Монголын улстөр дэх бүх харц нэг зүгт чиглэжээ, бүр тодруулбал бүх пиарыг нэгэн хүн рүү чиглүүлжээ. Өршөөлийн хуульд тавьсан төрийн тэргүүний хоригийг УИХ хүлээж авахгүй бол экс Ерөнхийлөгчийг эргээд улстөрд “хаан”-аар зална гэсэн айдсаар ард түмнийг хүлэхээр чармайж байна.

Өршөөлийн хуульд яагаад хавтгайруулан хамруулж болохгүй вэ гэдгийг тайлбарлахдаа ингэж экс Ерөнхийлөгчийг “мангаа” болгон дүрслэх болжээ. Харин ганцхан хүн рүү чиглэсэн энэхүү пиар нь эргээд Өршөөлийн хуульд зарим нэг хязгаарлалт хийх ёстой зайлшгүй шалтгаануудыг бүдэгрүүлэх боллоо. Гэтэл энэ хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй бол эдийн засгийн асар том гэмт хэргүүд элээх цагийн урсгалд элэгдэн мартагдах гээд байна. Н.Энхбаяр дарга их улстөрд эргэж ирэхээс ч бодит аюул угнь энэ юм.

Өршөөлийн хуулийн сүүдэрт нуугдан байгаа нэгэн гэрээг эдүгээгээс хоёр жил гарны өмнө “Монголын төмөр зам” төрийн өмчит компани “Энержи ресурс рэйл”, “Самсунг” корпорацын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хийж байжээ. Эрх шилжүүлэх гэрээ хэмээсэн энэхүү баримт бичгийг байгуулж байх үед Зам тээврийн сайдаар А.Гансүх, “Монголын төмөр зам”-ын даргаар П.Бат-Эрдэнэ ажиллаж байв. Эрх шилжүүлэх энэхүү гэрээг байгуулснаар Төмөр замын бүтээн байгуулалт улстөрийн нэгэн бүлэглэлийн гарт орж саалийн үнээ болох нь тэр. Уг нь  “Энержи ресурс рэйл”-ийнхэн аль 2008 оноос л эхлүүлсэн “Ухаахудаг-Гашуунсухайт”-ын 267 км төмөр замын түүх энэ өдрөөс ёстой л 267 хэсэг салсан даа. Өдгөө ул шорооны ажлын 86 хувь буюу нийт ажлын 36 хувийн гүйцэтгэлтэй л  байгаа гэдгийг иргэд андахгүй.

Зориуд тодруулахад “Энержи ресурс рэйл”-ийнхэн анх Төрийн өмчийн хороотой Концессын гэрээ байгуулж ажлаа эхлэхдээ суурь бүтцийг 2015 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулж, энэ үеэс хойш 19 жилийн дараа төмөрзамын 51 хувийг үнэ төлбөртгүй төрд буцаан өгөхөөр гэрээндээ заасан байлаа. “Монголын төмөр зам” дундуур нь орж, “Самсунг” корпорациар ажил гүйцэтгүүлэхээр болоогүй бол Ухаахудаг-Гашуунсухайтын төмөр замын суурь бүтцийг өдгөө улсын комисс аль хэдийн хүлээн авах байжээ.

