Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй ярилцлаа.

-Эдийн засаг хүнд байна. Энэ хямрал үүссэн шалтгаан болоод даван туулах арга замыг нь та хэрхэн харж байна вэ?

 

-Гадны ямар ч хорлон сүйтгэх хүч Монголын эдийн засгийг ингэж доройтуулж чадахгүй. Зөвхөн Монголын төр өөрөө Монголынхоо эсрэг үйл ажиллагаа явуулбал ийм байдалд хүргэж болно л доо. Тийм л байдалд байна. Одоо бид Монголыг аваад үзэх юм бол өр зээлэндээ баригдаад нэг, хоёр жилд дампуурал зарлах тэр хэмжээндээ тулж очиж байна. Нөгөө талаас эдийн засаг өсч байна гэдэг боловч үнэхээр орлогогүй үйлдвэрлэл явуулж байгаа. Нүүрсээ ч гаргаад, зэсээ ч гаргаад байна. Тэгээд өссөн л тоо харагдахаас биш ард түмний амьдралд, улс орны эдийн засагт ямар ч нэмэр хандив болж чадахгүй байна л даа. Жишээлбэл, 2012 онд “Чалко”-гийн өр 140 сая ам.доллар гэж байсан. Гурван жилийн дараа энэ өрийн хэмжээ хэвээрээ л байгаа шүү дээ. Өдөр бүр 24 мянган тн нүүрс гарч байгаа хэрнээ өрийн дүн буурахгүй байна. Ийм байдалтай байхад бидэнд бодох юм их бий. Ер нь эдийн засгийн хямралыг давъя гэвэл төр өөрийнхөө бодлогыг эргэж харах ёстой.

-Төрд ямар бодлого дутагдаад байна вэ?

-Монголыг уул уурхайгаар хөгжинө гэсэн энэ номлолыг тулгасан эдийн засгийн алуурчид өнөөгийн Монголын төр засагт нь тамгалж үлдээсэн улс төрийн зүтгэлтнүүд гол буруутан нь шүү дээ. Эднийг уул уурхай нэрийн дор аваачаад маш их савлагаатай, зах зээлд нүүр тулгалаа. Мөн нийгмийн доторх ашиг орлогын хуваарилалтыг шударга биш болгосон. Хамгийн гол нь жаахан ашигтай ажиллаж байгаа салбарууд нь уул уурхай, барилга хөөгөөд бусад салбаруудын хөрөнгө оруулалт сорогдоод эдийн засаг ядуурч байна. Энэ нөхцөлд төрөөс явуулах бодлогынхоо ерөнхий шугамыг өөрчлөх хэрэгтэй. Үүн дээр юу ч хийсэнгүй. Нөгөөтэйгүүр энэ хямралын үед төр бодлогын хувьд хөшүүргүүдээ өөрчлөх ёстой байсан. Татварын бодлого, цалингийн бодлого, зээлийн хүүгийн бодлого, мөнгөний бодлого гэх зэрэг. Гэтэл одоогийн Засгийн газар олигархи эрх мэдэлтнүүдийн ноёрхолд автаад юу ч хийж чадсангүй.

-Төр бодлогын хөшүүр­гээ өөрчлөх ёстой гэж та сая хэллээ. Үүнийгээ тодруулахгүй юу?

