Миний найз жирийн нэгэн бизнесмэн. Жижгэвтэр үйлдвэртэй. Наяад хүн цалинжуулчихна. Үйлдвэр нь гайгүй сайн дэвжих шинжтэй болсноо сүүлийн жилүүдэд нэг хэвэндээ гацчихсан. Одоо орлого зарлагаа тэнцүүлсэн шиг “сайн цаг”-ийг хүлээж буй.

Өнөөдрөө бодвол бизнесээ орхимоор байна гэж халаглах. Аргаа барсан хүний үг. Гэтэл мачийтал зүтгэж байж үйлдвэрээ босгосон болохоор унагаачихаж чаддаггүй юм шиг байгаа юм. Бас тэгээд 80 хүний, тэдний цаадах амьдрал тэндээс л залгаж байгаа болохоор...

Мань эртэй саяхан нэг уулзаад суулаа. Ярьж байна. “...Ер нь ингэж үйлдвэрлэнэ, бүтээнэ гэж явж байхаар зүгээр л төрийн албанд шургавал яадаг юм. Манай нөгөө хэн чинь 2012 оны сонгуулийн дараа нэг агентлагт жижигхэн дарга болсон. Өмнө нь энд тэнд ажиллаж байгаагүй. Хурааж хуримтлуулсан юм багатай. Намайг мөнгө зээлээч гээд хоргоогоод л явдаг байсан даа. Гэтэл саяхан таарлаа. Манийгаа тоохооргүй болж. “Лексус-570” машинтай болж. Морь уядаг болсон гэнэ. Эхнэр хүүхэд нь гадаадад сурч байгаа гэж байна. Зайсанд амьдардаг. Одоо хотын ойролцоох уулын аманд эдлэнтэй болж байгаа гэнэ. Уг нь тэр төрд ажиллаад гуравхан жил болж байгаа шүү дээ”  гэж байна.

Харин энэ найз маань 10 гаруй жил бизнес хийж, үйлдвэрлэл явуулж байгаа. Мөнгө олж үзсэн, алдаж үзсэн адтай эр. Баргийн юманд нугараад байдаггүй хүний амнаас ийм үг унасанд бяцхан гайхасхийв. Гэхдээ хувийн хэвшлийнхэнд тохиолдож буй таагүй мэдээллийг өдөр бүр шахам сонсож байгаа болохоор аргагүй дээ гэж бас бодов.

Найз маань лав сүүлийн гурван жилд ихээхэн зүдэрч байгааг би мэдэх юм. Өмнө нь шинэ жилүүдээр олгодог олон өргөмжлөл шагналыг жинхэнэ түүдэг байлаа. Тэр үед Монголын эдийн засаг ч боломжийн өсөлттэй байсан цаг. 2014 онд байхаа, хувийн хэвшлийнхэн Монголын эдийн засгийн өсөлтөд ямархуу хувь нэмэр оруулж байгааг МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш нар судалснаа танилцуулсан. Үүгээр “...Монгол Улсад 2012 оны эцсийн байдлаар 50 мянга орчим аж ахуйн нэгж бүртгэгдсэн. 2008-2012 оны хугацаанд бий болсон ДНБ-ий өсөлтийн 73.7-74.3 хувийг эдгээр хувийн хэвшлийнхэн бүрдүүлжээ. Түүнчлэн татварын нийт орлогын 30 орчим хувийг аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татвар бүр­дүүлж, ажиллах хүчний 70 гаруй хувь нь хувийн хэвшилд ажиллаж байна” гэж дүгнэсэн байдаг.

Гэтэл өнгөрсөн оны сүүлчээр хувийн хэвшлийн цалингаа тавьж чадахгүй болсон аж ахуйн нэгжийн тоо  улсын хэмжээнд  эрчимтэй нэмэгдэж түрүүч нь хаалгаа барьж байгаа судалгааг Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас гаргажээ. Арван сар огт цалин тавиагүй аж ахуйн нэгж олон байгаа бол, хамгийн багадаа л гэхэд хоёр сар цалин  огт өгөөгүй байгууллага түүнээс их байгаа аж. 2014 оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсад бүртгэлтэй нийт аж ахуйн нэгжийн 49.2 хувь буюу 54337 нь хаалгаа барьсан байна. Бодит байдал энэ.

Миний найз ч сүүлийн үед  шагнуулж, магтуулж явсан “төрийн түнш”-үүддээ дарамтлуулж, боомилуулснаа л ярих болсон юм. Хамгийн сүүлд Шинэчлэлийн Засгийн газрын 888 төслийн санхүүжилтийн төслөөс хүртчих гээд мөн ч их явсан даа. Яагаав, Чингис бондоос хэдэн тэрбумыг ч билээ энэ нэрээр гаргасан байдаг даа. Манай хүн ч үйлдвэрээ өргөтгөе, хүчин чадлыг нь сайжруулъя, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулъя гээд л гоё гоё “мөрөөдөл” ярьж хоёр жил хөөцөлдсөн. Бүтээгүй. Эцэстээ танил талгүй гээд л орхигдсон юм билээ. Уг нь түүний “уясан” төсөл жинхэнэ үйлдвэржилтийн төсөл байсан гэдэг.

Энэ мэтчилэн бизнес, үйлдвэржилтийн зогсонги үед нь татварын дарамт гэдэг жинхэнэ утгаар нь лантуудаж өгсөн. Улсын татварын тогтолцоог эргэж харах ёстойг энэ цаг үед бизнесмэнүүд ясандаа тултал мэдэрч байгаа ажээ. Татвар байх ёстой. Татвар буй дор төр оршин тогтнодог. Гэхдээ юуны тулд, яах гэж татвар байдаг вэ.

Энэ талаар эдийн засагч “De facto” Д.Жаргалсайхан “...Өнөөдөр Монголын төр засаг татвар төлөгчдийг мөшгин хөөж орлогоо нэмэгдүүлэх бүхий л аргыг хайж байна. Монгол Улс бол татварын ачаалал өндөр орны нэг. Компани бүр нийт борлуулалтын орлогоосоо НӨАТ-ын 10 хувь, ажиллагсдынхаа өмнөөс цалингийн сангийн 10 хувиар хүн амын орлогын татвар, дахиад 20 хувийг эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлд, эцэст нь цэвэр ашгийнхаа 10 хувиар тус тус татвар төлдөг. Татварын ачаалал нийт орлогын 47 хувьтай тэнцдэг.

Энэхүү “дөрвөн ар­вын” татвар нь Мон­голын 90 мянгаад аж ахуйн нэгжийг хэт дарамтлан сөхрүүлж, дийлэнх нь төлж чадахаа больсон учир саяхан МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөл тэргүүтэй бизнесийн холбоод “дөрвөн тав” болгон багасгахыг эрх баригчдад хандан уриалав. Тэртэй тэргүй компаниудын тал нь дампуурчихсан, тэгсэн мөртлөө хаахыг зөвшөөрдөггүй учир бүгдтэй нь харьцах, бүгдээс нь татвар авах төлөвлөгөөтэй орон нутгийн татварынхан хүн хүчээ нэмэгдүүлэх сонирхолтой байдаг.

Ажил нь их, цалин нь бага татварын ажилтнуудыг урамшуулах үүднээс Татварын ерөнхий газрын дарга 2009 онд Үр дүнгийн гэрээний биелэлтийн урамшууллыг захиран зарцуулах журам гаргасныг 2013 оны зургадугаар сарын 27-нд шинэчлэн баталжээ. Энэ журам нь анх төсвийн орлогыг давуулан биел үүлж, зардлыг хэмнэсэн тохиолдолд үр дүнгийн гэрээний урамшуулал олгох Сангийн яамны 2007 онд гаргаж, 2012 оны арваннэгдүгээр сарын 15-нд шинэчилсэн тушаалаас үүдэлтэй аж.

