УИХ-ын гишүүн Ц.Нямдорж уржигдар телевизээр ярьж байна. “...Миний “Аав ээж хоёрыгоо нэг сайхан дуулчихаад Энхбаярын шүүхээр буудуулна даа” гэсэн муухай зэвүүн гарчигтай ярилцлага байдаг даа. Тэрэн дээр би “Э”-нүүдийн хөлд 1996 оноос хойш намууд нь ч, улс төр нь ч чирэгдсэн гэж ярьсан. Хоёр “Э” гэдэг чинь Элбэгдорж, Энхбаяр хоёрыг хэлж байгаа юм шд” гэв.
 
Бас УИХ-ын даргын албыг өгснөө “...УИХ-ын дарга хууль засах эрхтэй. Хуульд тэгээд заачихсан юм. Гэхдээ УИХ-ын нэр хүндэд харшилсан аянга буух гээд байсан учир тэр бүхнийг өөр дээрээ авч өргөдлөө өгсөн юм” гэж байна.
 
Түүнчлэн “...Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг МАН-ын 25 гишүүн хүлээж авах учиртай. Хэрэв эсрэг кноп дарвал тэр гишүүний эсрэг тойрог дээр нь ажиллана. Айлгаж байгаа юм биш” гэж ярина лээ.
 
Энэ мэтийн жишээгээр өнгөрсөн хэдэн жилд өөрөөс нь өөр гялайж гялтайх эх оронч Монголд байгаагүйг дэлгэрэнгүй ярив.
 
Тэр тэмцээд л явж. Өнгөрсөн 25 жилийн турш олон ч намтай, бүх улстөрчтэй тэмцэлджээ. Одоо ч тэмцэж байгаа гэнэ.
 
Гэхдээ аливаа юманд үнэний хэмжүүр байх учиртай. Хамгийн түрүүнд Ц.Нямдорж өнгөрсөн 25 жилд хаана байсан бэ гэдгийг асууя. Энэ хүн анх 1992 онд УИХ-ын гишүүн болж байжээ. Завсаргүй зургаан удаагийн бүрэн эрхийн хугацаанд УИХ-д сууж байна. Хамгийн сүүлд зургаа дахь удаагаа намын жагсаалтаар Их хуралд оржээ.Мөн энэ хооронд УИХ-ын даргаар нэг удаа /2005-2007/, Хууль зүйн сайдаар хоёр удаа /2000-2005, 2008-2012/ томилогдон, сонгогдон ажиллаж байв.
 
1981 онд ЗХУ-ын Ленинградын Их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Түүнээс хойш УЕПГ-т прокурор, хэлтэс, тасгийн дарга, Цэргийн ерөнхий прокурорын I орлогч, Хууль зүйн тэргүүн дэд сайдаар ажиллаж байгаад 1992 онд УИХ-д орж ирсэн байдаг. Эндээс үзвэл 1992 оноос хойшхи Мон­голын улс төрийн амьд­ралд тэр хамт байжээ. Бас тэрээр тас­ралтгүй парламентад суу­сан гарын арван хуруунд багтах төдий хэдэн хүний нэг байна. 
 
Тэр тусмаа энэ хоо­ронд гарсан Монгол Улсын хууль тогтоомжуудын автор нь байхаар хэмжээний ажил алба хашиж явсан байх юм. Тэгж ч байж.
 
Ингэж хэлж байгаагийн хамгийн том жишээ нь 2002 оны Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль. Нямдоржийн хар хууль ч гэдэг. Сүүлийн үед “Шоронжсон хууль” гэдэг нэртэй болоод байгаа.
 
1950-иад оны үед Жамбалдоржийн хар хууль гэгч нийгэмд айдас төрүүлсэн харгис хууль байж. Тэр хуулийг Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд болуутаа амилуулсан нь өнөөдөр ийм нэр хаягтай болсон гэдэг.
 
Энэ хуулийн талаар Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр 2013 оны арваннэгдүгээр сарын 10-нд Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа “...Эрүүгийн хуулийг шинэчлэн найруулснаас хойш 8000 орчим хоригдлыг Өршөөлийн хуулиар сулласан байдаг. Гэтэл нэг хоёр жил өнгөрөхөд дахиад л шорон дүүрч байх жишээтэй. Энэ нь Гэмт хэргийн тухай хууль, ялын тогтолцоо нь үнэхээр буруу байж гэдгийг харуулахын сацуу шоронжсон хууль гэдгийг давхар баталж байна.” гэсэн. Мөн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин 2014 оны дөрөвдүгээр сарын 30-нд “Өглөөний сонин”-д “...Эрүүгийн хуульд олон нийт угаасаа л маш их шүүмжлэлтэй ханддаг. Одоо мөрдөгдөж байгаа дээрх хоёр хууль жижиг алдаан дээр нь дөрөөлж залуучуудыг шорон руу явуулах нөхцөл болж байсан. Харин бидний тооцоолсноор шинэ хуулиар хуучны шоронжсон байдал 40 хувиар багасах ёстой” гэж ярьсан байдаг.
 