-Татварын бодлогын талаар хачиг, хувалз хазаж байгаа юм шиг энд тэнд нь гарч ганц нэг зулгаасан юм хийсээр байгаад өнгөрлөө. Татварын бодлого бол хүний орлогыг хувааж авах тухай асуудал биш. Ч.Сайханбилэгийн Засгийн газар сая байгуулагдахад татварын 268 хөнгөлөлт байсан. Энд хэрэгтэй ч, хэрэггүй ч юм байсан. Үүнийг цэгцэлье гэвэл том аж ахуй нэгжээсээ авах татвараа шударга болгоод ашгаа хуваарилахдаа жигдрүүлээд нэмж болно. Гэхдээ том аж ахуйн нэгжүүдээ “Нефтийн, металлургийн, хөнгөн үйлд­­вэрийн салбарт ноос боловсруулах чиглэлээр хөрөнгө оруулалт хийвэл татварыг чинь бууруулна” гээд явсан бол энэ нь ухаалаг хөшүүрэг болно. Гэтэл Өршөөлийн хуулийг ярихын оронд татвараар урамшуулах, дэмжих тэр бодлогоо томоор ярьсан бол оновчтой болох байсан. Хамгийн харамсалтай нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар гарч ирэнгүүтээ Монголын өр зээлийг өрөөр дарах бодлого явуулж байна. Монголыг өрийн барьцаанд тавьж гүйцлээ. Ер нь өр төлөөс гэдэг бол хувь хүндээ ч, улс нийгэмд ч хувь заяаны доромжлол шүү дээ. Өр сүүлийн үед сараар биш өдрөөр нэмэгдэж байна. Ийм байдалтай болчихлоо. Одоогийн Засгийн газарт ажиллах хугацаа алга. Сонгууль болоход ганцхан жилийн хугацаа үлдлээ. Ингээд бодохоор одоо төрийн эрх барьж байгаа Ардчилсан нам, Ардын намын бодлогыг тодорхойлдог удирдлага буюу олигархи бүлгээс бүрдсэн хэсэг ирэх сонгуульд амаараа шороо үмхэтлээ годройтох бэлтгэлээ л хангаж байна. Эд нар түүхийн хуудаснаас өөрсдийгөө арчих тэр зам руу орж байна гэж бодогддог юм даа.

-Мега төслүүд цаашаа явснаар эдийн засаг сэргэнэ гэсэн хүлээлт нийгэмд байна?

-Засгийн газрынхан үе, үе “Мега төслүүдийг явуулах нь зөв үү, буруу юу” гэж олон түмнээс асуудаг. Энэ нь Монголын ард түмнийг шууд доромжилж байгаа юм шүү дээ. Хэн ч энэ төслүүдийг “Битгий явуул” гээгүй. Бүгд явуулахын төлөө байна. Гэхдээ энэ төслийг “Өөрсдөө битгий идэж уугаад Монголд ашиггүй болгочихоосой” гэж байгаа юм. Жишээлбэл, “Оюу толгойг явуулах нь зөв үү” гэж баахан хашгирч аваад “Явуулах нь зөв гэнэ ээ” гээд Дубай руу очоод хөрөнгө оруулалтыг нь хий нэмж бичээд ирлээ. Тэр 700 сая ам.долларын зээл, дээр нь 295 сая ам.долларын зээлийн хүү, дээр нь 400 сая ам.долларын хуваах ашиг гээд бодохоор 4-5 зуун сая ам.доллараар хохироочихож байгаа юм.Үүнийг эд нар хувааж идэх болохоор “Битгий тэгээч ээ” гээд байгаа юм. Түүнээс бол том төслийг явуулахыг монголчууд дэмжиж байгаа.

-Ерөнхий сайд Дубайд айлчлахдаа Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар эдийн засагт гэгээ татаж, нэлээд олон эерэг үзүүлэлт гарсан гэж тайлбарлаад байгаа шүү дээ?

-Нэг зүйлийг зөв ойлгох хэрэгтэй л дээ. Оюу толгойн асуудлаар Риогийнхон янз бүрийн мэдээлэл тарааж байх үед нэг өдөр гадаадын 14 хэвлэлээр Монголыг гүтгэсэн, доромжилсон, харлуулсан нийтлэл гарч байлаа. Оюу толгойн хуйвалдаан амжилттай болоод ирэнгүүт эерэгээр яригдлаа. Хөрөнгө оруулагчид гэдэг эрүүл саруул сэтгэлгээгээр Монголыг эргэж байгаа шинж биш. Монголыг хэн ч очоод идэж болох сонирхол байж болно. Болгоомжтой хандах хэрэгтэй. Нөгөө талаас Монголын бондын нэр төр дээшиллээ, хүү нь буурлаа гээд ярьж байна. Гадны компаниуд “Монгол өрөнд орчихоод ашиг хуваах боломжгүй боллоо” гэдгийг ойлгосон бол эргүүлээд бондын төлбөрөө авна гэж найдах уу даа. Тэгэхээр мэдээлэл дутмаг хүрч байгаагийн шинж. Энэ бүхэнд болгоомжтой хандах хэрэгтэй.

-Монголд хөрөнгө оруулагчид итгэж ирэхгүй байгааг засаг төр тогтворгүй байгаагаас үүдэлтэй гэлцдэг. Хөрөнгө оруулагчид манай улсыг зорихгүй байгаа нь юутай холбоотой вэ?

