З.Энхболд ба Алтан загасны үлгэр
2015/08/27
УИХ-ын дарга З.Энхболд өөрийнхөө хүслээр парламент, Засгийн газрыг хөдөлгөдөг болсныг харахаар Оросын алдарт зохиолч, яруу найрагч А.С.Пушкины “Алтан загасны үлгэр”-ийн эмгэн өөрийн эрхгүй бодогдоод байх юм. Эрх мэдэл, эд хөрөнгөд шунасан эмгэн, эцэс төгсгөлгүй шуналаа дарж чадалгүй даварсаар эвдэрхий муу тэвштэйгээ үлддэг дүр нь нүдэнд харагдаад болдоггүй ээ.
Гэхдээ үлгэрт, эмгэн эвдэрхий тэвштэйгээ үлддэг. Харин Монгол Улсын хууль тогтоох байгууллагын тэргүүний шунал ард түмнээ эвдэрхий тэвшний дэргэд бөхийн суух эмгэний дүрд оруулах нь. Төрийн тэргүүн нь үг хэлээд ч нэмэр алга. Уг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд хоёр тоолбол нас, төөлбөл бие чацуутнууд.
Тэд залуу, халуун насаа нэгэн үйл хэргийн төлөө зориулсан хамтрагчид байлаа. Гэвч өнөөдөр тэднийг хамтрагчид байлаа гэж өнгөрсөн цаг дээр ярихаас өөр арга алга. УИХ-ын дарга З.Энхболдын сүүлийн үед хийж байгаа үйлдэл, гаргаж байгаа авир нь Ерөнхийлөгчийн эсрэг чиглээд байгаа нь түмний нүдэнд ил болжээ.
Ердөө сүүлийн хоёр сард болсон үйл явдлыг эргэн сануулъя. АН-ын гүйцэтгэх зөвлөл хуралдаж МАН-ын зургаан сайдыг Засгийн газраас гаргах шийдвэрийг УИХ дахь намын бүлэгтээ хүргүүлсэн. Долдугаар сарын 7-ны өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-д суудалтай бүх намын даргыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хамт хүлээн авч, МАН-тай хамтран байгуулсан Засгийн газрыг цааш нь тогтвортой ажиллуулах ёстой.
Нэг нам хэвлэлийн хурал дээр, микрофоны араас ард түмний амьдралтай холбоотой шийдвэр гаргаж болохгүй. Бид1990 онд нам, төрийн дээр байгааг залруулах ёстой гэж үзэж Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж байлаа. Буруу бодлого байжээ гээд засч залруулсан алдаагаа15 жилийн дараа давтаж болохгүй гэдгийг намын дарга нарт анхааруулсан.
Түүнчлэн зургаан сайдыг хөөх гэсэн санаархал Засгийн газраа бүрэлдэхүүнээр нь огцруулах нөхцөл болох вий гэдгийг ч хэлж байв. Түүний үгэнд АН-ын дарга З.Энхболд“Хөдөлдөггүй засаг гэж байдаггүй. Зургаан сайдыг огцрууллаа гээд Засгийн газарт ямар ч нөлөө үзүүлэхгүй” гэсэн хариулт өгөөд, авч хэлэлцээгүй.
Түүгээр ч барахгүй Ерөнхий сайд кабинетын гишүүдийнхээ асуудлыг өргөн бариагүй байхад ээлжит бус чуулган зарлан МАН-ын зургаан сайдыг огцруулна гэж зүтгэсэн. Санасандаа ч хүрсэн. Огцруулсан зургаан сайдын оронд томилох хүнийг УИХ дотроос сонго гэдэг хатуу шаардлагыг ч тавих болов.
Энэ үйлдлээрээ Ерөнхийлөгчийн, УИХ-ын гишүүн Засгийн газарт давхар алба хашихыг эсэргүүцэн өргөн барьсан хуулийн төслийг чуулганы хуралдаан дээр санал асуулгын эцсийн мөчид унагаж байснаа илчлэв. З.Энхболд, Ерөнхийлөгчид“дургүй” гэдгээ батлан харууллаа.
Ерөнхийлөгч ч бууж өгөхийг хүссэнгүй“давхар дээл”-ийг тайлах хуулийн төслийг дахин өргөн барихаа илэрхийлж, УИХ-ыг баталтал хэдэн удаа ч өргөн барьж чадна гэдгээ АН, МАН-ын дарга нарыг хоёр талдаа суулгаж байгаад мэдэгдэв.
Даанч З.Энхболдын чихэнд алт хийгээд ч нэмэр алга бололтой. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр чуулганы хуралдаан дээр өөрийг нь шүүмжиллээ гэж“Чиний яриа таалагдахгүй байна” хэмээн чанга яригчийг нь шууд унтрааж ч байх шиг.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанг уймраагаар нь дуудаж, асуусан асуултын хариуг өгөхдөө“Ийм уймраа юманд хариулах хэцүү, хариулахгүй байх хэцүү” гэх мэтээр дуртай хүнээ доромжилж болдгийг үлгэрлэв. “Таалагдахгүй байна” гэх шалтгаанаар ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүний үгийг хэлүүлэхгүй, хаах нь түүнд юу ч биш.