Түүнчлэн саяхан гаргасан Өршөөлийн хууль нийгмийг талцуулж, улс төрийг буцалгаж байна. Хэдэн мянган хүн хүлээгээд байдаг. Өнөөх хууль нь хэрэгжиж өгдөггүй. Үнэн хэрэгтээ 2002 оны хуулийн алдааг дарах гэж л энэ Өршөөлийн хууль гарч байгааг хуульчид хэлээд байна. Тэр ч бүү хэл ШЕЗ-ийн гишүүн, гавьяат хуульч Б.Сарантуяа 2015 оны тавдугаар 27-нд “...2012 онд манай улс 3000 хоригдолтой байсан. Одоо 8000 орчим болоод байна. Хорих ял эдэлж байгаа хүмүүсийн тоо өссөнд шүүгч биш хууль буруутай. 1996 оноос 2002 он хүртэл хэрэгжиж байсан хуулиар нийт шүүхээр шийдэгдэж байгаа хэрэгт холбогдогчдын 30 гаруй хувь нь биеэр ял эдэлдэг байсан. Харин хуульчдын “Хар хууль” гэж нэрлэдэг 2002 оны хуулиар нийт хэрэгтнүүдийн 77 хувь биеэр ял эдлэх болсон. Хорих ангиудын ачаалал хэтрээд ирсэн учраас нуулгүй хэлэхэд шоронгоо дундлах гэж 2006 онд Өршөөлийн хуулийг гаргасан. Мөн 2008 онд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж ялын хэмжээг найман жилийг тав, таван жилийн 3.5 болгож багасгасан” гэж хэлсэн.
 
Өршөөлийн хууль, шинээр Гэмт хэргийн тухай хууль санаачлан хэрэгжүүлэхэд улсаас өч төчнөөн зардал гарч таарна. Гэвч ардчилсан улсын жишгийг дагаж тэрхүү “Хар хууль”-ийн алдааг цайруулахаас аргагүй билээ.
 
Гэхдээ Ц.Нямдорж үүнийг хүсэхгүй байна. Өршөөлийн хуульд тавь­сан хоригийг дэмжээгүй намынхаа гишүүдийн сонгогдох эрхэнд нь хал­дана гэж мэдэгдэв. Занал­хийллээ гэсэн ч болно. “Айлгаж байгаа юм биш” гэсэн Ц.Нямдоржийн үг зүгээр ч нэг амнаас нь уначих­сан дайвар биш. Энэ хүн Монголын хуулийн салбарыг хоёр ч удаа удаан хугацаагаар удирдаж, нэг ёсондоо тэр зүгийн мэдээллээр бүрэн хангагдсан эрхэм. Тэгэхээр намынхаа хэдэн гишүүнийг айлгачих хэмжээний “зэвсэг” сейфэнд нь байж л байгаа юм биш биз дээ.
 
Мөн Ц.Нямдоржийн Их хурал дээр буух аянгыг өөр дээрээ татаж УИХ-ын даргын албаа өөрийн хүсэлтээр өгсөн гэдэг нь үнэнд үл нийцэхийг түүх хийгээд баримт хэлж байна. 2007 оны тав­дугаар сарын 23-нд Үнд­сэн хуулийн цэц Ц.Нямдоржийн асуудлыг хэ­лэлц­жээ. Үдшийн 22:00 цаг хүртэл хуралдаж шийд­­сэн уг хурлаас гарсан дүг­нэл­тэд “...хуулиудын эцсийн найруулгыг УИХ-д танилцуулсны дараа агуулга, бодлого, зарчмын бо­лон найруулга, үг хэл­лэг, дэс дараалал, бүт­цийн чанартай олон зас­вар хийснээрээ УИХ-ын дарга Ц.Нямдорж нь Үндсэн хуулийн Нэг­дү­гээр зүйлийн 2 дахь, Хорин тавдугаар зүй­лийн 1.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна. Ц.Нямдоржийн УИХ-ын бүрэн эрхэд удаа дараа хал­даж Үндсэн хуулийг зөрч­сөн үйлдэл нь УИХ-ын даргаас огцруулах үн­дэс­лэл болно” гэсэн байна.
 
Энэ нь Ц.Нямдоржийн ил болсон нэг л үйлдэл байж болох талтай. Ц.Нямдоржийг сайд байхад, Ц.Нямдоржийг УИХ-ын дарга байхад Монгол Улс хэчнээн хууль­тай болсон бол. Үнэндээ тэр болгон Ц.Ням­доржийн хараа хяналт дор гарч байсныг хэлж ярих хүн олон байдаг. Баримт жишээ ч олон дурдагддаг.
 
Энэ мэтчилэн олон нийтийн хэвлэл мэдээл­лийн хэрэгслээр огт хувирал­гүй ярьсан бүр нь төрийн няцаалттай бай­гаад байдаг. Их хачин юм. Хэлсэн ярьсных нь зах зухаас бодит байдалтай “нүүрэлдүүлэхэд” ийм байна. Ингээд харах нээ, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “...Би хэн бэ” гэсэн асуултыг бидэнд тавиад байх шиг.
 
Б.ДАМДИН-ОЧИР