-Ингэж шуугидаг, ингэж боргодог суртал ухуулагчдын бүлэг Монголд бий болсон. Сайтуудаар, сонинуудаар, телевизийн нэвтрүүлгүүдээр “Хөрөнгө оруулагчид Монголоос зугтлаа” гэдэг. Хоёр шалтгаан бий байх. Эхнийх нь 2004 он гэхэд Монгол Улс газар нутгийнхаа 60 хувь буюу 101 сая га газрыг лицензээр өгчихсөн байсан. Тэрийгээ эргүүлж авах талаар Ерөнхийлөгч сүүлийн жилүүдэд нэлээд шийдэмгий ажиллаад лиценз өгөхийг зогсоосон. Цаадуул нь амаа таглуулсан л даа. Лиценз өгөх, авах асуудал хавтгайраад хувийн ашиг сонирхлын бизнес болчихсон байсныг бүгд мэднэ. Үнэндээ зарим хүн долоо хоногтоо 4-5 хуурамч компани байгуулж, тэрийгээ худалдаж байсан. Энэ хууль бус байдлыг нь хориглоод ирэхээр Монголын түшмэдүүдийг тэжээж байсан гадны компаниудын дургүй хүрэх нь зөв байх. Монголын эрх мэдэлтнүүд гадны хөрөнгө мөнгөтнүүдийн гарыг долоож амьдарсаар нэлээд удлаа. Ерөнхий сайд нь гадны баячуудын гал тогооноос гарч ирдэг, Үндсэн хуулийн цэцийн гишүүн нь гадны компанийн захирал болоод цалин аваад суудаг зам дээр очсон юм шиг байна. Тэгвэл Их хурлын гишүүд, сайдууд яаж байна. Гадны хөрөнгө оруулагч ороод ирэхэд “Өөрт юу унах вэ” гэдэг асуудлаа урьдаар тавьдаг. Ийм бохир хүмүүстэй шударга хөрөнгө оруулагч гэрээ хийхгүй. “Энэ хүмүүстэй хамтарч ажиллаж болохгүй, хэзээ нэгэн цагт шүүхийн ширээн дээр очиж, ялтны замаар явах юм байна” гээд зугтах нь ойлгомжтой. Өөрсдөө өмхий, бохир байж хөрөнгө оруулагчдаа үргээчихээд газар нутгаа өмгөөлсөн, хамгаалсан хүмүүс рүү чиглүүлээд яахав дээ. Хэрэггүй л дээ. Хараад байхад, Оюу толгойн үндсэн эрх ашиг, үр өгөөжийг хайхрахгүйгээр зөвхөн Оюу толгойнхонд үйлчилж явдаг хэдэн компаниуд байгаа. Тэднийг саяхан Ерөнхий сайд Дубайгаас ирсэн даруйдаа “Хаялага ашиг” гэдэг гоё нэр томьёогоор илэрхийллээ. Энэ бол гадныхны гар долоож байна гэсэн үг. Түүнээс Монголын үндсэн баялгийг ашиглаад эдийн засаг босч ирнэ гэсэн үг биш шүү дээ. Түүнээс гадна Монголд янз бүрийн олон нийтийн байгууллага гэсэн нэрээр лобби бүтэц үүссэнийг үгүйсгэж болохгүй. Энэ бол Монголд 20-иод жил болж байна. Гадныханд үйлчилдэг, тэдний сонирхлыг илэрхийлж, тэднээс санхүүждэг байгууллагууд бий.

-Ингэхэд та шинэчлэлийн Засгийн газар хэрхэн ажилласан гэж дүгнэдэг вэ. АН, МАН хамтарсан Шийдлийн Засгийн газрын үед эдийн засаг сэргэх янз ажиглагдаж байна уу, танд?