Ийнхүү хэдэн Засгийн газар дамжин, төсвийн орлогын төлөвлөгөөгөө давуулах “уралдаан” өрнөснөөр Монголын хувийн хэвшлийг сөхрүүлэх, хүчний байгууллагуудаас бизнесийг дарамтлан хээл хахууль авах суурь хөрсийг тавьж өгчээ. Ер нь татвар, гааль, цагдаа, шүүхийн болон төрөл бүрийн хяналтын байгууллагад ажиллах нь цалингаасаа олон дахин их орлоготой байх боломж олгосоор байна. Тийм ч учраас улс төрийн эрх мэдэл авсан этгээдүүд дээрх албан тушаалуудыг сонгуулийн өрөө төлөх “мөнгөн дэвсгэрт” бол­гоод удаж буй. Нийс­лэлийн дүүргүүдийн тат­варын хэлтсүүд Засаг дар­гатайгаа байгуулсан үр дүнгийн гэрээгээр тат­варын орлогын төлөвлөгөөгөө давуулан биелүүлсний 60 хувиар өөрсдийгөө шагнан урамшуулж байгааг АТГ-аас тог­тоожээ. Асуудлын гол нь энэ шагнал урамшууллын хэмжээ нь асар их” хэмээн бичжээ. Энэ үнэн.

Ийм маягаар биз­несүүдийг үлээн унтрааснаар манайхны ангилаад байдаг нийгмийн дундаж давхарга гэдэг зүйл арчигдаж байгаа юм. Үйлдвэрт ажиллаж, баялаг бүтээж байсан хүмүүс ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж, халамж хүртэгсэд болж хувирна. Үнэндээ бол Монгол шиг ийм солиотой халамжийн бодлоготой улс байдаг эсэхийг мэдэхгүй юм.  С.Баярын байгуулсан стандарт бус Засгийн газрын үед Хятадын “Чалко”-гоос урьдчилгаа  болгож авсан 350 сая ам.долларын 418 тэрбумыг нь “Хүний хөгжил сан”-гаар дамжуулаад тараачихсан. 2014 онд манай улс халамждаа 33.1 тэрбум төгрөгийг зарцуулсан. 2012 оны мөн үед 19 тэрбумыг зарцуулж байсан бол энэ тоо 2013 онд 24 тэрбумаар огцом нэмэгдэж байсан гэдэг. Харин татвар төлж улс орны эдийн засгийг нуруундаа үүрч явдаг хувийн хэвшлийнхэнд зориулж юу хийв?!

Гэтэл бидний хуулбарлан дууриах дуртай гаднын орнуудын хөгжлийн суурь нь ердөө л хувийн хэвшлээ дэмжсэн бодлого байдаг байна. Тухайлбал, Сингапур улс 2003 онд бизнесийн бүртгэлийг нэг цэг, цахим тогтолцоонд шилжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэнээр бизнес эрхлэгчдийн үргүй зардлыг бууруулж, цаг хугацааг хэмнэсэн. Үүний дараа бизнес эрхлэх аж ахуйн нэгжийн тоо өссөн. Мөн шударга өрсөлдөөний орчин, нөхцөлийг бий болгож, экспортын бүтээгдэхүүний чанарыг улам нэмэгдүүлсэн байдаг.

Вьетнамд 2000 оноос хойш бизнесийн орчныг таатай болгох, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, хувийн хэвшлийг дэмжих чиглэлээр “Компанийн тухай хууль”, “Мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль” зэрэг чухал эрх зүйн баримтыг боловсруулан хэрэгжүүлжээ. Энэ бодлогын дүнд гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ эрс нэмэгдэж, ажлын байрны тоо жил бүр дорвитой өссөөр ирсэн. Өмнөд хөрш ч өдгөө Монголд бизнес эрхлэх, томоохон бүтээн байгуулалтад оролцох хувийн хэвшлийнхэндээ удаан хугцаатай хүүгүй зээл олгодог гэж байгаа.

Харин Монголын төр хувийн хэвшлийнхнээ дэмжих бүү хэл тэдний хувьд “хадны мангаа” болчихоод байдаг. Элгээрээ хэвтсэн хувийн хэвшлийг хэн, хэзээ босгох нь өнөө хэр бүрхэг. Тэднийг дэмжих бодлого зөвхөн цаасан дээрх уриа, сонгуулийн үеийн амлалт хэвээр л байна.

 

Г.ЖАРГАЛ