"Монгол улсад бүртгэлтэй 265 мянган соёлын өв алдагдах, буруу гараар орох нь"
2015/09/11
Соёл, спорт аялал жуулчлалын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн асан Ц.Болдмаатай ярилцлаа.
О.Цэвэгмэдийн “Азарганы ноцолдоон”, Б.Шаравын 1921 оны “Лениний хөрөг” зэрэг үнэ цэнэтэй бүтээлүүд алга болсон талаар та жиргэсэн байсан. Энэ ямар учиртай юм бэ. Үнэхээр эдгээр бүтээлүүд алга болчихсон юм уу?
Асуудлыг нийгмийн анхаарлын төвд аваачих гэж би зориуд тэгж жиргэсэн юм. Урьд нь миний зүгээс алга болсон, солигдсон асар олон түүх соёлын дурсгалт зүйлс, уран зургийн бүтээлүүдийн талаар жиргэж байсан. Энэ тухай хариуцсан сайд, дарга гэх мэтийн эрх бүхий албан тушаалтнуудад ч нь танилцуулж байсан.
Төрийн өмчийн музейн үзмэрийн зарим асуудлаар АТГ-т тухай бүрд хүмүүс хандсан ч ач холбогдол болгож авч үзээгүй байдаг. Үүнд миний зүгээс эртний эдлэл, уран зураг хадгалдаг, цуглуулдаг бизнес эрхэлдэг хүмүүсийн нөлөө орсон болов уу гэж харддаг. Энэ талаар цувралаар сурвалжилга хийж байсан сэтгүүлч хүртэл хэсэг хугацааны дараа чимээгүй болсон. Айлгаж сүрдүүлсэн асуудал байхыг үгүйсгэхгүй. Хүмүүс ч яасан айдаггүй юм, алчихвал яана гэх юм билээ.
Дээхэн үед улсын өмчийг дансны аргаар идэж, үрэгдүүлж байна гэж ярьдаг байсан даа. Одоо харин түүн шиг төрийн өмчлөлд байгаа түүх соёлын өв хөрөнгө, музейн үзмэрүүдийн нэр төрөл, хэмжих нэгж, тоо ширхэг, үнийг нь солих замаар бүртгэлийг өөрчилж байгаа нь бүтээлийн эх хувийг солих, ашиглан шамшигдуулах боломжийг бүрдүүлж байна.
Бүртгэл мэдээллийн сан буюу музейн сан хөмрөгт байгаа үзмэрүүд нь үндсэн хөрөнгийн бүртгэлд тухайн байгууллагынхаа балансад бүртгэлтэй байдаг. Энэ дансан дахь хөрөнгийг санхүүгийн анхан шатны баримт, хуульд заасан эрх бүхий этгээдийн шийдвэрээр л хөдөлгөх, өөрчлөх хуультай. Гэтэл хэдэн мэргэжилтэн, мэргэжлийн хяналтын байцаагчийн актаар л дураараа өөрчилж байна чадаж байна шүү дээ.
Салбарын яам, хариуцсан сайд нь мэдээгүй, орон нутгийн өмчийн тухайд захиран зарцуулах эрх үүрэг бүхий ИТХ, Засаг дарга нь мэдээгүй байхад соёлын дурсгалт эд хөрөнгийг мэргэжлийн хяналтын байгууллагын нэг байцаагчийн акт, дүгнэлтээр л бүртгэлээс хасаж шилжүүлээд байгаад асуудал оршиж байгаа юм.
Яагаад “Азарганы ноцолдоон” гэдэг зургийн талаар асуудал болгож тавьсан юм гэхээр Монголын ард түмний хамгийн сайн мэддэг хайртай үзмэр учраас тэр. Гэхдээ алга болчихсон гэдэг маань тухайн бүтээл огт алга болсныг хэлээгүй. Бүртгэл нь алга болсныг хэлж байгаа юм. Хууль гаргаад алга болгочихсон гэж үзэж болно.
Яг ямар хууль гаргаад алга болгосон гэж?
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга гээд хуулийн төсөл их хурлаар батлагдсан. Хуучин хуульд музейн үзмэрийг үнэт, хосгүй үнэт, ердийн үзмэр гэж гурав ангилдаг байсан. Эдгээр үзмэрүүд бүгд балансын, түүх соёлын дурсгалт зүйлийн дансанд бүртгэлтэй байх ёстой. Төрийн өмчийн музейн үзмэрүүд бүртгэлтэй ч байсан.
Гэтэл шинэ хуулиар үнэт, хосгүй үнэт гэдэг ангилал гаргаад “ердийн үзмэр” гэдэг ангиллыг нь аваад хаячихаж байгаа юм. Энэ ердийн үзмэр гэдэгт багтаж байгаа бүтээлүүд дотор хараахан зэрэглэл, үнэлгээ тогтоогдоогүй үнэ цэнэ бүхий соёлын өв байгаагаас гадна цаг хугацаа улирах тусам үнэ цэнэ орж, ирээдүйд үнэт, хосгүй үнэт болох учиртай үзмэрүүд их бий. Монгол Улсад 265 мянган үзмэр байдаг гэсэн статистикийн мэдээ байдаг. Энэ тоонд үндэслэн төсөв баталдаг. Гэтэл энэ үзмэрүүдийн таваас зургаан хувь нь л үнэт болон хосгүй үнэт үзмэртээ орж байгаа юм. Үлдсэн 94 хувь нь шинэ хуулийн зохицуулалтаар хараа хяналт, эзэнгүй болчихож байна.
