Өнөөдөр нээлтээ хийж буй УИХ-ын ээлжит бус чуулганаар МАН-ын 6 сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхийн өмнө ҮЗХ-г хуралдуулах шаардлагыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АН-ын дарга З.Энхболдод хүргүүлсэн.

Намын дарга нь Ерөнхий сайд байх ёстой гэсэн шаардлагыг Шийдлийн засгийн газрын тэргүүн тавихаас өөр арга байсангүй. Ийм шаардлага тавьснаар түүний нэр хүнд урьд хожид байгаагүйгээрээ өслөө.

 

Нэгдүгээрт, Шийдлийн засгийн газар зарим сайдуудаа халбал Монгол Улсын нэр хүнд, улс төрийн тогтвортой байдлын тухай асуудал олон улсад дахиад л сөрөг дүр зургийг харуулна. Ингэх юм бол АНУ, Их Британид айлчилж, “Монгол Улс бизнест хөл тавилаа”, “Бид хөрөнгө оруулагчдад ээлтэй орон” болно гэсэн Ерөнхий сайдын амлалт оргүй зүйл болж хувирах нь. Засгаа тогтвортой байлгаж чадахгүй байж юун хөрөнгө оруулагчдад ээлтэй хандах. Тиймээс уул уурхайгаар дамжуулан эдийн засгаа хөл дээр нь босгох зорилготой Ч.Сайханбилэг намдаа шинэчлэл хийхийг шаардахаас өөр арга байсангүй.

Нөгөө талаас Ерөнхий сайдын нэр хүнд олон улсад өндөр яваа. Засгийн газрын тэргүүн болонгуутаа л Оюутолгойг гацаанаас гаргаж, олон улсын Арбитрын шүүхийн өрийг төлөхийг даалгаж, уул уурхайг сэргээнэ гэдгээ амлаад байсан нь гадныханд ихэд таалагдаж байсан юм. Ч.Сайханбилэгийн үйл хэргийг барууныхан дэмжиж байгааг түүнийг “Улс төрийн хөдөлгөөнтэй, царайлаг залуу” хэмээн тодорхойлж, хоёр гурван олон улсын томоохон хэвлэл ярилцлага авч байснаас, олон улсад түүний талаар гарсан мэдээ мэдээллүүдээс харж болно.

Одоогоор олон улсын хэвлэлүүдэд Ерөнхий сайдын шаардлагын талаар мэдээлэл гараагүй ч энэ тухай цацагдах юм бол Засгийн газраа бүрэн бүтнээр нь авч үлдэхийн төлөөх түүний хичээл зүтгэл нэр хүндийг нь улам өсгөх нь ойлгомжтой.

 

Хоёрдугаарт, ҮЗХ Ерөнхий сайдын хүсэлтийг дэмжих магадлал өндөр юм. МАН-ын 6 сайдыг огцруулбал одоо муулагдаад эхэлсэн АН-ын нэр хүнд шаварт хутгалдаж, 10 сарын дараах сонгуульд гарах магадлал маш бага болно. Тиймээс ҮЗХ хуралдвал Ч.Сайханбилэгийг дэмжих магадлал өндөр байна.

 

Гуравдугаарт, УИХ-ын дарга З.Энхболд Тавантолгойг гацааснаас болж АН дотроо ихээхэн хагарч байна. Бүр Монгол Улсын сайд М.Энхсайхан МАН-ын сайдуудыг хөөвөл засгаас гарна гэдгээ мэдэгдсэн. С.Баярцогт ч энэ асуудлаар З.Энхболдтой муудалцаж буйг хэвлэлүүд ихээр бичсэн. Тиймээс З.Энхболд хэдий хүчирхэг фракцтай ч АН дотор намын даргаа огцруулах сонирхол яах аргагүй гарч ирж байгаа юм. Ингэснээр Ерөнхий сайд намынхандаа ч, бусад улс төрийн хүчнийхний хувьд ч улс төрийн ноён нуруутай шийдвэр гаргасан эцэг хүн шиг харагдаж байгаа юм. Ард түмний хувьд ч мөн адил.

 

ҮЗХ хуралдах эсэх, Ерөнхий сайдыг АН-ын дарга болгохыг дэмжих эсэх нь хамаагүй, ийм шийдвэр гаргасан л Ч.Сайханбилэгийн нэр хүндийг өргөж байна. Хэрвээ түүний шаардсанаар болвол нэр хүнд нь улам л өсч, цаашид улс орноо хэрхэн удирдахаас хамаарна. Харин үүний эсрэгээр төрийн тэргүүнийг эзгүйд хамтрагчаа хөөх шийдвэр гаргасан АН-ын Гүйцэтгэх зөвлөл, АН-ын дарга З.Энхболдын нэр хүнд ямар ч шийдвэр гарсан газарт унах нь ойлгомжтой болоод байна.

Г.Үжин

www.24tsag.mn