Спикерийн суудлаас МҮОНРТ-ийг архичдын оромж, аймшгийн газар болгон харлуулж, тэнд ажиллаж байгаа олон зуун жирийн иргэнийг доромжилно. Өөдөөс нь үг хэлсэн даргыг шүүхэд өгч дарамталсаар байгаад суудлаас нь сугалж дөнгөнө. Одоо МҮОНРТ олон нийтийн гэх статусаа алдаж, З.Энхболдын телевиз гэгдэх болоод байгаа.
Зургаан сайдаа огцруулах асуудлыг УИХ-д оруулахгүй гэж байсан Ч.Сайханбилэгийг“чихдэж” байгаад хэлснээс нь эсрэгээр хийлгэж бас л дөнгөсөн. Ер нь Монголын төр З.Энхболд гэдэг хууль бусаар томилогдсон нэг намын даргаас шууд хамааралтай болчихлоо. Хууль бусаар томилогдсон хүн л хууль бус үйлдлийг хийх гэж улайрдаг юм биш үү. МАН-ын зургаан сайдыг огцруулчихвал жигтэйхэн сайхан болчихно гэсэн нь хаана байна.
Наадмаас хойш хэнийг сайд болгохоо тохиролцож чадахгүй толхилцсоор, намрын ээлжит чуулган хүртэл сайд нарыг томилох асуудлыг өргөн барих боломжгүй гэдгийг Ерөнхий сайдын хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөх Г.Мөнхтөр нүүрээ улалзуулан байж мэдээлэв.
Түүний балгаар өнгөрсөн хугацаанд зургаан яам“толгойгүй” болж, идэр есийн хүйтнээс өмнө арван хувийн урьдчилгаа төлж орон сууцтай болох гэсэн иргэдийн хүлээлт салхинд хийслээ. “Вексель”-ээр санхүүжүүлэх байсан аж ахуйн нэгжүүд нь төрдөө луйвардуулж, хөлөө тушууллаа.
Ган болсны улмаас ургацынхаа тал хувийг алдаж, гурилын үйлдвэрүүд эхнээсээ түүхий эдгүй болсон гээд улс төрийн буруу шийдвэрүүд улс орныг баллаж гүйцлээ. З.Энхболдын эрх мэдлийн төлөөх“дайн”-ы хөлд гурван сая иргэн үрэгдэх нь. “Алтан загасны үлгэр” хэрхэн төгсдөгийг бид мэднэ.
Тиймээс үүнийг эртхэн зогсоох арга хэмжээ авбал яасан юм бэ. Байдал даамжирвал, сайдын суудлаа булаацалдаж МАХН-МҮАН-ын“Шударга ёс” эвсэл задрах, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох, цаашлаад УИХ хугацаанаасаа өмнө тарах нөхцөл бүрдэхийг үгүйсгэх аргагүй. Ийм нөхцөл байдал үүсвэл ирэх бичин жилийн зуднаар мал байтугай хүн тэсч үлдэхэд хэцүү болох вий.
М.Алтанцэцэг
Зочин · 2015/08/29
1924 ОНД КОММУНИСТУУД БОДОО, ДАНЗАН, СҮХБААТАР НАРЫГ ӨӨРСДӨӨ БУУДАЖ АЛААД М.А.Х.Н ГЭГЧИЙГ БАЙГУУЛЖ ӨӨР ХҮН ТЭДНИЙГ АЛСАН МЭТ ХУДАЛ КИНО ХИЙЖ ,ХУДАЛ ЯРЬЖ АРД ИРГЭДИЙН ТАРХИ ТОЛГОЙГ ХОРДУУЛАН ИТГЭХГҮЙ ЗАРИМЫГ НЬ БУУДАЖ ӨӨРСӨДДӨӨ ХЭДЭН ҮЕЭЭР НЬ ИТГҮҮЛСЭН. 1990 ОНД АРДЧИЛАЛ ЯЛСАНААР АРД ИРГЭД АЙДАС ХҮЙДЭСЭЭСЭЭ САЛЖ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БОЛСОН. АДГИЙН ТЭНЭГ МУНАГ, МУЛГУУНУУД НЬ ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН БУЗАР АЛУУРЧИН М.А.Н , М,А,Х,Н-ТАЙГАА ҮЛДСЭН. БУЗАР АЛУУРЧИН М.А.Н-ЫН УЛААН ХАМГААЛАГЧИД ИЧДЭГГҮЙ ЮМ УУ? АРДЧИЛСАН НАМ Л МОНГОЛЫГ ӨӨД НЬ ТАТНА. БУСАД НЬ ЯМАР НЭГЭН АРГААР АЛБАН ТУШААЛТАЙ БОЛООД ЗӨВХӨН ӨРӨӨ БАЯЖИХЫГ БОДОЖ БАЙГАА. УЯНГА, ГАНБААТАР, БОЛОРЧУЛУУН НАР ХУДЛАА ШҮҮ. 88583399 Ш.Ү ХӨДӨЛГӨӨН
Нарантуяа · 2015/08/27
З.ЭНХБОЛД монголоор тоглож байнадаа энэ хүнд монгол улс монголын ард түмэн ямар гэм хийсэн болоод ганцаараа яаж ингэж дураараа дургиж байнаа
irgen · 2015/08/27
huseed bgaa bukh yumiig ni ugchihuuch de.
Шударга · 2015/08/27
З Энхболдын түмэн зөв Элбэгдоржийн түмэн буруу Засгаа унагаж тоглоод самардаг нь Элбэгээгийн гэм биш зан,гэнэт биш явдал
иргэн · 2015/08/27
захиалгат нийтлэл байна