Хуулиар ердийн үзмэрийн ангиллыг байхгүй болгочихоор “Азарганы ноцолдоон” гэх мэт бүтээлүүд түүх соёлын дурсгалт зүйл биш болж хувирч байгаа юм. Энэ нь уг хөрөнгийг заавал балансад тусгах шаардлагагүй болгож байна. “Азарганы ноцолдоон”, “Ленины хөрөг” гээд нэр заагаад дурдчихаар хүмүүс халаглаад анхаарал хандуулж байна л даа. Би хэд хэдэн тоо баримт үзмэрийн нэр дурдахад үүнийг л асуугаад байгаа. Гэтэл одоогоор бусдад анзаарагдаагүй хэдэн мянган үзмэрийн хувь заяа нөгөө л мэргэжлийн хяналтын байцаагчийн актаар үзмэр биш, хөрөнгө биш болон хувирч тооллогын үр дүн гээд нягтлан бодогчид дансаа цэвэрлээд тавьчихаж байна. Урьд нь хуулийн зохицуулалт байсаар байхад зөрчөөд байсан шүү дээ.
Товчхондоо бол, бүртгэлээр нь л бүх үзмэрийг алга болгож байна гэж ойлгож болно. Баримт дурдъя л даа. Аймгуудын музейн тооллогоор санхүүгийн баримтаар буюу үндсэн хөрөнгийн бүртгэлээр хоёр ширхэг байх ёстой хөөрөг нэг болчихсон, алтан шармал бурхан алтлаг өнгийн бурхан болох, хийдийн шүтээн байсан 54 см модон сийлбэр бурхан 5,4 см гуулин бурхан болох, тосон будгийн зураг усан будаг болох гэх мэт зөрүү ихээхэн гарсан. Тоо ширхгийн тухайд бол бүүр аймаар. 10 ширхэгтэй нэг бүр нь 120 төгрөгийн үзмэр 1 ширхэг, 1200 төгрөгийн үнэтэй болох гэхчлэн үзэгдлүүд зөндөө гарсан. Баримтаар хэдэн зуугаараа яригдана шүү.
Музейн сан хөмрөгийн бүртгэл нь хөрөнгийн бүртгэл буюу санхүүгийн баримтаасаа зөрөөд байгаа юм. Үүнийхээ учрыг олж хужрыг тунгаахын оронд санхүүгийн баримт тооллогын дүн мэдээгээ засаж тооллогоо дуусгасан болж, илт худал тоо баримт Засгийн газарт хүргүүлсэн.
Цаашлаад тооллогын үр дүн байцаагчийн актын биелэлт шаардаад үндсэн хөрөнгийн бүртгэлийг өөрчлөх замаар бүтээлүүдийг алга болгох хандлага түгээмэл ажиглагддаг. Өмнө нь энэ мэтээр бүтээлүүдийг будлиантуулдаг байсан бол өнөөдөр бүхэл бүтэн хууль батлаад ердийн зэрэглэлтэй бүх бүтээлүүдийг хяналтаас гаргачихлаа. Ингэснээрээ тухайн бүтээлүүдийг бүртгэхгүй байх боломж гарч ирж байгаа юм. Нэг үгээр хэлбэл, хөрөнгө биш болж хувирч байна гэсэн үг л дээ. Тэр хэрээр ашиглан шамшигдуулсан алдсан үрсэн бол хариуцлага хүлээхгүй л гэсэн үг.
Энэ заалтыг хэн гэдэг албан тушаалтан хуульд тусгаж өгсөн байдаг юм бол. Энэ талаар танд мэдээлэл байдаг уу?
Хуучин ССАЖЯ гэж байхад энэ хууль батлагдсан. Миний зүгээс ердийн үзмэрээс хасаж байгаа энэ бүтээлүүд чинь ирээдүйн үнэт, хосгүй үнэт хөрөнгө юм шүү. Соёлын өвийг өмч хөрөнгө гэдэг талаас нь хараач ээ гэж их хэлсэн. Мөн бүртгэл мэдээллийн сан, үндсэн хөрөнгө гэдэг чинь нэг юмны 2 тал буюу музейн сан хөмрөгийн мэдээллийн бааз, хөрөнгийн бүртгэл 2 юм шүү гэж их тайлбарласан ч сайд байсан Ц.Оюунгэрэл ойлгоогүй. Соёлын өвийн хэлтсийн өвийн дарга Цэндсүрэн гэж хүн байсан. Тэр хүн ч ойлгоогүй.
1921 онд л гэхэд Ардын хувьсгалаар төр засаг дандаа шашны эд өлгийн зүйлийг төрийн өмчид бүртгэн авсан байдаг. Үүнээс хойш 100 жил төсөв захиран зарцуулж, хэчнээн мянган хүнийг цалинжуулан ажлын байраар хангаж хадгалуулсан тэр үзмэрүүд өнөөдөр ганцхан хуулиар төрийн хараа хяналтаас гарахад хүрч байна.
Ердийн гэдэг үзмэр хуулиар ингэж байхгүй болно гэдэг маань Монгол улсад бүртгэлтэй 265 мянган соёлын өв цаашид алдагдах, хэн нэгний буруу гараар орох боломж бололцоо нь улам бүр нээлттэй болж байна л гэсэн үг. Энд ямар нэгэн бүтээлийг хэн нэгэн хуулбарлаад эх хувийг аваад явах ч юм уу мэргэжлийн хяналтын нэг байцаагч тухайн бүтээлд акт тавихад тэр нь хууль зөрчсөн үйлдэл биш болчихож байгаа юм.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Таны хэрэгцээнд зориулан зээл ту · 2017/07/04