-Ер нь Монголын төрийн бодлого Монголынхоо төрийн эсрэг чиглэх нь 2012 оноос өмнө худлаа амлалтаа биелүүлэхийн тулд нөөц баялгаа халамж хэлбэрээр тарамдуулж илэрч байлаа. Нөгөө талд нь барилгын салбар, уул уурхай гээд М.Энхболдын Засгийн газрын үеэс эхэлсэн том бизнесийг дэмжих энэ бодлогоор хулгайлж идэж байсан нь үнэн. Гэтэл шинэчлэлийн Засгийн газар гарч ирэнгүүтээ төрийн бодлогыг Монголын эсрэг 180 градус эргүүлж тавилаа. Юу вэ гэхээр дөрвөн том нүгэл хийсэн. Эхнийх нь “Чингэс”, “Самурай” бондоо ашиггүй зарцуулсан. Эргүүлж ашгаараа зээлээ нөхөхөд зориулж чадаагүй. Хоёрдугаарт, тэд Монголын өв баялгийг үнэгүйдүүлэх, ашигт малтмалын нөөцийн төлбөрийг бууруулах бодлого явуулсан. Гуравдугаарт, хөрөнгө оруулалтыг дэмжих нэрээр том хөрөнгөтнүүдэд 30 жилийн, жижигт нь таван жилийн баталгаа олгоно гэснээрээ Монголын эдийн засгийн орон зайг задалж, нэгдсэн зохицуулалт хийх боломжгүй болгосон. Төрийн механизмын хувьд үйлчилгээгүй болгосон гэсэн үг. Дөрөвдүгээрт, идэж уух нь улайм цаймдаа гарсан л даа. Сонгуульд орохдоо өртэй байсан компани сонгуулийн дараа өчнөөн төчнөөн тэрбумаар төсвөөс идээд эхэлсэн. Ер нь шинэчлэлийн Засгийн газрын үед АН-ынхан том эргэлт хийсэн. 2013 оны наймдугаар сард ээлжит бус чуулган зарласан нь Монголын төрийн бодлогод эргэлт хийсэн. Монголынхоо эсрэг чиглэсэн эргэлт. Ингээд гадныхны мэдэлд орсон.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга нь Д.Эрдэнэбат, Эдийн засгийн байнгын хорооны дарга нь Б.Гарамгайбаатар байлаа. Тэр хөрөнгө оруулалтыг дэмжих хуулинд их хөрөнгө оруулалт хийсэн газрыг нь 60 жилээр өгч, 40 жилээр сунгана гэсэн заалт оруулсан. Гэтэл газрын хуулийг өөрчлөөд дахиад уг заалтыг баталгаажуулах асуудал оруулж ирсэн. Үндсэн хуулинд гадаадын иргэнд газар эзэмшүүлэх тухай заалт бий. Энэ бол 100 жилээр түрээсээр өгнө гэсэн үг биш. Эзэмшүүлнэ гэдэг нь нэг сумын ногоо, тарианы хэрэгцээг хангахын тулд мэргэжлийн хүмүүстэй тодорхой гэрээ байгуулаад 5-10 жилээр ажиллах тухай асуудал. Болзолтойгоор ашиглах тухай асуудал байж болно л доо. Ч.Сайханбилэгийн Засгийн газар бол их өөр. Н.Алтанхуягийн идсэн уусныг цоллуулж байгаад их сонин түүхтэй гарч ирсэн л дээ. АН-ын бүлэг нь Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болгохоор 100 хувь шийдсэн байхад ҮЗХ дээрээ очоод гэнэт эргээд Ч.Сайханбилэг гараад ирсэн. Одоо бид учрыг нь харж байгаа. Сая Дубайд очоод Оюу толгойнхоо хуурамч хөрөнгө оруулалтыг хүлээн зөвшөөрөөд Монголыг өрөнд оруулаад, Оюу толгойнхоо нөөц баялгийг зээлийн барьцаанд тавиад ирлээ шүү дээ. Хоёр тэрбум 130 сая ам.долларын хий хөрөнгө оруулалт бичүүлээд, тэрний 34 хувь буюу 714 сая ам.долларыг Монголын өр болгоод байгаа юм. Энэ өрийн жилийн хүү нь 50 сая ам.доллар. Энэ хоёр тэрбумын үндсэн хөрөнгийн элэгдлийн шимтгэлээр өөрийн өртөг шингээгээд ашгийг нь бууруулахад жилд 200 сая ам.доллар байна. Тэрнээс Монголын талд ногдох татварын орлого гэхэд 40 сая ам.доллар бид алдаж байгаа юм. Тэгэхээр Оюу толгой дээрээс бид хуваах ашиг хүртэхээ байлаа. Ар талд нь өртэй үлдлээ. Үр дагавар нь ийм л дээ. Ер нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг харахад амь тэмцсэн байдалтай байгаа. Ийшээ, тийшээ гүйж зээл гуйгаад л байна. Хятадын банкнаас авсан 25 тэрбум юанийн өр байгаа. Заримдаа 27 тэрбум юань ч гэж яриад байдаг юм. Тэгэхээр үүнийг эргүүлж өгөх ёстой. Гэвч Монголд ийм боломж байхгүй. Ч.Сайханбилэгийн Засгийн газар бол Монголын эдийн засгийн маанийг унших чиглэлтэй байгаа.

