Эдийн засгаа уул уурхайн томоохон төслүүдээрээ сэргээхийг зорьж буй Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахаар гадаад айчлалууд хийсэн. Тэрээр АНУ, Их Британид айлчлах үедээ “Монгол Улс удахгүй Тавантолгойн төслөө баталж, эдийн засгаас урагшлуулна”, “Монгол Улс хөрөнгө оруулалтын хамгийн халуун цэг байх болно” хэмээн ярьсан байсан.

 

Засгийн газрын тэргүүний үгийг биелнэ хэмээн гадаадын хөрөнгө оруулагчид хүлээж буйтай адилхан монголчууд ч Тавантолгойн төслийг наадмаас өмнө баталчих байх гэсэн хүлээлттэй байлаа.

 

Гэтэл Тавантолгойн төсөл наадмаас өмнө битгий хэл ер нь УИХ-аар хэлэлцэгдэх эсэх нь тодорхойгүй боллоо. Энэ нь АН-ын дотоод хагаралтай холбоотой хэмээн Монгол Улсын сайд М.Энхсайхан мэдээлжээ.

 

Тавантолгойн төслийг эргүүлэн татсан УИХ-ын дарга З.Энхболдын шаардлагын дагуу уг төсөлд УИХ-ын саналыг тусгасан. Гэвч саналыг тусгаад төслийг өргөн барьтал УИХ хүлээж авсангүй.

 

Эдийн засгийг сэргээх томоохон төсөл УИХ-аар хэлэлцэгдэхгүй болсон нь УИХ-ын дарга З.Энхболд, ЗГХЭГ-ын С.Баярцогт нар муудалцсанаас болсон аж.

 

М.Энхсайхан өөрийн твиттер хуудаснаа “Тавантолгой З.Энхболд нартай тохирсон гэх УИХ-ын шийдвэрийн төслийг өргөн барих гэсэн боловч нөгөөдөх нь хүлээж авахгүй гээд бөөн хэрүүл боллоо” хэмээн бичжээ. Тэд хаана муудалцсан ч тодорхойгүй байгаа ч М.Энхсайхан хажууд нь байж таарч.

 

З.Энхболд, С.Баярцгот нар муудалцана гэдэг АН-д томоохон хагарал үүссэнийг харуулж байна.

 

Ийнхүү Монголыг халуун цэг хэмээн харж буй гадаад хөрөнгө оруулагчдын, эдийн засгаа сэргэхийг хүлээж буй монголчуудын хүлээлтийг унагаалаа. Тавантолгойн төслийг энэ чуулганаар батлахааргүй боллоо.

Д.Идэр