Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн баасан гаригт хэв- лэлийнхний анхааралд өнжлөө. Учир нь, УИХ-ын дарга энэ сарын 3-нд ээлжит бус чуулган хуралдуулах захирамж гаргачихсан. Ингэхдээ хэлэлцэх асуудлын хамгийн эхэнд МАН- ын зургаан сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ хэмээн товлосон. Гэтэл Ерөнхий сайд нь танхимынхаа зургаан сайдыг огцруулах тогтоолыг өргөн бариагүй нь процедурын алдаа гэх шүүмжлэл гараад эхэлчихсэн байв. Харин яг энэ үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танхимынхаа зарим сайдыг огцруулах асуудлыг өргөн барина гэх зарыг Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас баасан гаригийн 13.00 цагаас эхлэн зарласан ч хугацаанд гурван ч удаа өөрчлөлт орж, хойшилсоор 16.00 цаг болж тогтсон юм. Үүнээс өмнө Ч.Сайханбилэг сайд журмын нөхөр С.Баярцогтынхоо хамтаар Төрийн ордонд нааш цаашаа их л холхиж харагдсан. Ингэхдээ тэд З.Энхболд даргын өрөө рүү хэд хэдэн удаа орсон юм. Ийнхүү гүйцэтгэх засаглалын тэргүүн өрөөндөө орон гаран өнжсөний эцэст зургаан сайдаа огцруулах тогтоолыг биш АН-ын ҮЗХ-г хуралдуулах шаардлагыг УИХ-ын бөгөөд АН-ын дарга З.Энхболдод хүргүүлсэн юм. Олны хүлээлтээс хэт хазгай байсан ч энэ бол эрх баригч буюу АН-ынхны зөрчил дотооддоо багталгүй ил гарч байгаагийн илрэл байлаа. Үүнийг энэ намд эрх мэдлийн төлөөх дайн өнөөдөр ч үргэлжилсээр байгаагийн бодит жишээ ч гэж хэлж болно. Үнэндээ Ч.Сайханбилэг өнөөдрийг хүртэл.

Ерөнхий сайд гэх нэрнээс цаашгүй явж ирсэн. Тиймдээ ч гүйцэтгэх засаглалын тэргүүнийг, тэр дундаа Засгийн газрыг утсан хүүхэлдэй болгож байгаа нь маргахын аргагүй үнэн. Түүнд төдийгөөс өдий хүртэл бие даан гаргасан улс төрийн шийдвэр гэж алга. Дандаа л дохиураар ажиллаж ирлээ гээд дүгнэчихвэл үнэнээс хол зөрөхгүй болов уу. Үүний нэг баталгаа нь ч Ч.Сайханбилэгийн шаардлага болж байна. Анхнаасаа энэ хүн зургаан сайдаа явуулахгүй, ийм шалтгаан ч байхгүй хэмээж байсан. Тэгээд ч Монгол Улсын номер нэг эрхэм засаг төрөө ганхуулж, сайд нараа дахиад бужигнуулах шаардлагагүй гэж ойлгомжтойгоор хэлсэн. 