-Таныхаар “Чингэс”, “Самурай” бондыг яавал үр ашигтай зарцуулах байсан юм бол?

-Зээл авч болно. Бонд гаргаж болно. Тэр бол олон улсын эдийн засгийн чөлөөт хөрөнгийг татаж ашиглах нэг арга шүү дээ. Гэхдээ юунд зарцуулах вэ гэдгээ сайн бодох ёстой. Тавантолгойгоос Хятадын хил хүртэл 268 км төмөр зам тавихад 1.2 тэрбум ам.доллар хэрэгтэй. Үүнийг ч тавьчихаж болох байсан. Тэгсэн бол Тавантолгой өнөөдрийнх шиг хүндрэлтэй байдалд шийдэгдэхгүй байв. Тэнд жилийн 30 сая тн нүүрс тээвэрлэхээр 30 жилийн дотор 15 тэрбум ам.долларын тээврийн ажил гүйцэтгэх юм. Үүнийг бид амархан нөхөж болох зардал шүү дээ. Гэх мэтчилэн ийм ашигтай үйлдвэрлэл рүү бондын хөрөнгийг зарцуулах ёстой байтал аймаг хотыг холбосон автозамд зарцуулсан. Ямар ч байсан өнөөдрийн төрийн эрх баригчид “Чингэс” бондыг юунд зарцуулсан тайлангаа гаргаж чадахгүй байгаа нь үнэн. Хэрэв үр ашигтай зарцуулсан бол ийм, ийм юманд зарцууллаа гээд гаргаад ирнэ биз. Одоо АН-ынхны ярьж байгаа зүйл бол “Урьд нь МАН муу байсан. Бид тэднээс их мундаг байна, зам барихад мөнгө зарцуулсан” гэдэг. Энэ бол өөрийгөө зөвтгөх шалтгаан биш. Ер нь үр ашигтай, эргүүлж валют болгох тийм обьектод зарцуулах ёстой байсан, даанч чадаагүй.

-АСЕМ-ийн дээд хэмжээний 11 дэх хурлыг манай улс ирэх жилд зохион байгуулна. Дэлхий дахинд Монголыг таниулж, гадаад ертөнцөд итгэлцлийг бий болгох учраас мэргэжлийн түвшинд зохион байгуулах хэрэгтэй. Төрийн түшээ байсан хүний хувьд та энэ арга хэмжээний үр дүнг тодорхойлохгүй юу?

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Төрийн тэргүүн байх хугацаанд Монгол Улсын гадаад байр суурь их бэхжлээ. Хоёр хөрштэйгээ харилцаагаа сайжрууллаа. Европ бол технологийн төв, Ази эдийн засгийн төв нь болжээ. Тэгэхээр Ази Европыг холбосон энэ холбооны зангилаа Монголоор дайрч гарах юм. Монгол АСЕМ-ийн уулзалтыг зохион байгуулж олон нийтийн анхаарлын төвд орно гэдэг бол том асуудал л даа. Үүнийг дэмжих хэрэгтэй, зөв алхам. 1992 онд миний бие Германы Канцлер Кольтой уулзахдаа “Хэн Монголд байна, тэр л Азид байна” гэж хэлж байлаа. Одоо Европын хөрөнгө оруулагчдын 70 хувь нь дулаан бүсийг заагаад хөрөнгө оруулалт хийгээд байгаа шүү дээ. Гэтэл Азийн төв чинь Монгол. Орос, Хятад хоёр том зах зээлийн дунд, нөөц баялаг ихтэй. Монгол өөрийнхөө давуу байдлыг ашиглахад АСЕМ-ийн уулзалт хэрэгтэй л дээ. Монголын тусгаар тогтнол, аюулгүй байдал, олон улсын хувьд хүлээн зөвшөөрөх байдал дээшилнэ гэдэг бол өөрөө бие даасан асуудал юм.

- Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг танаас асуулгүй өнгөрч болохгүй. Таны бодлыг сонирхмоор байна?

-Энэ бол хоёр талтай асуудал. 1992 онд коммунист тогтолцооноос дөнгөж салаад байв. Тэр үед ихэнх нь коммунистуудаасаа бүрэлдсэн Их хурал байгуулагдсан. Бүх юмыг төгс шийдэж чадаагүй. Одоогийн үндсэн хуулийг аваад үзэхэд өөрийнхөө орны нөхцөлд тохируулсан оновчтой биш. Санхүү, эдийн засгийн удирдлагыг ч Үндсэн хуульдаа тусгасангүй. Жишээлбэл, Монголын төр гэдэг Чингэс хаан, Өгөөдэй хааны үеэс эхлэн засаг төр байгуулахад таван салаатай байсан. Гарын таван хуруу шиг. Одоо Монгол төрийн гурван салаа гэж яриад байгаа. Энэ чинь үлэг гүрвэлийн мөр. Хүнийх биш. Тэгэхээр таван салаатай төрийнхөө асуудлыг эргээд нэг харах хэрэгтэй. Энд төрийн хяналтын асуудал, төрийн түшээдийн асуудал хоёр орхигдчихоод байна. Бас дордуулсан долоон заалт бий. Гэтэл одоогийн Их хурлынхан үүнийг өөр өнгөөр ярьж байна. АН, МАН хоёр эвсэхдээ хуйвалдсан гол зорилго нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бууруулаад Ерөнхийлөгчийг Их хурлаас томилдог болъё гэсэн. Миний бодоход Ерөнхийлөгчийг сонгоно гэдэг бол төрийн тэргүүнээ сонгож байгаа Монголын бүх ард түмний төр байгуулах эрхийн дээд илрэл юм л даа. Гэтэл энэ эрхийг Их хурал булаагаад авах нь. Их хурлын 76 гишүүн толины өмнө зогсч байгаад өөрсдийнхөө нүүрийг хар даа гэж хэлдэг юм. Энэ дотор хэдэн луйварчид, хэдэн хэрүүлч зодоончид байна. Бас төрийн талаар “А” ч үгүй улсууд байна. Тэдэнд найдаж төрийн тэргүүнээ орхих уу. Эдний одоогийн сонирхож байгаа гол зүйл нь Монголын газрыг, баялгаа, ирээдүйгээ худалдчихлаа. Одоо Төрийн тэргүүнээ нэг компанид худалдчихвал хэн нэгэн этгээд ирээд суух нь байна. Иймэрхүү дүр зураг харагдаад байгаа. Энэ бол нийгмээ маш хурц зөрчил рүү түлхэж байгаа өдөөн хатгалга л даа.

-Улс төрийн намуудын өнөөгийн нүүр царай танд яаж дүрслэгддэг вэ?

-Монголын нийгэмд тохиолдож байгаа бүх л бохир, зөрчилдөөн үзэгдлүүдийн эх ундарга нь улс төрийн намууд болоод байна л даа. Улс төрийн нам гэдэг бол нэг талдаа улс орныхоо зам мөрийг үзлээр тээж, олон түмнийхээ хүчээ чиглүүлэх талаас нь хэрэгтэй бүтэц байдаг. Гэтэл өнөөдөр манай улс төрийн намууд нам дамжсан улс төрийн олигархиуд болсон. Тэд төрийн эрх мэдлийг аваад өөрсдөдөө ашиглахын тулд бүхнийг хийж байна. Ардын нам, Ардчилсан нам хоёрын хооронд одоогийн явуулж байгаа бодлогын талаасаа гэхэд хуруу зөрүү байхгүй. Хуйвалдаад л хоорондоо хувааж идэж байна. Сонгууль дөхөхөөр нэг нь цагаан болох гээд нөгөөхөө харлуулж мэтгэлцэх биз. Тэгэхээр улс төрийн нам бол төрийн албыг худалддаг лангуу болсон нь хэнд ч ойлгомжтой. Сайдыгаа нэг тэрбумаар, дэд сайдын суудлыг 480 сая төгрөгөөр авна гэх зэргээр бараг ханш тогтоочихсон байгаа. Тэгэхээр улс төрийн намуудыг өөрчлөхгүйгээр Монголын нийгэм өөрчлөгдөж чадахгүй. Ерөнхийлөгч олон удаа хэлсэн. Намуудыг өөрчлөх хуулийн төсөл өргөн барина гэж. Үүнд УИХ дахь намууд тун дургүй юм шиг байгаа. Дургүй байж болно, гэхдээ шинэчлэгдэхийг хүсээд, одоогийнхоо нам гэдэг хуйвалдагчид, хорлон сүйтгэгчид, гэмт хэрэгтнүүдийнхээ бүлэглэлийг хадгалах гэж оролдож байгаа эрх мэдэлтнүүд ирэх сонгуульд өөрсдөө годройтно.

