Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь  МАХН, МҮАН -ын "Шударга ёс" эвсэл  АН-тай зөвшилцөх ажлын хэсгийг Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяраар удирдуулан байгуулсан билээ. Ажлын хэсэг байгуулагдмагцаа УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдтой уулзсан юм.  Уг уулзалтын үеэр юу ярьсан тухай мэдээлэл ил болж эхэллээ.
 
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Н.Энхбаяр 1-т Өршөөл үзүүлэх тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ хүлээж авах эсэхийг хэлэлцсэний дараа Засгийн газарт сайд нарыг нөхөн томилох асуудлыг ярина. 2-т Эвслийн зүгээс 3 яам авна. Үүнд :  Шадар сайдаар Монголбанкны дэд Ерөнхийлөгч Э.Батшугар, Барилга хот байгуулалтын сайдаар УИХ дахь МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нарыг нөхөн томилно. Мөн Хууль Зүйн сайд Д.Дорлигжавыг чөлөөлж, уг яамны сайдын албан тушаалыг өг. Уг албан тушаалд УИХ-ын гишүүн О.Баасанхүүг томилно гэсэн санал гаргажээ.  
Уг саналыг дэмжих боломж байж болохыг УИХ-ын дарга З.Энхболд үгүйсгээгүй бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэг арай дэндсэн хэрэг гэж дүгнэсэн гэнэ.  АН-ын зүгээс Хууль зүйн сайдыг өгөлгүйгээр оронд нь нийт 4 сайдын суудал өгье гэсэн ч Н.Энхбаяр Хууль Зүйн сайдыг авах нь стратегийн чухал шийдэл гэж үзсэн бололтой, саналаасаа татгалзахгүй байгаа бололтой. Яриа хэлэлцээр үргэлжилж байна.
 
М.Сүрэн
http://sonin.mn