Энэ үүднээс нь харсан ч гүйцэтгэх засаглалын тэргүүнд “Засгаа бужигнуулахгүй” гээд гэдийх боломж нь байлаа. Гэвч түүний хүч хүрсэнгүй энэ бүхэн өнөөдөр ийнхүү эсрэгээрээ эргэж, Засгийн сайд нар бужигнахаас гадна эрх барьж байгаа нам дотооддоо хөлөө жийлцээд эхэлчихлээ. Үнэндээ улс төр мэддэг, энэ зүгийн хүмүүс “Энэ бүхний цаана Зэ даргын дохиур хөдөлгөчихлөө” гэлцэж байна. Үнэхээр ч үүнээс өөрөөр таамаглах аргагүй. Ерөнхийлөгч ердөө сар гаруйхны өмнө намын бүлгийн дарга нарыг дуудаж уулзахдаа “Засгийн үйл ажиллагаа тогтвортой байх ёстой” хэмээн үүрэгдэх үеэр З.Энхболд дарга “Хэн нэг хүн загнасны төлөө бид шийдвэрээсээ ухрахгүй. АН- ын Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэр хүчин төгөлдөр байна” хэмээн мэдэгдсэн. Эндээс харахад АН- ын Гүйцэтгэх зөвлөлөөс МАН-ын зургаан сайдыг хөөх асуудлын найруулагч нь ч Зэ дарга байсан нь харагдаж байгаа юм. Тэрбээр хэлсэн үгэндээ хүрч, өнөөдөр хүссэн хүсээгүй тогтворгүй байдал үүсэхээр болчихлоо. Ч.Сайханбилэг сайд чуулган завсарлахаас өмнө засгаа бужигнуулах хүсэлгүй байгаагаа тодорхой хэлж байсан ч аргагүйн эрхэнд зургаан сайдынхаа асуудлыг өргөн барихаас аргагүй байдалд оров бололтой. Тодруулбал, засгийн тэргүүн нь сайд нараа чөлөөлөх тогтоолыг өргөн бариагүй байхад УИХ-ын дарга өргөн бариагүй асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд багтаагаад зогсохгүй, ээлжит бус чуулганы хамгийн эхэнд хэлэлцэнэ хэмээсэн нь жүжиг хэний найруулгаар үргэлжилж байгааг шууд илтгэнэ. Ийнхүү шахаанд орсон Ерөнхий сайдын хувьд хүнд өдрүүд үргэлжилж байх шиг. Тэр дундаа гүйцэтгэх засаглалын тэргүүн өнгөрсөн баасан гаригт л лав багагүй сандарч өнжсөн байх. Хэдийгээр олон нийтэд мэдээлэхдээ “Ерөнхийлөгчтэй ном журмынх нь дагуу энэ талаар зөвшилцөнө” хэмээсэн ч үүнээс өмнө зургаан сайдынхаа асуудлыг өргөн барьсныг баттай эх сурвалж хэлж байгаа. Харин тухайн тогтоолын бүрдэл дутуугэх шалтгаанаар буцсан гэдгийг ч хэлэх хүн олон бий. Дараагийн асуудал нь Монгол төрийн номер гурав дахь эрхэм дайралтад өртсөн явдал. Үнэндээ өдгөө улс төрд өрнөж байгаа үйл явдлаас харахад Ч.Сайханбилэг сайд дайралтад өртөж, өөрийн гараар амиа хорлох алхам хийлээ гэж харахаас аргагүй. Эсвэл ийм алхмыг хийлгэсэн ч байж болох. Учир нь, тэрбээр өнгөрсөн баасан гаригт УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдод шаардлага хүргүүлсэн. Засгийн тэргүүний шаардлагыг сийрүүлбэл, “Зургаан сайдыг огцруулах, чөлөөлөх асуудлын хувьд хуулийнхаа дагуу хувьд яваа. Би танхимын сайд нартайгаа уулзсан. Сайд нарыг огцруулах асуудал нэгэнт улс төрийн намын шийдвэр гарсан учраас үйл ажиллагаань процессын дагуу үргэлжлээд явна. Засгийн газрын тухай хуулийн 23.1.1-д заасны дагуу энэ асуудлыг Ерөнхий сайдын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө. Зургаан сайдыг чөлөөлснөөр асуудал өөрөө шийдэхгүй. Асуудал нээлттэй хэвээр байх болно. Тиймээс намын дарга, Ерөнхий сайд хамт байх ёстой гэдэг асуудлыг үндсэнд нь шийдэх ёстой. Одоо бид намрын чуулганаар ярих гэж байгаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, энэ чиглэлийн хариултыг улс орон даяар гаргах ёстой гэж үзэж байгаа. Тийм учраас УИХ- ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболдод Ерөнхий сайдын хувьд шаардлага хүргүүллээ. Энэ шаардлагад дээрх асуудлаа шийдэх үүднээс АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааныг наймдугаар сарын 3-ны УИХ ын ээлжит бус чуулганаас өмнө зарлан хуралдуулж, намын дарга, Гүйцэтгэх засаглалын тэргүүн хоёр нэг байх асуудлыг шийдэх ёстойг тусгасан. Үүнийг ҮЗХ-ны бүрэлдэхүүнээр шийдэх ёстой. Яагаад гэхээр ҮЗХ-ны бүрэлдэхүүн бол Гүйцэтгэх зөвлөлийн болон УИХ, ҮЗХ-дын гишүүд гээд улс орон даяар ард түмэнтэйгээ нүүр тулж явдаг хүмүүс учраас энэ шийдвэрийг гаргах ёстой гэж үзэж байна. Тиймээс маш яаралтай хугацаанд ҮЗХ-ны ээлжит бус хуралдааныг хуралдуулах шаардлагыг намын даргад хүргүүллээ” хэмээсэн. Нэг үгээр хэлбэл, энэ явдлыг Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын суудлаасаа хүсэлтээрээ татгалзаж байгаа хэрэг гэж нийтэд харагдах нь ойлгомжтой. Энэ шийдвэрийг тэрбээр бие даан гаргаагүй нь бүр ч тодорхой. Үүний цаана УИХ-ын дарга биш АН-ын даргын хувиар З.Энхболд шууд болон шууд бусаар оролцож байгааг учир мэдэх эрхмүүд хэлж байна. Мэдээж ингэж оролцохын цаана Зэ даргад ашигтай, хэрэгтэй шийдвэр гарах учраас тэр шүү дээ. Товчхондоо, Ч.Сайханбилэг бүтэн долоон сар Ерөнхий сайдаар дув дуугүй ажилласан атлаа гэнэтхэн л намын дарга нь Ерөнхий сайд байх Намуудын тухай хуулийн заалт хэрэгжих учиртай гэж ухаарна гэж байхгүй. Үүний цаана намын бодлого байгаа нь гарцаагүй. Гэхдээ намын бодлого гэдэг нь цэвэр биш магадгүй бохир улс төр байж мэдэх. Тэр дундаа АН-ын дотоод зодоон, тэмцлийн илэрхийлэл ийнхүү ил гарч байж ч болох. Олон жилийн дараа засагт олонхи болсон үеэсээ эрх мэдлийн төлөө тулалдаж ирсэн АН-ынханд хугацаа бага үлдсэн ч их, бага албан тушаал одоо ч хэрэгтэй байгаа бололтой юм.

