eHelH5CFЧ.Сайханбилэгийн Засгийн газрын зарим шийдвэрийг харахаар “Алтангадас” фракцид төдийгүй, MCS-т хэрхэн үйлчилж, асуудлыг онцгой хурдан шийдэж өгч байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль хаана хэрэгжиж байна вэ хэмээн хашгирмаар санагдуулах аж.

Засгийн газар өнгөрсөн долоо хоногт хуралдаж  АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг угтан “АСЕМ Вилла” цогцолбор хотхоны төслийг хэрэгжүүлэхэд олгох хөнгөлөлттэй зээлийг Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэхээр болжээ. Уг санхүүжилтийг төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр Монголын арилжааны банкуудаар дамжуулах бөгөөд гэрээ байгуулахыг хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрчээ. Зөвхөн АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын зочдыг байрлуулах дэлхийн сүлжээ зочид буудал барихад зориулж 150 тэрбум төгрөгийн зээл олгохоор Засгийн газрын 2015 оны зургадугаар сарын 2-ны хуралдаанаар шийдвэрлэсэн. Энэ үеэр “Дэлхийн зочид будлын сүлжээний дөрвөн буудлыг нээх саналаа аж ахуйн нэгжүүд ирүүлсэн” хэмээн мэдээлж байв. Харин одоогоор алдарт тендерийн мангас “MCS”-т дээрх 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн 120 тэрбумыг нь зориулж үлдсэн 30 тэрбумыг 100 зочид буудал хувааж авахаар болж байна.

Шийдвэр гаргасан Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, анх АСЕМ-ыг Монголд зохион байгуулах сайхан санаачилгыг гаргасан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гээд “MCS”-ыг дэмжигчдийн хүчээр “Шангри Ла”-г барьсан арвин туршлагатай үндэсний компаниараа дэлхийн сүлжээ буудал бариулж авах “зөв” шийдвэрийг Засгийн газраас үүрэг гүйцэтгэгч гишүүдтэй үед төрсөн нь “Юунд яараа вэ” гэмээр.

Үүрэг гүйцэтгэгч гишүүдтэй Засгийн газрын үед Төрийн өмчийг  хувьчлах, өөрчлөн байгуулах тухай тогтоол гаргах, Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтад өөрчлөлт оруулах, Монгол Улс Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтох энэ бүхэн гэрлийн хурдаар “амжуулагдлаа”. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын тухайд л гэхэд банкны дүрмийн санг 100 тэрбум ам.доллар байхаар тооцсоны дагуу үүсгэн байгуулагч гишүүн орон тус бүр хувь нийлүүлнэ. Монгол Улсын хувь нийлүүлэх нийт хөрөнгө 41 сая ам.доллар нь 0.3013 хувийн саналын эрхтэй бөгөөд үүнээс хувь нийлүүлэх 20 хувийг 5 жилийн хугацаанд 5 хуваан шилжүүлэх юм байна. Энэ бол эдийн засгийн аюулгүй байдлын үүднээс үүрэг гүйцэтгэгчдээр “орон тоо цомхтгосон” Засгийн газрын шийдэх асуудал биш. УИХ соёрхоод зогсохгүй Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцэх стратегийн ач холбогдолтой шийдэл баймаарсан.

Өмч хувьчлалын тухайд ч бараг хэнийх болох нь нүдэнд буугаад байгаа юм. Ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд 100 хувиар хувьчлаад авчих гэж байна вэ гэдэг талаас нь харахад дуугүй суух аргагүй.

Цаашилбал, одоо томилогдохоор гацаад байгаа зургаан суудлын эзэн хэн байхаас өмнө амжиж дээрх шийдвэрүүдийг гаргав уу. Тэр зургаан сайдаас АСЕМ-тай хамгийн их хамааралтай нь одоо гацааны эзэн болоод байгаа Зам тээврийн салбар. Тэгэхээр Зам тээврийн сайд нь АСЕМ-д зориулж асгаад байгаа мөнгөнөөс ашиг сонирхлын хувьд холуур байх, дээд хэмжээний чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулах ажлын туршлагатай хүн байх хэрэгтэй. Мөн эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед ийм их хэмжээний мөнгийг эргэн төлөх нөхцөлтэйгээр зарцуулж байгаагийн хувьд, шилэн дансны зарчмаар ажиллаж хүүтэй нэг цент ч дутаалгүй олон нийтэд мэдээлдэг байх ёстой.

Ямартай ч АСЕМ-д зориулсан хөрөнгийн эхний зарцуулалт “АСЕМ Вилла” цогцолбор хотхоны төслийг хэрэгжүүлэхэд зориулагдаж байна. Ингэхдээ олон нийтэд MCS-т өгсөн мэтээр харагдаж, цогцолборын газар, хөрөнгө хоёрын асуудлыг хэрхэн хурдтай шийдвэрлэж байгааг хардан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль хаана хэрэгжиж байна вэ гэдгийг асуухад хүргэлээ. Хэрэв MCS дээрх цогцолборыг барих эрхийг олж авсан шигээ, “амжилттай, хурдтай” ажиллаж, төрд нөлөөлж АСЕМ-ыг нэг компани л зохион байгуулчих юм бол олимп зохион байгуулахын дайтай энэ том арга хэмжээнд шаардагдах бусад бэлтгэл ажил, бараа бүтээгдэхүүн хүртэл “MSC”-ээс л нийлүүлэгдэж таарах нь. “Үндэсний компаниудаас хамгийн нэр хүндтэй, том компанийн хувьд төрийн их ачааг үүрэлцэж байна” гэж гавьяаг нь үнэлэхийн өмнө эргэн төлөгдөх нөхцөлтэй, хүүтэй энэ зээл, мөн нэмж төсөвт тусгаж өгсөн таван тэрбум төгрөг тэргүүтний зарцуулалтад яаж хяналт тавих нь сонин байна.

orgilmaa