АТГ-т УЕПГ-аар шалгалт оруулсан талаар бид мэдээлж байсан. Тодруулбал, Улсын ерөнхий прокурорын баталсан удирдамжийн дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хэрэгжилтийг 2014, 2015 оны эхний таван сарын байдлаар шалгасан байна.


Энэ үеэр гарсан зөрчил, илэрсэн дутагдлыг арилгуулахаар прокурорын газраас АТГ-т даалгавар, чиглэл өгөөд байгаа аж.


1.  Гарсан зөрчлүүдээс дурьдвал,  АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн хувьд нийт хүлээн авсан гомдол мэдээллийн 70 орчим хувийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлдэг


2.  Зарим хэргийн хувьд гэмт хэргийн шинжтэй эсэхийг хангалттай баримтаар тогтоогоогүй байж үндэслэл муутайгаар эрүүгийн хэрэг үүсгэдэг зэрэг зөрчлүүд илэрчээ.


3. Мөн орон нутагт мөрдөн байцаагч төвлөрөн сууж ажилладаггүйгээс мөрдөн байцаах ажиллагааг тасралтгүй явуулах зарчим алдагдах


4.  Мөрдөн байцаалт явуулсан хэрэгт хугацаа сунгаж мөрдөх явдал бусад хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагатай харьцуулахад  харьцангуй өндөр


5.  Эрүүгийн хэрэг шүүхээс мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн гэх үндэслэлээр мөрдөн байцаалтад буцах


6.   Зарим эрүүгийн хэрэг болон яллагдагчийг шүүхээс цагаатгасан


7.  Бусад хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагуудаас ачааллын хувьд харьцангуй бага ажилладаг зэрэг зөрчил, дутагдлууд илэрчээ.


Дээрх зөрчлүүдээс  ажиглавал АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс нь хүний эрхэнд тодорхой хэмжээгээр халдах, ажил үүрэгтээ зарим тохиолдолд хайнга ханддаг зэрэг нь харагдаж байна.


Цаашлаад хэргүүдийн мөрдөн шалгах хугацаа нь удаашралтай, ихэнх хэргүүдэд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж байгаа нь учир дутагдалтай юм.


Мөн эрүүгийн хэрэг үүсгэн, шүүхийн шатанд ирсэн хэргийг нь шүүхээс цагаатгасан зэрэг  байдал нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж эхэллээ.


Дашрамд хэлэхэд, АТГ  нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа хүмүүсийг цагдан хорьж мөрдөхийг урьтал болгодог, хүний эрхийг зөрчдөг, эрүү шүүлт тулгадаг гэх мэт шүүмжлэлийг дагуулдаг.


Тэгвэл УЕПГ-ын шалгалтаар тус газар 2014 онд 33, 2015 онд 17 хүнийг цагдан хорьж мөрдөн байцаалт явуулсан байна.


Мөн хойшлуулашгүйгээр баривчилсан тохиолдол 2014 онд 4, 2015 онд гурав байжээ.


Гэхдээ энэ бүх тоо баримт зөвхөн 2014, 2015 оны эхний таван сарын нөхцөл байдал гэдгийг дахин онцолмоор байна.

Д.Дуулим