МАН-ыг Засгийн газраас хөөх шийдвэр гаргав
2015/07/04
АН-ын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр үдээс хойш хуралдаж, Засгийн газарт хамтарж ажиллаж байгаа МАН-тай байгуулсан гэрээний биелэлтийг хэлэлцээд, энэхүү гэрээгээ цуцлах үүргийг УИХ дахь Ардчилсан намын бүлэгт өгчээ.
Засгийн газраас МАН-ыг гаргах болсон шалтгааныг АН-ын Гүйцэтгэх зөвлөл ийнхүү үзжээ.
1. Засгийн газарт МАН-ыг хамтарч ажил хийе гэж урьсан. Харамсалтай нь МАН нэг л ажил хийдэг юм байна. Тэд 6 сайд, 7 дэд сайд авч 600 гаруй төрийн албан хаагчийг халлаа. МАН албан тушаал ширээ сандлаас өөр ажил хийж чаддаггүй юм байна. Хууль зөрчин төрийн албан хаагчийг хална гэж бид тохироогүй.
2. МАН-ыг бид УИХ-ын чуулганы нийт хугацааны 60 хувийг нь сайд огцруулах асуудал тавьж ажил хийлгэхгүй болохоор нь хамтран ажиллах гэж төрд урьсан. Тэд сайд огцруулах ажлаа төрийн албан хаагчдыг халах ажлаар солилоо. Тэд зургаан сарын хугацаанд ийм л ажил хийлээ.
3. Эдийн засгийг сайжруулахад иргэдээ уриалж ард түмнээ ажил үйлсэд уриалж хамт явна гэж итгэж МАН-ыг урьсан. Өөрсдөө ч тэгж амласан. Харамсалтай нь, тэд төрийн бодлогоор хэрэгжүүлсэн ажлыг мушгиж гуйвуулж, ард түмний санаа сэтгэлийг мунхруулсан гүтгэлгээс өөр юм хийсэнгүй.
Ардчилсан нам 2012-2014 онд их бүтээн байгуулалтын ажлууд хийсэн. Монгол ардын намтай хамтарснаас хойш ажил урагшлахгүй байна.
4. МАН 2016 оны сонгууль эхэлснээ зарлаж, төрийн ажлыг цалгардуулах, түмэн олныг хувааж талцуулах боллоо. МАН 2000-2012 оны хооронд бүтэн нэг үед Монгол Улсыг удирдаж, олонхийг бүрдүүлж явсан ч нүдэнд харагдаж гарт баригдах бүтээн байгуулалт, цэгцтэй бодлого байсангүй.
5. Өнөө цагт АН хариуцлагаа үүрсэн шиг үүрч, МАН сөрөг хүчин шиг байж 2016 онд ард түмнээрээ дүнгээ тавиулах нь зүйтэй гэж АН-ын Гүйцэтгэх зөвлөл үзсэн байна.
Энэ тухай мэдээллийг дөнгөж сая АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, АН-ын Улс төр бодлогын газрын дарга Д.Анхбаяр, АН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Б.Цолмонбаяр нар хийлээ.
Зочин · 2015/07/05
ene ardcnilsan nam vnen obilogogvi odoo urbagch rbin sid bolno geb v muu er