМЗХ-ны тэргүүлэгчид хуралдаж НАМЗХ-ны V их хурлын дараа, холбооны дүрмийн хүрээнд Нийслэлийн НАМЗХ-ны ээлжит чуулганыг товлон зарлахаар тогтож 2015.06.16-ны өдрийн 15/08 дугаар тогтоолоор шийдвэрээ баталгаажуулсан байна.
Гэсэн хэдий ч Нийслэлийн НАМЗХ-ны тэргүүлэгчдийн 2015.06.16-ны өдрийн 15/08 дугаар тогтоолоор гаргасан дээрх шийдвэрийг зөрчин, Нийслэлийн НАМЗХ-ны тэргүүлэгчдийн бүрэн эрхэд халдаж Нийслэлийн НАМЗХ-ны ээлжит бус чуулган 2015.06.18-ны өдөр хуралдсан байна.
2015.06.18-ны өдөр хуралдсан ээлжит бус чуулган нь дүрмийн заалт болон дор дурдсан бусад зүйлсийг зөрчсөн нь тогтоогдож байна. Үүнд:
1. Нийслэлийн Монгол Ардын Намын дарга Ц.Сандуйгаас ирүүлсэн 2015.06.16-ны өдрийн 79 дугаар “Чиглэл өгөх тухай" албан бичигт Нийслэлийн НАМЗХ-ны ээлжит чуулганыг тус холбооны V их хурлын өмнө зохион байгуулах тухай чиглэл өгсөн байна. Уг албан бичигт зөвхөн ээлжит чуулганыг хийх талаар чиглэл өгсөн бөгөөд ээлжит бус чуулган хийх тухай огт дурдагдаагүй байна.
2. Тус албан бичигт дурдснаар санал гаргасан НАМЗХ-иы Ерөнхийлөгч гэх Л.Оюун-Эрдэнэ нь НАМЗХ-ны 2015.04.11-ний өдрийн VII бага хурлын 11 дугаар тогтоолын дагуу өөрийн хүсэлтээр 2015.06.18-20-ны хооронд болох ээлжит V Их хурал хүртэл хугацаанд чөлөө авсан. Үүнтай уялдуулан НАМЗХ-ны VII бага хурлын 12 дугаар тогтоолын дагуу НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгүүлэхээр тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Тэмүүлэнг томилж холбогдох бүрэн эрхийг түүнд олгосон.
НИЙГМИЙН АРДЧИЛАЛ МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ
3. “НАМЗХ-ны дүрэм”-ийн 4.3.4.4. дэх хэсэгт зааснаар “Шаарддагатай тохиолдолд ээлжит бус Их хурлыг зарлан хуралдуулах саналыг Бага хуралд, аймаг, нийслэл дүүргийн ээлжит бус чуүлганыг хуралдуулах тухай саналыг-Удирдах зөвлөлд оруулах" саналыг гаргах эрх дан ганц НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэгч, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Тэмүүлэнд олгогдсон байхад Л.Оюун-Эрдэнэ тус саналыг гаргасан нь НАМЗХ-ны дүрэм”-ийн 4.3.4.4. дэх заалтыг зөрчсөн байна.
Иймээс Нийслэлийн Монгол Ардын Намын Хорооны даргаас ээлжит чуулган хуралдуулах тухай чиглэл өгсөн байхад ээлжит бус чуулган хуралдуулсан. НАМЗХ-ны дүрэм"-ийн 4.З.4.4. дэх хэсэгт заасан санал гаргах эрхгүй субьект санал гаргасан, тус дүрмийн 5 дугаар зүйлийн 5.5.2. дах хэсэгт зааснаар чуулганы тов зарлах эрхгүй этгээд зарлан хуралдуулсан зэрэг нь тогтоогдож байх тул Нийслэлийн НАМЗХ-ны 2015.06.18-ны өдрийн ээлжит бус чуулганыг хүчин төгөлдөр бус чуулган гэж үзэж байна.
“Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны дүрэм”-ийн 10 дугаар зүйлийн 10.1. 10.4.1 дэх заалтуудыгтус тус үндэслэн ТОГТООХ нь:
1. 2015.06.18-ны өдөр хуралдсан Нийслэлийн НАМЗХ-ны ээлжит бус чуулганыг хүчингүйд тооц сугай
2. НАМЗХ-ны тэргүүлэгчдийн 2015.06.16-ны өдрийн 15/08 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн НАМЗХ-ны ээлжит чуулганыг НАМЗХ-ны V их хурлын дараа, холбооны дүрмийн хүрээнд товлон хуралдуулахыг Нийслэлийн НАМЗХ-ны дарга / П.Баярхүү/, Тэргүүлэгчдэд даалгасугай.
3. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн НАМЗХ-ны Хяналтын зөвлөлд үүрэг болгосугай
ДАРГА ГИШҮҮД:
Х.АЛТАНЗАГАС
С.ИХБАЯР
З.БЯМБАЖАВ
Б.ЧОЙЖИЛЖАЛБУУ
М.ПҮРЭВЖАВ
НИЙСЛЭЛИЙН НАМЗХ-НЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫГ ХУРАЛДУУЛАХ ТУХАЙ
Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны дотоодод үүссэн нөхцөл байдал, МАН-ын Даргаас өгсөн чиглэл, Нийслэлийн МАН-ын Хорооны даргын 2015 оны 6 сарын 16-ны өдрийн 79 тоот албан бичгээр өгсөн чиглэл, НАМЗХ-ны Хяналтын хорооны 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 04 тоот Дүгнэлт, ээлжит V Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Хурлын шийдвэр, тэмдэглэл НАМЗХ-ны Дүрмийн 4.3 4.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
Нэг. Нийслэлийн НАМЗХ-ны ээлжит бус чуулганыг Нийслэлийн МАН-ын хорооны даргатай зөвшилцсөний дагуу 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулахаар тогтоосугай.
Хоёр. Нийслэлийн НАМЗХ-ны ээлжит бус чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Хавсралт 1-ээр баталсугай.
Гурав. Нийслэлийн НАМЗХ-ны ээлжит бус чуулганы төлөөлөгчдийг сонгох журмыг Хавсралт 2-оор баталсугай.
Дөрөв. Нийслэлийн НАМЗХ-ны ээлжит бус чуулганыг НАМЗХ-ны Дүрэм болон холбогдох бусад баримт бичгийн хүрээнд төлөвлөн зохион байгуулахыг Нийслэлийн НАМЗХ-ны ээлжит бус чуулганыг зохион байгуулах ажлын хэсэгт, Нийслэлийн НАМЗХ-ны даргын үүрэг гүйцэтгэгч /П.Баярхүү/-д тус тус даалгасугай.
ЕРӨНХИЙЛӨГЧ Л.ОЮУН-ЭРДЭНЭ