Н.Энхбаярын хэрэгт Солонгосчууд холбогдож эхэллээ

 

 

Саяхан БНСУ-ын хэвлэл "Чунан Илбо" сонины долдугаар сарын 8-ны дугаарт түүний тухай нийтлэл гарчээ. Тус нийтлэлд авлигын хэргээр ял эдэлж байгаад Ерөнхийлөгчийн уучлал хүртсэн, АНУ-ын иргэнийг залилсан, БНСУ-ын иргэнтэй хамтран "Блю скай" таурыг барьсан, ах, дүү, төрөл садантайгаа нийлж улсын хөрөнгийг шамшигдуулсан зэргийг нь дурдсан байна. Хамгийн ноцтой нь Н.Энхбарт залилуулсан АНУ-ын иргэн нь Хиллари Клинтоны дүүгийн нөхөр болж таарсан байна. МАХН-ын үйл ажиллагаа явуулж буй байрыг 1.5 сая ам.доллар төлж авахаар тохиролцсон боловч Н.Энхбаяр 500 мянган ам.доллар төлчихөөд "Одоо болоо" гээд гэдийгээд суучихсан юм байх. Гэтэл нөгөө АНУ-ын иргэн, Хиллари Клинтоны дүүгийн нөхөр нь гомдол гаргаснаар Н.Энхбаярт залилангийн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай энэхүү нийтлэлд маш тодорхой бичсэн байна.

 

Жанжны талбайн урд орших тэнгэр баганадсан "Блю скай" таурыг БНСУ-ын иргэн Ким Солонгосоос хөрөнгө босгож бариад тодорхой хувийг Н.Энхбаярын ах дүү, төрөл төрөгсдөд нь өгсөн гэх мэдээлэл бас бий. Жилийн өмнө "TV-9" телевизийн захирлаар Ким гэх нэртэй хэн нь үл мэдэгдэх солонгос нөхөр ирж зургаан сар гаруй хугацаанд ажилласан. "Чунан Илбо" "TV-9" телевизийн захирлаар ажиллаж байсан солонгос эрхэм Н.Энхбаярын хамсаатан гэж таамаглаж буйгаа бичсэн байна. Үнэхээр ч Ким гэх тэр нөхөр монголд байх хугацаандаа чамгүй ажил амжуулсан бололтой. "TV-9" телевизийн захирлаар түр хугацаагаар ажилласан Ким монголд байх хугацаандаа Н.Энхбаярын ойрын хүмүүстэй ойр ойрхон уулзаж байсан баримт бий. Тэгж явахдаа "Блю скай" таурын хувьцааг шилжүүлэн өгсөн байж болзошгүй хэмээн солонгосын хэвлэлүүд таамаглаж байна. Монгол Улсын төрийн гурван өндөр албыг хашиж байсан хүн Солонгос хүнтэй нийлж ард түмнээсээ хумсалж байсан нь Монгол Улсыг олон улсад муухай харагдуулж.

 

Үүгээр ч зогсохгүй түүний удирдаж буй МАХН-ын төв байрыг луйвардаж авсан хэмээн нийтлэлд дурджээ. Н.Энхбаяр тэрхүү байрыг АНУ-ыг иргэн Эллон Гинсбург гэгчээс 1.5 сая ам.доллараар авах гэрээ байгуулсан ч нийт үнийн гуравны нэг буюу 500 мянган ам.доллар өгөөд "бултчихсан" юм байх. Ерөнхийлөгч асанд нэг сая ам.доллараа залилуулсан Эллон Гинсбург нь АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоны дүүгийн нөхөр аж. Тэрбээр Монгол Улсын шүүхэд нэг сая ам.доллараа олж авах гомдол гаргаснаар авлигын хэргээр ял эдэлж эцэс сүүлд нь Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан Ерөнхийлөгч асны хэргүүд дээр залилангийн хэрэг нэмэгдэх нь тэр. Монгол Улсын Ерөнхийлөгч асан АНУ-ын төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүний ойрын хүнийг залилсан нь Монгол Улсын нэр хүндийг олон улсад муухай харагдуулж байна.

 

Үүгээр ч зогсохгүй "Чунан Илбо" сонинд түүнийг хүн залилсан, эрх мэдлээ ашиглан улсын хөрөнгийг шамшигдуулсан хэрэгт холбогдуулаад зогсохгүй Ерөнхийлөгчийн алба хашиж байхдаа улсын өмч байсан "UBS" телевизийг хууль бусаар өмчилж 20 хувийг төрөл садангийнхаа нэр дээр ашигласан гэж Монгол Улсын хуулийн байгууллага сэжиглэж байгааг ч дурджээ. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын дээрх авлига, залилангийн хэрэгт гар бие оролцсон хүн нь түүний төрсөн дүү Н.Энхтуяа. Монголын хуулийн байгууллага Н.Энхтуяаг Олон улсын инторполтой хамтран эрэн сурвалжилж байгаа ч өнөөдрийг хүртэл тодорхой сураг гаргаж чадаагүй байна.

 

Нийтлэлийн төгсгөлд "Н.Энхбаяр 2012 онд Монголын дээд шүүхээс албан тушаалаа ашиглан улсын өмчид байсан "Өргөө" зочид буудал, "Улаанбаатар таймс" сонины хэвлэх үйлдвэрийн газрыг өөрийн хүү болон эмэгтэй дүү, төрөл төрөгсдийнхөө нэрээр хувийн компанид шилжүүлсэн хэрэгт 2.6 жилийн ял авчээ. 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан тэрбээр өөрийг нь баривчилж, ялласан нь эрх баригч намын улс төрийн явуулга гэж мэдэгдэж байсан юм. Тэр хоригдож байх хугацааныхаа ихэнхийг "Сайд нарын II" эмнэлэгт хэвтэж өнгөрүүлсэн ажээ. Улмаар 2013 оны наймдугаар сард эрүүл мэнд нь муудсаны улмаас Ерөнхийлөгчийн уучлалаар чөлөөлөгдсөн байна. Үүний дараагаас тэрбээр эмчилгээ хийлгэх нэрийдлээр гэр бүлийн хамт БНСУ-д амьдарч байгаа юм. АТГ-ынхны мэдээлснээр тэрбээр Сөүл хотын Ёндэнпу дүүрэгт байрлах нэгэн зочид буудлын өрөөнд амьдарч байгаа гэнэ.

 

Энэ сарын 2-ны өдөр /долдугаар сарын 2/ Улаанбаатар хотноо уулзсан АТГ-ын ажилтан "Нэгэнт шүүхээр шийдэгдсэн хэргээс гадна 4-5 авлигын хэрэгт холбоотой хэмээн түүнийг шалгаж байгаа" гэсэн юм. Мөн Солонгосын иргэнтэй холбоотой хэрэг байгаа учир Солонгос Улсын холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байгаа гэнэ" хэмээн бичжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч асан эх орондоо ирэхгүй байгаа шалтгаан ердөө л энэ. Түүнийг эх орондоо ирвэл 4-5 залилангийн хэргээр байцаах гээд АТГ хүлээж суугаа. Харин "Монголыг муухай харагдуулагч Н.Энхбаяр" эх орондоо ирж мэдүүлэг өгөх нь битгий хэл БНСУ-аас Герман улс руу зугтсан бололтой юм. Тэгэхдээ бүр хуурамч нэр, хуурамч паспорт ашиглан хил нэвтэрсэн тухай мэдээлэл солонгосын хэвлэлүүдээр гарч эхэллээ.

 

Эх сурвалж : Чунан Илбо сонин 

 

Солонгосын сайтад гарсан мэдээг уг хаягаар хүлээн авна уу :  http://joongang.joins.com/article/026/18199026.html?cloc=joongang|ext|googlenews