Энэ бол “Хэрвээ но-той ноцтой Эрх шилжүүлэх гэрээ” гэдгийг “байгуулаагүй” байсансан бол гарах үр дүн байв. Даанч төмөр замын бүтээн байгуулалтыг саалийн үнээ болгосон бүлэглэлүүд Эрх шилжүүлэх гэрээг хууль бусаар байгуулчихсан болохоос. Засгийнгазрын 121 дүгээр тогтоолоор Энержиресурс Төрийн өмчийн хорооны хооронд байгуулсан Концессын гэрээг цуцалж МТЗ гэдэг тоглогч Ухаахудаг Гашуунсухайтын замд гарч ирсэн билээ. Эндээс л ээдрээ эхэлдэг юм. Эрх, үүрэг шилжүүлэх гэрээ өөрөө хүчин төгөлдөр үү, Чингис бондын мөнгөөс 200 сая доллараар нь данс руугаа шилжүүлүүлдэг “Самсунг”  корпораци төмөр замын бүтээн байгуулалтад оролцох эрхтэй юү гэдэг эргэлзээтэй хариултуудтай асуулт эндээс л босдог. Монголын төмөр зам, “Энержи ресурсрэйл”, “Самсунг” гурван компанийн хооронд байгуулсан Эрх үүрэг шилжүүлэх гэрээний Б заалт хийгээд “Энержиресурс”-ийн орлогч захирал Д.Энхбаатар нарын захидлаас харахад “Самсунг” сонгон шалгаруулалтаар орж ирсэн гэдэг нь эргэлзээ төрүүлдэг. Эхлээд “Энержиресурсрэйл ”компанийн захирал Д.Энхбаатарын захидлыг сонирхъё.“Самсунг”-ийн тендер шаардлагын дагуу явагдсан эсэхийг тодруулсан Монголын төмөр замын Төслийн хэлтсийн захирлын захидлын хариуд тэрбээр, “2008-2009 онд сонголт хийсэн. 2011-2012 онд short list хийгээд тухайн компаниудад RFP, урилгын хамт бэлдэж өгөөд түүний дагуу материалууд авсан. Сонгон шалгаруулалтад амжилттай оролцсон компаниудаас тодруулга авч ажиллаад гэрээний ерөнхий хэлбэр, тусгай нөхцөлүүд тохирч дуусах үед Засгийн газрын тогтоол гарч, тэр хэвээр нь хүлээлгэн өгсөн” гэсэн хариу өгчээ. Д.Энхбаатар захирлын захидлаас харахад тухайн үед “Энержиресурсрэйл” нь сонгон шалгаруулалтыг дуусгаж гэрээ хийгээгүй гэсэн нь тодорхой байна. “Самсунг” сонгон шалгаруулалтад оролцож short list–д багтаж байсан ч эцсийн гэрээг “Энержиресурс” хийж амжаагүй байжээ.

Дараагийн баримт бол Эрх, үүрэг шилжүүл эхгэрээний Б заалт. Энэ заалтад  “Энержиресурсрэйл нь төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Самсунг корпорацыг шалгаруулан, 2012 оныаравдугаар сарын 11-ний өдөр Letter of acceptance өгч, EPC Contract for Civil and Track works associated a Railway between Ukhaahudag and Gashuunsukhait гэрээний нөхцөлүүдийг эцэслэн тохиролцсон” гэж дурджээ. Самсунгтай гэрээний нөхцлүүдийг эцэслэн тохиролцсон байсан, харин гэрээнд албан ёсоор гарын үсэг зурж баталгаажуулаагүй гэдгээ бас л үүгээр баталжээ. Гэтэл тухайн үеийн Зам тээврийн сайд А.Гансүх “Энержиресурс”-тэй байгуулсан гэрээг л Эрх үүрэг шилжүүлэн Монголын төмөр зам авсан гэж тайлбарладаг шүү дээ. Энэ тухайгаа Зам тээврийн сайд, Төрийн өмчийн хорооны даргын хамтарсан тушаалд ч дурдсан байдаг. “Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км орчим төмөр замын суурь бүтцийг барих ажлын ерөнхий гүйцэтгэгч Самсунг компанитай Энержиресурсрэйл компанийн байгуулсан гэрээний эрх үүргийг зохих журмын дагуу шилжүүлэн авч ерөнхий гүйцэтгэгчийг үргэлжлүүлэн ажиллуулах”  тухай тушаал л даа, энэ нь. Гэтэл Энержиресурсрэйл ямар ч гэрээ байгуулаагүй байсан, гэрээ байгуулаагүй байсан учраас үргэлжлүүлэн ажиллах гэдэг ойлголт угаас байхгүй гэдэгнь ойлгомжтой. Хууль журмын хаагуур нь яаж ийм тушаал гаргасан юм бүү мэд. Тэгвэл Монголын төртэй 480 сая долларын гэрээ байгуулж, Чингис бондоос 200 сая доллар авчихсан “Самсунг” корпорац ямар ч тендерт ялаагүй байж яаж ийм дардан замаар алхаж байв гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ.Самсунгийн Монголд байгуулагдсан охин компани “Эс Си ти И Си Эм” ХХК нь 139.650 ам.долларын дүрмийн сантай мөртлөө үндэсний бүтээн байгуулалтанд шалгарч 480 сая ам.долларын ажлыг авсан нь гайхамшиг юм. 480 сая доллар гэдэ гбол одоогийн ханшаар 960 тэрбум төгрөг.960 тэрбум төгрөгийг сонгон шалгаруулалтгүйгээр нэг компанид өгсний хариуд хадаг болгон Өршөөлийн хуулийг хэдэн тэрбум төгрөгөөр сэвж суугаа бол доо. Үнэнд гүйцэгдээд ирэхийн цагт Өршөөлийн хууль гарч толгой хоргодох гэр нь болох гэж…

С.Ононтуул

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин