Монгол Улс зах зээлийн нийгмийн харилцаанд шилжсэнээс эхэлсэн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Монгол Улсын Их Хурлаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг хуульчлан зохицуулахаар 1996 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулийг шинээр батлан гаргасан юм. Хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш 1998, 1999, 2001, 2003, 2005, 2008 онуудад буюу нийтдээ 6 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байдаг. Тэгвэл энэ хуульд дахин өөрчлөлт оруулахаар болоод байна.  
Учир нь өнгөрсөн жилүүдэд гарсан судалгаа хуулинд өөрчлөлт хийх шаардлагатайг харуулж байгаа юм.   Тухайлбал, 2013 онд улсын хэмжээнд зам тээврийн ослын холбогдолтой 90721 дуудлага хүлээн авсныг урьд оны мөн үетэй харьцуулахад 44112 буюу 94.6 хувиар өссөн байна. Улсын хэмжээнд 41797 зам тээврийн осол гарснаас 2199-д эрүүгийн хэрэг үүсгэгдэн, 15995 хэрэгт захиргааны арга хэмжээ авч, 23603 ослыг даатгалын байгууллагад шижүүлсэн.  2013 онд бүртгэгдсэн зам тээврийн ослын 17848 буюу 97,2 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс, 475 буюу 2,6 хувь нь явган зорчигчийн буруутай үйлдлээс, 44 хувь буюу 0,2 хувь нь замын нөхцөл байдлаас шалтгаалсан байна.  2013 онд бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 560 хүн нас барж, 7383 хүн гэмтэл бэртэл авч, иргэн аж ахуйн нэгж байгууллагад 8 тэрбум 497,9 сая төгрөгийн  эд хөрөнгийн хохирол учирсан байна. Зам тээврийн осолд  өртсөн 25-40 насны эрэгтэйчүүдүүдийн тоо энэ насны эмэгтэйчүүдээс 3 дахин их байна.  2013  онд  улсын хэмжээнд  37 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан бол, 197 хүүхэд  хүнд, хүндэвтэр гэмтжээ. Улсын хэмжээний үзүүлэлтүүдийг урьд онтой харьцуулахад  нас барсан хүүхэд 6 пунктээр буюу 14,0 хувиар буурч, гэмтсэн хүүхдийн тоо 14 буюу  7,7  хувиар өслөө.  Орон  нутагт 30 хүүхэд, нийслэлд 7  хүүхэд амь насаа алджээ.  Амь насаа алдсан хүүхдийн насны байдлаас харахад 7 хүртэл насны хүүхэд 20 буюу 54,0 хувийг эзэлж байна. Нийслэлд хүүхэд өртсөн зам  тээврийн  ослын  тохиолдол 1107  бүртгэгдсэн нь урьд оны үзүүлэлтээс 255 пункт буюу 29,9 хувиар  буурсан хэдий ч учирсан хохирол өссөн байна. Бүртгэгдсэн зам тээврийн осолд өртсөн  хүүхдийн  76,8  хувь нь явганаар, 21,4 хувь нь тээврийн хэрэгслээр зорчигч, 1,3 хувь нь дугуйгаар, 0,5 хувь нь бусад /гэртээ, хашаандаа байсан/  замын  хөдөлгөөнд оролцож байхдаа осолд өртөж хохирсон байна. Нийслэлд 8-14 насны хүүхэд 44,2 хувийг, 0-7 хүртэл насны хүүхэд 38,4 хувийг, 15-17 насны хүүхэд 17,4 хувийг эзэлсний 62,6 хувь нь эрэгтэй хүүхэд, 37,4  хувь нь эмэгтэй хүүхэд өртсөн гэсэн тоон үзүүлэлт гарав. Эдгээр хүүхдүүд ихэвчлэн гэр, сургууль, цэцэрлэг гэсэн маршрутаар явж байгаад зам тээврийн осолд өртдөг байна.  Хүүхэд анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцох, зам хөндлөн гарахдаа гарц,  гарамтай хэсгээр гарахгүй байх, асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийн урдуур гүйх зэргээр замын хөдөлгөөний мэдлэг дутуу зэргээс шалтгаалан  осолд өртөхөөс гадна жолоочийн хариуцлагагүй үйлдэл, замын байгууламжийн эвдрэл гэмтэл зэргээс үүдсэн осол бүртгэгдсэн байна.

Улсын хэмжээнд 2014 онд Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 368 хүн нас барж, 1001 хүн гэмтсэн статистик үзүүлэлт байгаа бол, цагдаагийн байгууллагын танилцуулгаар 498 нас баралт бүртгэгдсэн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад нас баралт 26,5 хувиар, гэмтсэн хүний тоо 8,0 хувиар өсчээ.

Жилээс жилд ослын улмаас хохирсон хүний тоо нэмэгдэж байгаа болохоор хариуцлагыг чангатгах нь зүйтэй гэдгийг  хууль санаачлагчид үзсэн байгаа. Улмаар жолооч нарын гаргадаг нийтлэг гаргадаг “алдааны” хариуцлагыг чангатгахаар боллоо.  Тухайлбал,

  • Замын хөдөлгөөний дүрэмд согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол эхний удаад авто машин барих эрхийг хоёр жилийн хугацаатай хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 384 мянган төгрөгөөр торгохоор заажээ.  Хоёр дахь удаагаа тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодвол жолоо барих эрхийг дөрөв хүртэл жил хасах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 768 мянган төгрөгөөр торгохоор тус тус заажээ.
  • Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эрхээ хасуулсан, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн этгээдээр тээврийн хэрэгсэл жолоодохыг шаардсан, нөлөөлсөн иргэнийг 48 мянгаар, хуулийн этгээдийг 960 мянган төгрөгөөр торгох юм.
     
  • Согтуу хүнд жолоогоо шилжүүлсэн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх 96 мянган төгрөгөөр
  • Ядарсан болон өвчтэй  үедээ  жолоо барьсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр
  • Гэрэл дохио болон замын цагдаа зохицуулалт хийсээр байхад зөрчвөл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувь буюу 19200 төгрөгөөр
  • Сигнал буюу  дуут дохио өгөх журам зөрчсөн бол 19200 төгрөгөөр
  • Хуурамч дугаар ашигласан иргэнийг 192 мянга, хуулийн этгээдийг 960 мянган төгрөгөөр 
  • Урсгал сөрж явсан тохиолдолд 96 000 төгрөгөөр
  • Түр буюу удаан зогсоох журам зөрчсөн бол 19200 төгрөгөөр тус тус торгор юм.  

Жолооч нарын хариуцлагыг  чангатгасан энэ хууль 9-р сарын нэгний өдрөөс мөрдөж эхлэх нь зүйтэй гэдэг дээр УИХ-ын гишүүд санал нэгдлээ. Хууль зүйн байнгын хорооноос жолоодох эрхийн болон олон улсын жолооны үнэмлэхийг олгох, бүртгэх ажлыг цагдаагийн байгууллага зохион байгуулна гэсэн нэг саналыг оруулж ирсэн бөгөөд дээрх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

 

Э.Мөнгөн