Хэд хоногийн өмнө АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, дэд сайд нарын асуудлыг хэлэлцсэн. Ерөнхий сайд нь намын даргын ажлыг давхар хашдаггүйн зовлон тэр бололтой, АН-ын даргын оруулж ирсэн нэрсийн жагсаалтаар санал хураалгажээ. Гэтэл “Шонхор” фракцийн Д.Цэрэнчунт, Н.Мөнхдаш, Ч.Батцогт нар дэд сайдад нэр дэвшихээр болж хамгийн олон санал авсан байна.

 

“Шонхор” бол УИХ-ын дарга З.Энхболдын намын дарга болохоосоо өмнө удирдаж байсан фракци. Мөн АН-ыг цөөнх байх үед байгуулагдсан фракци гэж тодорхойлж болно. Бүрэлдэхүүнд нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Г.Баярсайхан, С.Одонтуяа, Д.Батцогт нар багтдаг. Экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийг албан тушаалаасаа бууснаас хойш “Алтан гадас” нам дотроо чиг заахаа больсон. Гэхдээ л Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааныг зарласан нөхцөлд нам дотроо нэлээд хөдөлгөөн оруулж чадах хүч бол бий аж. Учир нь ҮЗХ-ны 228 гишүүний дийлэнх олонхи “Алтан гадас” фракциас бүрддэг байна.

 

Дэд сайдад нэр дэвшигчид тодорсны дараа АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөн мэдэгдэл гаргасан. Мэдэгдэлд “АН-ын Гүйцэтгэх зөвлөл нэр бүхий хүмүүсийг дэд сайдаар томилуулах шийдвэр гаргасан нь намыг хүний нөөцийн чадамжгүй мэт харагдуулж, зөвхөн фракцийн эрх ашгийн тохироо, шантаажаар томилгоо хийдэг нам гэдэг ойлголтыг олон нийтэд төрүүлэх боллоо. Нөгөөтэйгүүр намын даргын зүгээс дэд сайдад санал болгосон хүмүүс нь орон нутаг болон УИХ-ын сонгуульд намаа удаа дараа ялагдуулсан, хагалж хуваасан, улс төрийн чухал хариуцлагатай албан тушаалд томилогдох бус харин ч хариуцлага хүлээлгэвэл зохих хүмүүс ” гэжээ.

 

АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд хэдэн сарын өмнө  “Өнөөдрийн болж байгаа үйл явдал АН-ыг фракцигүй байхаас өөр аргагүй нөхцөлд хүргэсэн. Манай нам олон фракциасаа салж, Ардчилсан нам гэдэг нэг фракциар үйл ажиллагаа явуулах цаг болсон. Ардчилсан нам төвдөө фракц гэж хуваагдаад сүүлдээ орон нутагт халдварлаж байна. Тийм учраас би АН-д ийм хуваагдал байх ёсгүй гэж үзэн фракциудынхаа дарга нарт энэ тухай хэлсэн” гэж ярьсан. Гэтэл фракци гэж хуваагдсан хэвээрээ л байна.

 

Ерөнхий сайд намын бүлгээс санал болгосон сайд нараа голж, АН-ын Шинэчлэлийн хорооныхон Гүйцэтгэх зөвлөлөөс дэвшүүлсэн дэд сайд нарыг голлоо.

 

Засгийн газрын өнгөрсөн даваа гаригийн хуралдаанаас дэд сайд нарыг томилж магадгүй гэх “шуум” дэгдсэн ч энэ асуудал орж ирээгүй. Магадгүй энэ нь “Алтан гадас” талаас Ерөнхий сайдад өгсөн даалгавар ч юм билүү, хэн мэдлээ.  Ер нь тэгээд АН фракци гэдэг хуваагдлаасаа салаагүй цагт зовлон нь нэмэгдэнэ үү гэхээс хорогдох ч үгүй юм байна.

 

Г.Мягмарсүх

http://www.new.mn