Хөдөлмөрийн яамнаас Хө­дөлмөрийн хуульд шинэ­чилсэн найруулга хийгээд засгийн газарт өнгөрөгч сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн. Энэ хуулийг өнөөдөр хэлэлцэх юм байна. 

-Хүний хөдөлмөрийг мөлжих явдал зогсоно-

Шинэчилсэн найруулгаар одоо мөрдөж буй хуулийн 50-иас дээш хувьд нь өөрчлөлт оржээ. Тухайлбал, хуулийн үйлчлэх хүрээг өргөтгөх болсон байна.  Одоогийн хууль зөвхөн гэрээнд үндэслэсэн харилцааг л зохицуулдаг. Гэтэл хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй хэрнээ хөдөлмөрийн харилцаанд орж буй тохиолдол олон бий. Наад зах нь саяхныг болтол үйлдвэр үйлчилгээний байгууллагууд үндсэн ажилтан авах сонирхолгүй, ажилтан авахдаа туршилтын гэх нэрээр нэгээс дээш сараар ажиллуулж байгаад "Уучлаарай та манай ажлын байранд тэнцсэнгүй ээ" хэмээн үндсэн ажилтнаа болгохоос татгалзаж орхих явдал олонтаа гардаг. Энэ нь хүний хөдөлмөрийг үнэгүйдүүлж, мөлжиж буй хэрэг гэж үзэж байгаа юм. Үүнээс үүдэн ажил хайгчид туршилтын хугацаа гэгчээс айдаг болсон гэхэд болно. 

-Хувийн хэвшлийнхэн хохирч үлдэх үү-

Харин уг байдал шинэчилсэн хуулиараа бол ажилтан, ажил олгогч нар албан ёсоор гэрээ байгуулаагүй байсан ч шууд хэрэгжинэ гэсэн үг. Ийнхүү нааштай заалтууд орсон байгаа хэдий ч бас нэг талыг хэт барьсан хувийн хэвшилд ажилладаг ажилтнуудын эрх ашиг хохирч үлдэж мэдэх заалтууд олон байна. Тодруулбал, Хүүхэд гаргах насны эмэгтэйчүүдийг ажил олгогчид ажилд авахгүй байх магадлал тун өндөр заалт бий. Энэ нь хүүхэд гаргасан эмэгтэйн гурван жилийн нийгмийн даатгалыг байгууллага төлөх хэмээн заажээ. Уг хууль нь хувийн хэвшлийнхэнд үйлчилнэ, төрийн ажилтнуудад зөвхөн үйлчлэхээр ялгаж, салгаж нарийн тусгаагүй байгаа нь дутуу дулимаг гэж дүгнэхэд хүргэж байна. 

Харин төсвөөс цалинждаг төрийн албан хаагчид  гурван жил хүүдээ харчхаад буцаж долоон сар ажиллаад ахиад хүүхэд гаргаж, ахиад гурван жил нийгмийн даатгалаа байгууллагаараа төлүүлээд ахиад долоон сар ажиллаж, дахиад хүүхэд гаргаад гэх мэт хууль маш ашигтай. 

Харамсалтай нь, хувийн байгууллагуудын захирлууд уг хуулийг хүлээн зөвшөөрөх эсэх нь тун эргэлзээтэй юм. Мэдээж, ажлаа хийхгүй байгаа хирнээ хүүхдээ хараад сууж байгаа хүний нийгмийн даатгалыг төлөх аж ахуй нэгж, байгууллага, компани Монголд олдох болов уу. Хувийн байгууллагууд хуулийн гадна л үлддэг улс. Энэ мэтчилэн эргэж сайн нягталж сайжруулах заалтууд байгаа гэдгийг анхаараасай билээ. 

 

Х.Даваа