Хэдийгээр ҮЗХ-г энэ сарын 3 буюу өнөөдрөөс өмнө хуралдуулж, намын дарга нь Ерөнхий сайдаар ажиллах хуулийн заалтыг хэрэгжүүл гэдэг шаардлагыг Ч.Сайханбилэг З.Энхболдод хүр- гүүлсэн ч хэрэгжсэнгүй. Угтаа ийм шаардлага хүргүүлсэн тохиолдолд Гүйцэтгэх зөвлөл эхэлж хуралдсанаар ҮЗХ-г зарлан хуралдуулах учиртай байдаг юм байна. Харин эх сурвалжаас авсан мэдээллээр АН-ын Гүйцэтгэх зөвлөл болон Үндэсний зөвлөлдөх хороо хуралдах эсэх талаарх мэдээлэл АН-ын жирийн гишүүдэд огтхүрээгүйбөгөөд Ч.Сайханбилэг шаардлага хүргүүлсэн учраас эхлээд Гүйцэтгэх зөвлөл хуралдаж таарна хэмээн чих авин суугаа аж. Түүнчлэн намынхаа томчуудын энэхүү улс төрийн шийдвэрийг “Намын дарга болон нөлөө бүхий хүмүүсийн хоорондын л асуудал байх” хэмээн харж байгаа аж. Ямартай ч, МАН- ын зургаан сайдыг огцруулахаас илүү эрх баригч намын томчуудын толхилцол ийнхүү улс төрд ихээхэн жин дарж мэдэхээр нөхцөл байдал үүслээ. Энэ жил дийлэнх нутгаар гантай, цаашлаад бичин жилийн зуд хаяанд тулчихсан, эдийн засаг хямралтай, эргээд сэргэх гарц, гэрэл харагдахгүй байгаа. Үүнээс үүдээд ард иргэдийн амьдрал гундуу байгаа зэрэг нь эрх баригч хүчин болох АН-ынханд огт хамаагүй бололтой. Тэд энэ бүхэнд анхаарал хандуулах учиртай атал дахиад л хөнжилдөө хөлөө жийлцээд эхэллээ. Хүйтний амтай зэрэгцэн улс төрийн таагүй салхи салхилж эхэллээ.   

 

М.ӨНӨРЖАРГАЛ