Хэдхэн хоногийн дараа Үндэсний их баяр наадам, Их монгол улс байгуулагдсаны 809 жилийн ой, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр тохиож Монгол түмэн наадах гэж байгаа билээ. 

Наадамчин олны сэтгэл тэнүүн, өргөн дэлгэр сайхан наадахаар дор бүрнээ баяртаа бэлдэж буй. Эрийн гурван наадмаа тухлан соёрхох наадамчин олны өмнөөс  уяачдадаа "Унаач хүүхдээ даатгуулсан уу, мөн хамгаалалт хэрэгслийг нь авсан уу? хэмээн асуух байна. Мэдээж ийн асуухын учир нь түмэн олон сайхан наадаж байхад уяач хүүхэд, тэдний гэр бүл нулимс бүү унагаасай гэсэн дээ. 

Хурдан морины уралдаан болох тухай сонсох бүрд "унаач хүүхдүүдийн амь насыг яаж хамгаалж байгаа бол" гэж сэтгэл зовнидог. Уралдааны үеэр унаач хүүхэд мориноосоо унаж, бэртэх тэр бүү хэл амь насаа хүртэл алдсан гашуун түүхүүд бий. Тухайлбал, 2013 онд нийт 958 унаач хүүхэд мориноос унаж, 16 хүүхэд хөнгөн гэмтэж, 34 хүүхэд хүнд гэмтэж, зургаан хүүхэд амь насаа алдсан гэсэн сэтгэл эмзэглүүлсэн албан ёсны тоо баримт тэмдэглэгдэн үлдсэн байна. Мөн “Дүнжингарав-2014” хурдан морьдын уралдааны үеэр 13 хүүхэд мориноосоо унаж, 2 хүүхдийн гарын шууны яс хугарсан гээд бэртэл, гэмтэл ослын тоо тасрахгүй хөвөрнө. 

Саяхан хурдан морины салбар хорооноос мэдээлэл хийсэн юм. Унаач хүүхдийн талаар хоёрхон өгүүлбэр цухалзуулаад л “Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам”-ыг баталсан гэдгээ онцгойлон ярьсан. "Хуулийн дагуу долоогоос дээш насны хүүхдээр хурдан морь унуулна. Ингэхдээ даатгал, гэрээ, хамгаалах хэрэгслээр бүрэн хангах ёстой" хэмээсэн.

Уяачид тэр бүр унаач хүүхдүүдээ хамгаалах тал дээр анхаараад байдаггүй гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлдэг. Тэднээс унаач хүүхдийнх нь  хамгаалах хэрэгслийг байгаа эсэхийг асуухад "Би уг нь авч өгсөн энэ хүүхэд хаа хамаагүй тавиад алга болгочхож. Уралдахаас нь өмнө аваад өмсгөе өө" гэж хэнэггүй ч юм уу, харамч юм уу хариултыг өгдөг аж. Харамсалтай нь шалгах бүрд өнөөх хүүхэд нь хамгаалах хэрэгсэлгүй байдаг гэнэ. Ингэж хүүхдийн эрхийг зөрчиж, амь насанд нь заналхийлэхгүй байхыг нийт алдарт уяачдадаа уриалж байна.

Хэрвээ та уяач бол харам зан гарахгүйгээр  "Стандартын дагуу хувцас хэрэглэл"-ийг нь иж бүрнээр нь унаач хүүхдэдээ авч өгөхийг хүсье. Стандартын шаардлага хангасан хамгаалалтын малгай, цээживч, тохойвч, өвдгөвчийг заавал өмсүүлэхээс гадна  хүүхдийн эцэг, эхтэй гэрээ байгуулж, даатгал хийлгэсэн байхыг мэргэжлийн хяналтаас анхааруулсан.

Хурдан мориндоо хайртай шигээ унаач хүүхдүүдээ хайрлах цаг нь болсон уяачид минь.!!!

 

 Х.Даваа