-Сонгууль болгоны өмнө Сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулах юм. Эрхэм гишүүд дараагийн сонгуульд гарахын тулд өөрсдөдөө зориулсан хууль санаачилдаг гэдэгтэй та санал нийлэх үү?

-1996 оноос хойш сонгуулийн хуулийг өөрчилсөөр ирлээ. Нийтлэг асуудал нь тухайн Их хуралд байгаа улсууд өөрсдөө сонгогдохын тулд бүхнийг хийж байна. Одоо ч тэр замаар явж байгаа. Таван бүлэг болгоод тэр дундаас нэг тойрогтоо 20-30 хүн өрсөлдөх юм шиг байна л даа. “Тэр дундаас олны танил болсон би гараад ирэх байлгүй” гэсэн архаг гишүүд шинэ хүмүүсийг улс төрд гарч ирэх боломжийг нь хааж, дарах арга шүү дээ. Үндсэн хуулиндаа өөрчлөлт хийгээгүй байхад Сонгуулийн хуулийг өөрчлөх асуудал олигтой гарахгүй. Сонгуулийн нэгдсэн хуулийг энэ жилдээ багтааж гаргахгүй, наадуул чинь. Яагаад гэвэл одоогийн Их хуралд ороогүй намуудыг шахахын тулд 2016 оны эх хүргэж байж хуулиа батлах байх л даа.

-Манай орны нөхцөлд сонгуулийн аль систем нь оновчтой вэ?

-Буруу хэрэглэвэл аль нь ч хэцүү л дээ. 76 гишүүнийг сонгодог байхад сонгогчид тухайн нэр дэвшигчийн нүүрийг харж, үгийг нь сонсч, хэн бэ гэдгийг нь шинжих боломж байдаг. Намаар гэхээр намын бодлого орж ирж байна. Гэтэл намууд бодлогогүй юм чинь шуналаа л шургуулах юм байна шүү дээ. Уг язгуур үндсийг нь шийдээгүй байж тэр нь, энэ нь зөв гэхэд хэцүү л дээ. Тэгэхээр намууд нь зөв үзэл бодолтой, хөтөлбөр нь үнэн бодитой байдаг бол тэрийг хэрэгжүүлэх ёстой. Харин сонгуульд хуурамч амлалт өгөөд, дэвшүүлсэн хөтөлбөрөөсөө өөр бодлого явуулах нөхцөлд тэр намуудын нэрээр орж ирнэ гэдэг бол утгагүй. АН 2012 оны сонгуульд орохдоо ийм арчаагүй орно гэж мөрийн хөтөлбөр гаргаагүй. Ард түмнийг торгонд ороогоод тавьчих юм ярьж гарч ирсэн. Ардын нам бүр ч том юм амлаж байсан. Аль нь ч ялгаагүй. Оновчтой арга нь Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулаад парламентаа хяналттай байлгаад асуудлыг шийдэх. Жишээлбэл, 1990 онд Улсын бага хурал байгуулахдаа Улсын их хурлын 430 хүнийг орон нутагтаа сонгосон. Тэгээд Их хурал нь Бага хурлаа байгуулж байсан юм. Тэр үед хүмүүсийг харж сонгох боломжтой байсан. Гэтэл одоо хэдэн олигархиуд мөнгөө бариад гүйхэд бэлтгээд байж байна. Улаанбаатар хотод халуун ус ч алга, замаа ч хаачихлаа. Энэ бол сонгуулийн өмнө мөнгө угааж байгаа нэг хэлбэр. Сонгуулийн өмнөх жил зам засах, шугам тавих нэрээр хичнээн мөнгө угааж байгааг хэн мэдэх вэ дээ.

