Маргаашнаас эхлэн иргэд автобусаар зорчихдоо цахим карт ашиглана.

Нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийн хүрээнд хийж буй энэ ажил долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байсан ч хойшилж, ийнхүү маргаашнаас эхлэх болсон юм.

Цахим карттай болсноор нийтийн тээврээр зорчигчдын бодит тоо гарах, энэ салбар дахь төсөв санхүү шилэн данстай болох давуу талтай гэнэ. Ингэснээр нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй компаниудад олгодог нөхөн олговор, татаасыг 100 хувь хянах боломжтойг албаныхан хэллээ. Ингэснээрээ нийтийн тээврийн үйлчилгээ хүмүүст ойрхон, соёлтой, тав тухтай болно. 

Тус карт нь дөрвөн төрөл бөгөөд үнэ нь 3600 төгрөг харин та цэнэглэх бол 500-90 мянган төгрөгөөр цэнэглэнэ. Эхний ээлжинд та цахим карт худалдан авах хэрэгтэй. Цахим карт нь дөрвөн төрөл учир өөрт тохирсон картыг сонгоно гэсэн үг. Үүнд,
Энгийн,
Хүүхдийн,
Хөнгөлөлттэй зорчих,
Оюутны гэсэн төрлүүд байна.

Энгийн картыг аль ч карт борлуулах цэгээс худалдан авч, цэнэглэснээр ашиглах боломжтой бол бусад төрлийн картыг холбогдох байгууллагаар дамжуулан авах юм байна. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настнууд хороогоороо, оюутан бол сургуулиасаа, цагдаа бол харьяа байгууллагаараа дамжуулан холбогдох материалыг бүрдүүлэн авах юм.Та уг картыг автобусны буудлыг ойролцоох  “U MONEY” гэсэн хаягтай газраас худалдан авах боломжтой.