Наадмын гийнгоо ойрхон ч, хүүхдүүдийн асуудал хол л байна
2013/06/27
“Монгол наадам монголчуудын ёс заншил, түүх шаштир, баяр цэнгэлийн оройн дээд охь, чимэг нь юм” гэж нэгэнтээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн нь бий.
Түүхэн соёл уламжлал талаасаа авч үзвэл яах аргагүй тийм л дээ. Харин бид уламжлалаа хэрхэн хадгалж, ёс журмаар нь авч үлдэж чадсан эсэх нь л эргэлзээтэй.
Монгол нэрийг тодотгож өгдөг, эрийн гурван наадмаар бахархдаггүй, огшдоггүй монгол хүн үгүй. Би үүнтэй маргах гэсэн юм биш. Харин өвөг дээдсийнхээ эрт дээр үеэс уламжлан тэмдэглэж ирсэн төрийн энэ их хүндэтгэлт цэнгэлийг дэг ёсных нь дагуу хийж чадаж байна уу гэдгээ эргэн нэг хараач л гэх гэсэн юм. Үүний тулд удаа дараа үглэн хөндөж буй сэдэв маань нөгөө л хурдан морины унаач хүүхдүүдийн тухай юм.
Монголчууд бид улсынхаа Ерөнхийлөгчийг сонгох зургаа дахь удаагийн сонголтоо амжилттай хийлээ. Одоо улиран сонгогдсон Ерөнхийлөгчийн дээр хэлсэнчлэн оройн дээд охь чимэг болсон монгол наадам хаяанд ирсэн энэ цагт унаач хүүхдийн асуудлыг нухацтай нэг тийш шийдмээр байна. Бодит байдал болоод цаг үе шаардаж байна. Нийгмийн зүгээс ч ийм хүсэмжлэл их байгаа.
Хаврын анхны уралдаан болох “Дүнжингарав-2013”-аас эхлээд хурдан морины унаач хүүхдийн асуудлын талаарх шүүмжлэл тасраагүй. Ард түмнийгээ төр засагтай холбох гүүр болсон дөрөв дэх засаглалынхан энд идэвхтэй оролцож байгаа. Эсрэгээрээ төр засгийн шийдвэр алгуурласаар наадамтай золгох гэж байна.
Улс төржих дэндүү дуртай бидний монголчууд Ерөнхийлөгчийн сонгууль гэж хөдөө гадаагүй дарцаглаж давхисаар байгаад сая нэг ялалт, ялагдалдаа хүрч амсхийн амьсгаа аваад гэнэт ухаан орсон мэт наадмын тухай бодож эхлэв бололтой.
Өнгөрөгч мягмар гаригт Хүүхдийн төлөө үндэсний газар даатгалын компаниудтай хамтран унаач хүүхдүүдийг даатгалд хэрхэн хамруулах талаар хэлэлцүүлэг зохион байгуулсан нь тавдугаар сарын 17-ноос хойш хийсэн тэдний төлөөх анхны санаа зовинол гэж үзэж болно. Гэвч еэвэнгийн нөгөө талыг эргүүлэх юм бол жил бүрийн наадмаар хийдэг л ажил нь шүү дээ. Гайхуулах зүйлгүй.
Энэ удаад унаач хүүхдүүдийг цахимаар бүртгэх болсон гэнэ. Улсын баяр наадмаар хурдан морь унах хүүхдүүдийг долдугаар сарын 1-10-ны хооронд цахим хэлбэрээр бүртгэх юм байх. Бүртгэлд хамрагдаагүй нь эмээлээ үүрээд баяртай. Өөрөөр хэлбэл, даатгалд хамрагдаагүй хүүхдийг хичнээн шилдэг байсан ч морь унуулахгүй. Хүүхдийн эрхийн талаасаа энэ тун зөв. Харин хэрэгжилт ямар байх бол. Манайхан хэнэггүй нь дэндсэн улс шүү дээ, мэдэхгүйгээсээ мартана, мэдэж нэг мартана. Тэгээд хэл ам татална. Бас дээр нь цахим хэлбэрийг байтугайг ойлгож, гэгээрч амжаагүй хүмүүс ч бас бий гэдгийг бодолцох хэрэгтэй болов уу.
Наадмын гийнгоо ойртсон үеэр чихэнд чимээлсэн нэг таатай мэдээ бол “Үндэсний их баяр наадмын тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өчигдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн явдал юм.
Манай сонины хөндөх сэдэв болоод байгаа унаач хүүхдүүдийн талаар хэрхэн тусгасныг харлаа. Хуулийн төсөлд хурдан морины уралдааныг арваннэгдүгээр сарын 1-нээс дараа жилийн тавдугаар сарын 1 хүртэл зохион байгуулахгүй байх, уяачид бүсийн уралдаанаас цол, чимэг олгодог байсан тогтолцоог өөрчилж зөвхөн Үндэсний их баяр наадам, шигшмэл хурдан морьдын уралдаанаас цол, чимэг олгох өөрчлөлтүүдийг тусгажээ.
Мөн наадамд уралддаг зургаан насны морьдыг хэдэн настай хүүхэд унаж уралдуулах талаар ч тодорхой санал дэвшүүлсэн байна. Ингэхдээ бага гурван нас буюу даага, шүдлэн, хязаалан насны хурдан морийг 7-оос дээш насны, дээд гурван нас буюу соёолон, их нас, азаргыг 9-өөс дээш насны хүүхэд унах тухай дурджээ. Хамгийн гол анхаарал татсан асуудал болсон хүүхдийн аюулгүй байдлыг эцэг эх, асран хамгаалагч, тухайн хурдан морины эзэн, уяач хамтран хариуцаж, гэнэтийн ослын даатгалд даатгуулах, тусгай зориулалтын хувцас хэрэглэлтэй байх хариуцлагын тогтолцооны тухай хуулийн төсөлд тусгасан байна.
Тэр бүү хэл, өсвөр насны бөх, унаач хүүхэд, харваачдад спортын зэрэг цол олгох асуудлыг ч хөндсөн байна. “Ингээд байвал юу гэж байнга загнаад байхав дээ” гэдэг явган шог байдагчлан ирээдүй болсон хүүхдүүдийнхээ төлөө сэтгэл гаргасан ийм алхам хийхийг л сонгогч түмэн гишүүдээсээ, ард олон төрөөсөө хүсээд байгаа хэрэг.
Загатнасан газар маажих таатай байдаг шиг хэрэгцээтэй үед нь хэрэгтэй шийдвэрийг хурдан гаргах нь хамгийн чухал. Яаравчлан хуульчилж, асуудлыг нэг тийш болгохгүй бол наадам биднийг хүлээхгүй. Монгол наадам монгол хэмнэлээрээ болж, хүүхдийн инээдээр цалгиж, гийнгоогоор бялхах болтугай.
Н.Саранчимэг