Чихний чимэг болсон аялгуут сайхан монгол хэл минь

Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ...               

         

    Тусгаар тогтносон бүрэн эрхт улс өөрийн гэсэнр эх хэл соёлтой байдаг нь бичигдээгүй хууль. Түүхээс сөхөж цухас дурьдвал, XVI дугаар зууны үед дэлхий дээр 14000 орчим хэл байсаныг түүхийн сурвалж бичгүүд бэлхнээ харуулдаг. Харамсалтай нь сүүлийн 400 жилд 7100 хэл мөхөж алга болсон судалгаа байдаг.

             Энэ байдлыг даяаршилтай холбож тайлбарлах хүмүүс цөөнгүй байгаа юм.  Гэхдээ дэлхий нийтээрээ даяаршиж буй өнөө үед бид юу нь даяаршиж, юу нь даяаршихгүй үлдэх ёстой вэ гэдгийг ялгаж салгаж ойлгох нь чухал болоод байна. Мэдээж дэлхий дахинаа хэрэглэгдэж буй шинэ техник, технологийг бид амьдрал ахуйдаа хэрэглэж, эх орныхоо хөрсөнд буулгаж авах хэрэгтэй. Харин даяаршуулалгүй авч үлдэх ёстой цөөн чухал зүйлийн нэг нь яах аргагүй монгол хэл, эх хэлний соёл юм.  Их Британи, АНУ, Австрали улсууд адилхан англи хэлээр ярьдагч аялгуугаараа л ялгарч Америкийн англи хэл, Британийн англи хэл хэмээн үздэг. Энэ нь нэг ёсондоо манай нутгийн аялгуутай ижил зүйл хэмээн эрдэмтэд хэлдэг. Тэгвэл дээрх улсууд өөр өөр тусгаар улс хэдий ч нэг хэлээр ярьж зөвхөн аялгаар нь ялгарч байдаг гэсэн үг.    

             Судлаачдын хэлж буйгаар, хэл мөхдөг хоёр шалтгаан бий гэнэ. Нэгд, тухайн хэлээр хэлэлцэгч ард түмэн нь үгүй болбол мөхдөг, хоёрт, ард түмэн нь байсаар байтал өөр хэл түрэмгийлж орж ирэх юм бол мөхдөг эмзэг зүйл гэнэ. Үүнээс харахад бид улс үндэстнээ хамгаалж, монголоороо үлдье гэвэл эхлээд хэлээ хамгаалах шаардлагатай гэсэн үг. Өнөө цагт дэлхийн хөгжлийг дагаад харь орнуудын хэл эрчимтэй нэвтэрч эхлээд байна.

               Эх хэлээ чихний чимэг болсон аялгуут сайхан монгол хэл хэмээн өргөмжлөх хэдий ч үнэндээ эх хэлээрээ зөв ярьдаг хүн тун ховор болж. Ялангуяа залуус нэг өгүүлбэр хэлэх гэж л нэлээд хэдэн харь үг шигтгэх болов. Мэндлэх хүндлэх хэмээх уламжлалт ёсондоо ч хайнгадуухан хандаж харь хэлээр “Hi” гээд л болоо. Сайн байна уу? гэж хэлсэнээс илүү товчхон  санагддагаас ч тэрүү дийлэнх нь ийн хэлээд л өнгөрнө. Энэ байдалд хэл судлаач эрдэмтэд, ахмад үеийнхэн шүүмжлэлтэй ханддаг. Юуны өмнө монгол хэлнээ орж ирж буй харь үгсийг эх хэлнээ, монгол хөрснөө буулгах шаардлагатай хэмээн үзэж байна.

             Мөн бичгийн хэл, ярианы хэл хоёрыг хольж хутгахгүй байхыг сануулсаар байгаа юм. Ийнхүү ярианы болоод бичгийн хэлийг хольж хутгаснаас үгийн үндсэн утга алдагдах, зөв бичих дүрэм зөрчигдөж байдаг хэмээн мэргэжлийн хүмүүс онцолж байна. Тиймээс бид аль болох эх хэлээрээ ярьж, харь үгийг хэрэглэхгүй байх шаардлагатай юм. Монгол эх хэлийг Монголчууд бид л ашиглахгүй бол өөр хэн хэрэглэх билээ. Өнөөгийн даяаршиж буй цагт гадаад хэлийг суралцах нь зүйн хэрэг ч гэлээ эх орондоо эх хэлээрээ л ярьцгааж байх нь чухал шүү дээ.

               Тэгээд ч хэл бол тухайн улсын соёлын өв, түүнээс биш нэгнээс онцгойрч харагдах хэрэгсэл огт биш.  Бид хамгийн гол нь  бидний өвөг дээдэс цуст тэмцэл, амь өрссөн тулаан дундааас тусгаар тогтнол, соёл уламжлалаа бүтэн авч үлдсэн гэдгийг  мартах учиргүй. Бид энэ эх хэлээ, соёлоо энэ хэвээр нь дараагийн үедээ өвлүүлэн үлдээх чухал үүрэг хариуцлага хүлээсэн шүү дээ.

Б.Хорлоо