Манай улсад анх удаагаа болж буй туялзуур сэлэмний залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эрэгтүйчүүдийн илд сэлэм буюу "sabre", эмэгтэйчүүдийн хөнгөн сэлэм буюу "foil" тэмцээний аваргууд тодорлоо.

Эрэгтэйчүүдийн илд сэлэмний төрөлд 32 сэлэмчин өрсөлдсөнөөс Вьетнам улсын тамирчин Ан Ву Тан алтан медалийн эзэн болж, Азийн аварга болсон бол БНСУ-ын Жонхюн Ли, Хонгконгийн Тин Лов Хо нар мөнгө, хүрэл медаль хүртсэн юм.

Эмэгтэйчүүдийн хөнгөн сэлэмний төрөлд мөн 32 тамирчин өрсөлдсөнөөс Ливан улсын Мона Шайто тивийн аварга болсон бол БНСУ-ын Хюе Жи Ким мөнгө, Тайваны Тин Лов Хо, БНСУ-ын Сежо Ли нар хүрэл медалийн эзэн боллоо.

Тэмцээний өдрүүдэд УДЭТ-аас “Буянт-Ухаа” спорт цогцолбор чиглэлд шугамын автобус цаг тутам үнэ төлбөргүй явж байна.