-Сонгууль болоход ганцхан жилийн хугацаа үлдлээ. Одоогийн эрх баригчид, улстөрчид гарч ирж дөнгөх болов уу?

-Сонгууль Монголд хувь заяа шийдэх ач холбогдолтой явдал. Бид ардчилсан замналыг сонгохдоо улс орноо хөгжүүлье, өнгөтэй өөдтэй амьдаръя гэж энэ замыг сонгосон. 25 жил үүн дээр алдаж, онолоо ч гэсэн одоо нийгэмд хуримтлагдаад байгаа элдэв өнгийн сөрөг үзэгдлүүд маань энэ ололтыг үгүйсгэх түвшинд ойртож явна л даа. Харамсалтай нь энэ бүхэн Ардчилсан нам төр барьж байх үед тохиолдож байна. Ардчилсан намын удирдлага дотор АН-ынхныг МАН-ынхны үзэл номлолд шингээе, хоёр намыг нэгтгэе гэсэн хүчтэй бүлэглэл бий. Тэд байсаар ирсэн. Өнөөдөр нам дотроо давамгайлах байр суурин дээр очоод 2012 оны УИХ-ын, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмнийхээ өгсөн итгэлийг хойш тавьчихаад дахиж эвслийн Засгийн газар байгуулж Монгол орноо худалдах ажил хийж байна л даа. Энэ бол АН-ын хувьд хувь заяагаа шуулгах сүүлчийн арга хэмжээ байж болох юм. АН-ынханд ганц л зам бий. Эдийн засгаа бол мэдэгдэхүйц сайжруулж чадахгүй. Эдийн засгийн байдал цаашид Чингэс болон Самуурай бондын өр төлөөд ирэхээр улам хүндэрнэ. Оюу толгой, Таван толгойгоос 2016 оны сонгуульд найдвар тавиад хэрэггүй болсон нь тодорхой боллоо. Тэгэхээр эдийн засгийнхаа механизмыг сайжруулах тал дээр юм хийж чадахгүй ч одоогийнхоо байгааг муу болгохгүй юм сан. Нөгөө талд байдлыг сайжруулах, олон түмэнд итгэл төрүүлэх алхам бол төрийн хяналт, төрийн хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэх. Тухайлбал, Ерөнхийлөгч Хариуцлагын тухай, Нийтийн сонсголын тухай хууль өргөн барьсан ч Их хурал буцаалаа. АН-ынхан өөрсдөө төрийн хариуцлагыг дээшлүүлэхийн эсрэг ажиллаад цаашдаа энэ бодлого нь үргэлжлэх юм бол сонгуульд тэд олонхийн санал авах магадлал байхгүй. Хамгийн олон санал авах найдвар бүр ч байхгүй. Бүлэг байгуулах хэмжээний түвшинд үлдэх үү, үгүй юу гэдэг болох байх. Хамгийн өрөвдөлтэй, эмгэнэлтэй зүйл нь МАН-ынхан тэднээс дээргүй л дээ. Хуучны архаг хуйвалдаан, алдаатай бодлогод бүгд оролцож байсан улсууд одоо гэмгүй царайлан амаа арчаад сууж байна. Сонгуулийн цаг болоход наадуул чинь хөхөө шиг донгодоод гараад ирнэ. Олон түмэн ил тод сонголт хийх юм бол Монголын хувь заяа 2020 он хүртэл бүдгэрнэ. Үүний хариуцлагыг АН-ын одоогийн удирдлага хүлээнэ. АН-ынханд хэлэхэд, дотоод хяналтаа ойлгооч ээ. Эцсийн боломж чинь энэ. Долдугаар сарын эхээр чоно борооноор гэгчээр манайхан хуулиа баталж байхад амралт эхэлдэг шүү дээ. Тэрнээс хойш нэг ч алхам хийх боломж гарахгүй. Долдугаар сарын 9-нийг хүртэл эд нар толгойгоо ажиллуулахдаа жаахан цэгцэрч, ухаарах боломж бий. Тэгээд чадахгүй бол тэдний маанийг уншихад нь бид эмгэнэл илэрхийлээд зогсч байхаас өөр яахав дээ.